Индира Приядаршини Ганди: Дэлхий бол шилэгдмэл хүмүүст зориулагдсан газар
Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болон Энэтхэгийн Үндэсний Конгрессийн тэргүүн Жавахарал Неругийн цорын ганц охин, улс төрийн зүтгэлтэн Индира Приядаршини Ганди 1917 оны 11 сарын 19-нд Уттар-Прадеш муж болох Аллахабаде Илахабаде хотод мэндэлжээ. Индира Ганди чинээлэг өвөөгийндөө төрсөн бөгөөд хоёр настайдаа Энэтхэг үндэстний эцэг Махатма Гандитай танилцаж, наймтайдаа түүний зөвлөснөөр төрөлх хотдоо “Гэр ахуйн оёдлыг хөгжүүлэх Хүүхдийн холбоо”-г үүсгэсэн байна. Тэрбээр “Миний өвөө хүмүүс хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь ажил хийдэг, нөгөө нь тэр ажлын үр дүнг өөрийн гавьяа болгодог гэж билээ. Өвөө надад эхний хэсэгт орохыг зөвлөсөн. Тэнд өрсөлдөөн бага байдаг гэсэн юм” хэмээн дурссан байдаг.
Индира Ганди 1934 онд Энэтхэгийн их яруу найрагч Д. Таагүрийн үүсгэн байгуулсан Ардын Их Сургуульд элсжээ. Гэвч 1936 онд ээж нь нас барсны дараа сургуулиа орхиж, Европ тивийг зорин Оксфордын Их Сургуульд оржээ. 1942 онд Индира Ганди Фероз Гандитай гэрлэж, 1944 онд анхны хүү Ражив, дараа нь удаах хүү Санжаягаа төрүүлжээ. Түүний нөхөр Фероз Ганди нь улс төрч, сэтгүүлч байсан бөгөөд том хүү нь улс төрд хөл тавихаасаа өмнө компьютер сонирходог нэгэн байжээ. Чухам түүний ачаар л Энэтхэг улс өнөөдөр компьютер технологийн салбарт тэргүүлэх орны тоонд багтдаг аж.
Индира Ганди нь Ардчилсан Социалист Бүгд Найрамдах Шри-Ланка улсын анхны Ерөнхий сайд Сиримаво Бандаранаикегийн дараагаар дэлхийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болсон түүхтэй. Тэрбээр 1966-1977 болон 1980-1984 онд Энэтхэгийн Ерөнхий сайд, 1984 онд 4 сар болон 1967-1969 онд Энэтхэгийн Гадаад харилцааны сайдын албыг тус тус хашиж байв. Түүнийг засгийн газрын тэргүүн байх үед Энэтхэгийн аж үйлдвэр хурдацтайгаар хөгжиж, тэр дундаа хүнд үйлдвэр, Махараштра мужид Энэтхэгийн анхны Атомын цахилгаан станцыг ашиглалтанд оруулж, хөдөө аж ахуйн салбарт ногоон хувьсгал хийгдэж, түүхэндээ анх удаа хүнсний импортоос хараат бус улс болжээ. Эдийн засгийн салбараас гадна Индира Ганди Энэтхэгт олон жил буглаатай байсан шашин хоорондын зөрчилдөөнийг бараг дуусгавар болгожээ. Индира Ганди хоёр дахь удаа төрийг тэргүүлэхдээ Пенжаб муж дахь өөрсдийгөө төрөөс хараат бус хэмээн өргөмжилсөн сикхүүдтэй зөрчилджээ. Энэхүү үйл явдлын уршгаар1984 оны 10 сарын 31-нд Английн алдарт зохиолч, жүжгийн зохиолч, жүжигчин Питер Устиновтой телевизийн ярилцлаганд оролцох байсан боловч бие хамгаалагчдынхаа гарт харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Индира Гандийг амь үрэгдсэний дараа Энэтхэгийн Үндэсний Конгресс болон засгийн газрыг түүний том хүү Ражив тэргүүлж байжээ. Өнөөдөр ЭҮК-ийг Раживийн бэлэвсэн эхнэр, Индира Гандигийн бэр Соня Ганди удирдаж байна.
Дэлхийн олон улс төрчид, улс төрийн шүүмжлэгчид Индира Гандийг аливаа зүйлд өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай, арвин туршлагатай, ухаалаг, эрч хүчтэй улс төрийн зүтгэлтэн бөгөөд Энэтхэг үндэстнийхээ төлөө төрсөн жинхэнэ хувьсгалч байсан гэж үздэг байна. Тэрбээр Японы Васэда Их Сургуулийн хүндэт доктор, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн хүндэт профессор, Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндэсний Их Сургуулийн хүндэт доктор байжээ.







