5 НАС БОЛ ХҮҮХДИЙН ХАМГИЙН ТАЙВАН ДӨЛГӨӨН ҮЕ
Tаван нас бол хүүхдийн хамгийн тайван, дөлгөөн нас. Хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй найртай болдог үе. Дөрвөн насанд өөрөө мэдэхгүй ямар нэгэн зүйл хийх гээд оролдоод бүтэхгүй болохоор сэтгэлийн хямралд ордог бол таван настнууд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийдэг. Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдэхээс гадна хийж байгаа зүйлээ заавал дуусгах эрмэлзлэлтэй болж ирдэг. Дөрвөн настай хүүхэд зураг зурж байхдаа эцэст нь юу болохыг сайн мэддэггүй бол таван настнууд эхлээд л юу зурахаа сайн мэдэж байх жишээтэй.
Тэд хүмүүст магтуулахыг цаг ямагт хүснэ. Жишээ нь, харандаа бол зураг зурахад, сандал бол суухад, халбага нь хоол идэхэд хэрэгтэй гэдгийг мэддэг болох ба эд зүйлсийг юунд хэрэглэдгийг нь маш сайн ойлгосон байдаг. Хэрэв тэдэнд "бид ойд байна" гэж хэлбэл "үгүй ээ, хотод л байна шүү дээ" гэж хариулна. Муур, нохой усанд сэлж чадах уу? гэж асуувал надад муур, нохой байхгүй гэж хэлнэ. Таван настангууд гэр орондоо их хайртай. Үе тэнгийхэн рүүгээ тэмүүлэх нь ихсэнэ. Энэ насны хүүхэд гэртээ байхаасаа цэцэрлэгт байвал түүнд илүү ашигтай.
Тэд амьдралын харилцааны баялаг туршлагыг хамт олны дунд байхдаа олж авдаг байна. Туршлагатай хүмүүжүүлэгчийн нөлөөгөөр сайн чанарыг өөртөө шингээн авах, өөрийн болгох бүрэн боломжтой. Таван насанд үндсэн өнгө төдийгүй завсрын өнгийг ялгаж чаддаг болно. Анхаарал нь хөгжиж ирнэ. Бодож яриа, сэтгэхүйн хөгжилтэй холбоотойгоор ой тогтоолт нь эрчимтэй хөгжинө. Тогтоосон зүйлээ оюун ухаандаа хадгалах хугацаа нь уртасдаг. Өөрөөр хэлбэл, ойн багтаамж ихсэж ирдэг. Арваад нэр тогтоолгоход 5-7 орчмыг нь тогтоосон байдаг. Мөн тэд 2 жилийн өмнө авч өгсөн тоглоомоо эргэн санаж байх жишээтэй.
Таван настнуудын ярианы гол хэлбэр нь тоглоомын хэл бөгөөд тэд тоглоомтойгоо ярьж, өөрөө хариулж, гүйж, бие биедээ тусалж тоглодог. Тэр үедээ сэтгэлийн их хөдөлгөөнтэй, уран дүрслэлтэй, үнэн сэтгэлээсээ ярилцана. Тэд юм л бол ярих гэх боловч заримдаа сурган хүмүүжүүлэгчдийн нэрлэдгээрээ дотоод ярианд мөн шилжинэ.
Энэ нь зөвхөн биеийн хөдөлгөөнөөр юм уу, гайхсан эргэлзсэн, уурлаж, баярласнаа ганц нэгхэн үгээр илэрхийлэхийг хэлнэ. Таван настнууд тун их сониуч улс. Тиймээс та таван настай хүүхэдтэй бол аль болох сонирхолтой юм ярилцаж номтой нөхөрлүүлэхийг оролдоорой. Тэд зургаан настнуудаас ч илүү сурдаг юм шүү.







