Шинэ жил ирлээ, эмэгтэйчүүд ээ!
Эмэгтэй та нэг зүйл ажигласан уу? Шинэ жил дөхөхөөр гэр орондоо, өөртөө, компани байгууллагадаа ямар нэг шинэ зүйл хиймээр санагдаж, тэр шинэ санааг гаргадаг нь эмэгтэй хүн байдгийг та ажигласан уу? Огт мөнгө зарцуулахгүйгээр ч шинэ зүйлийг бид орчин тойрондоо авчирч байдаг шүү дээ. Хайрттайгаа шинэ өнгөөр харьцах, хүүхдүүдтэйгээ шинэ хандлагаар ярих, ижий аавдаа шинэ цай хоолоор үйлчлэх гээд энэ бүхнийг эмэгтэй хүн л сэтгэдэг шүү дээ. Шинэ жил тэр чигээрээ эрх тэгшийн баяр мэт. Үдэшлэг цэнгүүнд эмэгтэй хүн дутвал баяр маань баяр биш болж, өвлийн өвгөнийг эс тооцвол эрчүүд дангаараа ноёрхоод байх далим бараг алга.
Тэгш оролцоотой баяр учраас, тэгш оролцооны далим хангалттай байдаг учраас шинэ жилийн тухай ярианд эмэгтэйчүүд эртнээс оролцоно. Энэ шинэ жилээр юу өмсөх вэ, юугаа шинэчлэх вэ, юугаар бусдыг дайлах билээ, хэнтэй хамт тэмдэглэх вэ, хэдий хэмжээний төсвөөс хэтрүүлэхгүйгээр зохицуулах вэ, мөнгөө яаж хэмнэж болох вэ гээд л бодох, шийдвэрлэх зүйл их ээ.
Бодох шийдвэрлэхэд эмэгтэй хүн оролцоно гэдэг гайхалтай зүйл.
Гэтэл наадам болохоор эрчүүд гол дүрд тоглож, эрэгтэй удирдагч, эрэгтэй засуул, эрэгтэй бөх, эрэгтэй уяач, эрэгтэй шагайн харваач, эрэгтэй ерөөлч магтаалчид орон даяар тодорно. Нум сум харваач бүсгүйчүүд, унаач охид, өдрийн од шиг цөөхөн эмэгтэй уяачдыг эс тооцвол үндэсний наадам маань тэр чигээрээ эрэгтэйчүүдийн баяр мэт. Үндэсний бахархал, Монголоо гэсэн омогшлыг хөдөлгөдөг их баяр наадам маань төрийн хуулиар баталгаажиж, хуулийн хүрээнд явагддаг хэрнээ тэр хуулиндаа эмэгтэй хүнийг наадамд тэгш оролцуулж болох шинэ тэмцээний төрлийг огт нэмээгүйгээр барахгүй харин ч эрэгтэй хүн голлон оролцдог “шагайн харваа” гэх зэрэг төрлийг нэмсэн байдаг юм.

Яагаад наадам маань жил ирэх тусам зөвхөн эрчүүдийн баяр болсоор байна вэ гэж эмэгтэй та өөрөөсөө асуу. Яагаад шинэ жилээр бид тэгш баярлаж чадаж байгаа хэрнээ наадмаар эмэгтэйчүүд улам бүр ховордох болов оо. Эрэгтэйчүүдийн үүрэг наадмын дэвжээнээс хальж, төрийн дэвжээнд ноёрхож байгаа учир, наадмын дүрэм эмэгтэйчүүдэд бараг үйлчлэхгүй болж эхэлсэн байна. Үндэсний их баяр наадмын тухай эмэгтэйчүүдийн оролцоотой хууль гарсансан бол, эмэгтэйчүүд зодог шуудгийг өөрчилөхийн төлөө биш харин эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил өргөн дэлгэр баясан цэнгэж болохуйц тэмцээн наадмыг үндэсний хөтөлбөрт оруулж болох шүү дээ.
Жишээлбэл, хүүхдийн барилдааныг яагаад эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж барилдуулж болохгүй гэж. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тэдэнд барилдаж ноцолдох эрч хүч хүйс харгалзахгүйгээр их бий. Тэгээд ч монгол охид дэлхийн дэвжээнд бөхөөр олон алт мөнгө авчирлаа шүү дээ. Тэдэнд барилдах мэх, хүч, авъяас үнэхээр их байна. Тэдгээр охидоо монголын төр үндэснийхээ баярт оролцуулж, урамшуулж яагаад болохгүй гэж. Эмэгтэйчүүдийн зодог шуудгийн тухай тусгай дүрэм яагаад гаргаж болохгүй гэж. Бөхийн өмсгөлийн тухай дүрэм яагаад зөвхөн эрэгтэй биед тохирсон байх ёстой гэж? Монгол урчууд, үндэсний уламжлалт оёдолчиддоо нарийн ухаанаа эмэгтэй хүний биед тааруулан гаргахыг яагаад зөвшөөрч болохгүй гэж.

Баяр наадамдаа голлох үүрэггүй болсон үе үеийн залуу охид наадмын ёс заншлаа хадгалахын төлөө дангаараа зүтгэж буй хэт үндэсэрхэг эрчүүдтэйгээ тулгардаг болжээ. Нэг л мэдэхэд тэдний үндэсэрхэг үзэл нь эмэгтэйчүүдийн эсрэг үзлээр солигдчихсон явж байх ч бий. Энэ нь хүчирхийллийг дуудсан эрсдэл юм. Зуны цагт Улаанбаатарын гудамжинд охидод тохиолддог хүчирхийлэл жил ирэх тусам өсч байна. Энэ үзүүлэлт үндэсэрхэг үзэлтэй холбогдон улам бүр нэмэгдэж байгааг гадаадын хэвлэл мэдээллээр бичсээр гурав дөрвөн жил өнгөрлөө. Хэт үндэсэрхэг хүчирхийлэгч бүлэглэлүүд монголд нэмэгдэж байгааг сэтгэл нэн түгшиж мэдээлж буй гадаадын хэвлэлүүдийн шуугиан нэг л мэдэхэд манай эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчих вий гэж сэтгэл зовмоор.
Гэтэл Монгол эмэгтэйчүүд ёс заншлаа тэгтлээ санаатайгаар огоордог гэж үү. Харин ч үгүй байх. Тэдэнд эх орон, ёс заншилдаа хэрхэн халуун сэтгэлээр ханддагийг харуулах орон зай л дутдаг юм. Тэр орон зай байхгүй байгаа нь залуу эмэгтэйчүүдэд бүр ч их нөлөөлдөг юм. Хэрэв улс төрийн орон зай эрэгтэй эмэгтэй хүмүүст ижил тэнцүү ногдох цаг ирвэл, хэрэв олон эмэгтэй хууль тогтоох байгууллагад орж чадвал монгол монголоороо үлдэхдээ хичнээн их уран тансаг ухаан, олны хүртээмжтэй оролцоог мэдрүүлэх бол гэж би төсөөлдөг юм.
Бүх зүйл яг л шинэ жил шиг байхсан.
Шинэ жилээр гэр бүл, байгууллагад хуучин амжилтаа бататгаж, шинэ санаачлага гардаг. Хэн энэ санааг гаргах эрхтэй байна вэ гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа л байдаг. Залуу хөгшин гэлгүй бас л хамтдаа байж чаддаг. Шинэ жилээр тодорхой төсөв төлөвлөж зарцуулдаг. Энэ төлөвлөгөөг хэн гаргаж байна вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа л байх. Шинэ жилээр баяр цэнгүүнд явцгаадаг. Хэн тийш явж байна вэ гээд харахаар эрэгтэй эмэгтэйчүүд хамтдаа л байх. Эмэгтэй хүнээр асуудал шийдүүллээ гэж хэн ч шүүмжилдэггүй, эмэгтэй эрэгтэй хүмүүс эрх тэгш оролцлоо гэж хэн ч буруутгадаггүй нь сайхан байдаг.
Төрийн шийдвэр бүхэн шинэ жилийн шийдвэр шиг гардаг бол төрийн наадмыг яаж бүх ард түмний наадам болгох вэ гэдэг санаа 400 жилийн өмнө ч гарч чадах л байсан. Гэвч 400 жилийн өмнө төрийн бүх шийдвэрийг эрчүүд гаргаж байлаа. Түүнээс хойш бүтэн 16 үе солигдсон ч төрийн үнэмлэхүй олонхи шийдвэр эрчүүдийн үзэмжээр гарсаар л байна.
Гэвч эмэгтэй та өнөөдөр өөрийн үзэмжийг бүх шийдвэрт тусгуулах цаг иржээ.

Наадам хол байна, тэр надад падгүй гэж бүү эндүүр. Наадам танд падгүйгээр дэндүү олон жил үргэлжилбэл хүчирхийлэл хичнээн их гаарахыг төсөөл. Бөх надад хамаагүй гэж бүү эндүүр. Бөхийн асуудал танд хамаагүй байсаар дэндүү олон жил өнгөрчихөөд байна. Найман зуун жил өнгөрчээ. Гэтэл бидэд хамгийн их хамаатай сэдвүүдийн нэг нь бөх мөн. Та бөхийн ёс заншлыг мэдэхгүй өнгөрснөөрөө, та монгол ёс заншлын үргэлжлэл байх эрхгүй болсноороо бусад олон эрхээ алдаж байгаагаа мэдэх мэдрэмжгүй болсоор байна. Таны охин барилдах авъяастай бол түүндээ орон зайг хайлцах цаг одоо мөн.
Морины уяа надад хамаагүй гэж битгий андуур. Уяа танд хамаатай. Уяан дээр таныг очуулахгүй байгаа нь танд хамаатай. Уяан дээр очиж болдоггүй, овоон дээр гарч болдоггүй нь танд хамгийн их хамаатай шүү дээ. Тэнд очих эрхгүй юм бол “би хаана байх эрхтэй вэ” гэдгээ хай. “Гал тогоондоо байх эрхтэй” гэж зарим нь хариулах вий. Тэгвэл гал тогооныхоо чаддаг зүйлээр наадацгаая, түүнийг наадмын хөтөлбөрт оруул гэж бид хэлэх эрхтэй байх ёстой юм. Одоогоор хэн ч бидэнд зориулж гал тогооны үйлдэлтэй спортын тэмцээн зохиогоогүй болохоор түүнийг зохиохын төлөө хэлэлцэж болох шүү дээ.
Хамгийн гол нь дүрмийг зохиодог, тэр дүрмүүдийг өөрчилдөг газарт бид очих ёстой. Овоон дээр гарч дүрэм зохиохгүй. Ордонд очиж дүрэм зохионо. Тэгэхлээр овоонд гарч болохгүй гэдэг нь эмэгтэй хүнийг улс төрд байж болохгүй гэсэн үг огт биш. Харин ч бид тэнд байх ёстой. Овооны оройд гардаг нь ч, хормойд үлддэг нь ч хамтдаа ордонд суух эрхийг бид Үндсэн хуулиараа олж авсан. Одоо тэр эрхээ эдлэхэд эмэгтэйчүүд ард түмнийхээ дэмжлэгийг авах, тэр тусмаа эмэгтэйчүүдийнхээ саналыг авах шаардлагтай байна.
Тэр цаг ч удахгүй боллоо.
Шинэ жил ирж, сонгуулийн жил гарлаа.
Эмэгтэйчүүдийн төлөөллийг төрд хэрхэн илгээх талаар дор бүрнээ нэгийг бодоцгооё.
Ц.Оюунгэрэл






