Жаалуудын гаргадаг гурван хэцүү араншин



Хүүхэд яагаад унтах дургүй байдаг вэ?

Тэд тоглох дуртай тул аль болох удаан тоглохыг бодно. Өдөржин ажиллаж ирчихээд дахиад л оройжин хүүхэдтэй зууралдана. Гэтэл хүүхэд тань унтаж өгөхгүй хашгиран тоглож таныг тайван суулгахгүй байна уу. Ингээд л таны уур хүрч хүүхдээ загнан хүчээр унтуулах гэж оролдоно. Ийм байдалд орохгүйн тулд  та хүүхдээ анхнаасаа цагт нь унтуулж сургах нь чухал. Мөн унтахаас нь өмнө зөгийн балтай сүү өгвөл сайн үр дүнтэй. Харин хүүхдийг хүчээр унтуулах гэсний хэрэггүй. Энэ нь хүүхдийг зөрүүд болгох эх суурийг тавьдаг.


Хүүхэд яагаад хоолоо голдог вэ?

Нэг төрлийн хоолыг олон дахин өгөхөд хүүхэд ийм зан гаргадаг ч нөгөөтэйгүүр хүүхдийг хэт их чихэр жимсээр цатгаад байвал хоолонд дургүй болдог. Та хэчнээн завгүй байсан ч аль болох хүүхдийнхээ хоолонд анхаарал хандуулж байгаарай. Мах, гурилтай хоол өгсөн ч  ганц лууван үрээд хийхэд л чанар нь сайжирна. Харин сонгино сармисыг ихээр өгч болохгүй. Амт оруулах төдий л хийнэ. Хоолонд дургүй хүүхдийг албадан хооллож огт болохгүй. Мөн өлссөн үед нь аль болох чихэр жимс өгөхөөс татгалзаарай.


Танай хүүхэд худал хэлээд байна уу?

Бага насны хүүхэд үнэн худлын ялгааг мэддэггүй. Хүүхэд бас өөрийнхөө зохиож бий болгосон ертөнцөд итгэж явдгийг мартаж болохгүй шүү. Худал хэлэхдээ ч хүүхэд түүндээ итгэж байдаг. Зарим хүүхэд ээж, аавынхаа янзыг үзэх гэж албаар худал хэлэх нь ч бий. Хивсэн дээр юм асгачихаад би асгаагүй гэж хэлэх жишээтэй. Ийм тохиолдолд хүүхдийг зандарч үглэхээсээ илүү “нойтон газар зогсвол хөл нь даарна” гээд хэлчихвэл хүүхэд худал ярих нь “ичгүүртэй” гэж ойлгох болно. Танай хүүхэд “засаршгүй” худалч байсан ч элдвээр хэлж загнаж огт болохгүй.  

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.