Эрхэмсэг атлаа эгэл даруу, Энгүй Монголын танхилхан охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхнийхээ Энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье!
Эмэгтэй хүн гэдэг энэ хорвоогийн чимэг нь, эр хүний түшиг тулгуур нь, үр хүүхдийнхээ авралт бурхан нь байдаг. Энэ хэрээрээ эмэгтэйчүүд өөрийн биед ахадсан хэтэрхий хүнд ачааг даан явдаг гэж хэлж болно. Гэсэн ч тэд хэзээ ч хүнд байна, хэцүү байна гэж гомдоллодоггүй. Хийх ёстой зүйлээ л хийж байна, өөрөөс нь өөр хэн ч хийх ёсгүй хэмээн бодож, ханиа халамжлан, хүүхдүүдээ өгсөж, орон гэрээ авч явдаг агуу хүмүүс билээ.
Энэ их ажлаас нь бага ч болов хөнгөлж өгөх, өөртөө цаг зав гаргахад нь туслах, өчүүхэн хугацаанд ч болов өөр зүйлд анхаарал хандуулах боломж олгож байгаа энэ сайт маань охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бидний байнга зочлох дуртай сайт болно гэдэгт би хувьдаа итгэж, их баяртай байгаа.
Анх надад энэхүү сайтыг үүсгэн байгуулагчид өөрийн ажилладаг салбарынхаа чиглэлээр бүхэл бүтэн Тэргүүн индэр булангийн хуулийн талын нийтлэлийг хариуцан ажиллаач, охид бүсгүйчүүддээ хэрэгтэй мэдээлэл, хууль зүйн зөвлөгөөг өгөөч гэдэг саналыг тавихад миний бие ихэд талархан хүлээж авсан юм. Учир нь, эмэгтэйчүүд хууль, эрх зүйн мэдлэггүйгээсээ болж алдах, бусдад хууртах тохиолдол их гардаг.
Хэдийгээр хүн бүр хуульч байх албагүй ч зохих хэмжээний хуулийн мэдлэгтэй байх нь өөрийгөө хууль бус халдлагаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Миний хувьд хуульч гэдэг эрхэм хүндтэй мэргэжлийг эзэмшээд, энэ мэргэжлээрээ 35 жилийн хугацаанд шүүх, өмгөөллийн байгууллагад ажиллаж байна. Үүнээс өмгөөлөгчөөр 29 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ хугацаанд ажилласан хэрэг маргаан, мөн туслалцаа авахаар хандаж буй эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлуудыг судлаад үзэхэд 1990-ээд оны дунд үеийг хүртэл гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн маргаанууд л ихэвчлэн байдаг байлаа.
Харин нийгэм хөгжихийн хэрээр гарч буй хэрэг маргаанууд, тулгарч буй асуудлууд өргөжин хүрээгээ тэлж, олон төрлийн гэмт хэрэг, маргаанууд гарах болжээ. Хамгийн энгийн жишээ л гэхэд охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань хүний наймааны золиос болох, мөн хар тамхины хэрэгт их өртөх болсонд би маш их харамсаж явдаг.
Энэ бүхэн нь нэг талаасаа эмэгтэйчүүд маань хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, нөгөө талаасаа гэнэн итгэмтгий зантай нь шууд холбоотой болов уу гэж би боддог юм.
Мөн сүүлийн үед ажилд авна гэсэн зарыг харж байхад эмэгтэйчүүдийг ажилд авахдаа үндэслэлгүй, хууль бус шалгуур тогтоодог хэв маяг их болсон байна. Жишээ нь: 25-аас доош насны, өндөр, царайлаг гэх мэт.
Хэдийгээр зарим ажилд, тодруулбал, үйлчилгээний байгууллагын тодорхой ажилд нэмэлт шалгуурууд тавигдаж болох ч бүх ажилд нийтлэг уг шалгуурыг хэрэглэж байгаа нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг зөрчиж байгаа ноцтой зөрчил мөн. Эргээд энэ зөрчил нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах ...” зэрэг хүний язгуур эрхийг зөрчиж байгаа явдал юм.
Энэ мэтээр хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх байдал их байгаа бөгөөд цаашид энэ сайтаараа дамжуулан та бүхэндээ хууль, эрх зүйн тодорхой асуудлуудаар мэдээлэл өгч, мөн та бүхний сонирхсон асуултуудад хууль зүйн талаас нь хариултууд өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхний маань цаашдын ажил, амьдрал, ирээдүйд хамгийн сайн сайхан бүхнийг сайтынхаа хамт олны өмнөөс, мөн хувиасаа хүргэж байна.
Өмгөөлөгч Г.Оюунцэцэг




