Дэлхийн шинэ 7 гайхамшиг

Швейцарийн “New Open World Corporation” (Нээлттэй шинэ ертөнц корпораци) хэмээх ашгийн бус байгууллагаас Швейцарийн иргэн Бернар Веберийн санаачлагаар “New 7 Wonders Foundation” санг байгуулжээ.

Тус сан 2001-2007 оны хооронд Ертөнцийн шинэ долоон гайхамшигийг тодруулж байсан аж. Энэхүү төслийн хүрээнд дэлхийн хамгийн алдартай архитектурын барилга байгууламжуудаас Ертөнцийн шинэ долоон гайхамшигийг тодруулахаар 2001 оноос эхлэн хүмүүс утас болон интернетээр саналаа өгч байжээ. Тэдний саналаар дэлхийн шинэ долоон гайхамшигт Хятадын Цагаан хэрэм, Италийн Колизейн балгас, Перугийн Мачу-Пикчу хотын туурь, Иорданийн Петра хотын туурь, Энэтхэгийн Таж Махал, Бразиль дахь Христосын хөшөө, Мексикийн ЧиченИца хэмээх маяачуудын хот, Египет дахь Гиза Пирамидуудын цогцолбор тодорчээ. Эдгээрийн заримаас нь хүргэж байна.

Перугийн Мачу-Пикчу хотын туурь

“Machu Picchu” хэмээх нэр нь “Эртний (хуучин) оргил” гэсэн утгатай бөгөөд өнөөгийн Перу улсын нутаг дэвсгэрт орших эртний Америкийн хот ажээ. Энэ хот далайн түвшнээс 2450 метрийн өндөрт, Урубамба голын сав газарт оршдог. Мачу-Пикчуг “тэнгэрийн хот”, “үүлэн дундах хот”, мөн зарим тохиолдолд “инкуудын гээгдсэн хот” гэх зэргээр нэрлэсэн нь бий. Зарим археологич энэ хотыг инкуудын агуу удирдагч Пачакутекийг орогнуулахад зориулан босгосон гэж үздэг бөгөөд ойролцоогоор 1440 онд барьж 1532 он хүртэл буюу инкуудын нутагт испанчууд довтолсон үе хүртэл оршин тогтнож байжээ гэж үздэг байна. 1532 онд энэ хотын оршин суугчид жигтэй байдлаар ор мөргүй алга болсон түүхтэй аж.

Иорданийн Петра хотын суурь

 Энэ эртний хот нь Палестины өмнөд хэсэгт оршиж байсан Идумея хэмээх түүхт газрын нийслэл байжээ. Хожмоо Набатейн хаант улсын нийслэл байсан аж. Харин өдгөө Иорданийн нутаг дэвсгэрт багтаж, далайн түвшнээс 900 метрийн өндөрт оршдог байна. Петра нь худалдааны маш чухал хоёр замын уулзварт байрладаг байжээ. Тиймээс худалдаачид, аялагчид Петра хотод ирж хүнс, ундтайгаа золгодог байсан аж. Тэр утгаараа Петра хот худалдаа наймаа болон худалдаачид, аялагчдын ачаар их хөгжин дэвжиж байжээ. Харин ромчууд дорно зүгт далайд гарах гарцуудыг нээснээр хуурай замын худалдаа зогсонги байдалд орж улмаар Петра хотыг зорих хүмүүсийн тоо багасан удалгүй элсэн дунд орхигдсон хот болон хувирчээ.

 



Аврагч Христийн хөшөө

Рио-де-Жанеро дахь Корковаду уулын орой дээр гараа алдлан зогсож буй Христийн алдартай хөшөө. Бразиль улс болон нийслэл Рио-деЖанейрогийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөөг төмөр бетон, савантай чулуугаар хийсэн ажээ. Хөшөөний өндөр нь 38 м (үүнээс тавцан нь 8 м), 1145 тонн жинтэй, алдалсан гарын урт нь 30 м. Жил бүр дор хаяж 1.8 сая жуулчин энэхүү хөшөөг зорьж ирдэг гэнэ. Энэ газар Бразильдаа анхныхад тооцогдох цахилгаанжуулсан төмөр зам барьсан байдаг ба түүгээр нь жижигхэн галт тэрэг явдаг байна. Энэ төмөр замыг Перейрой Пассос, Терсейрой Соареш нар Христийн хөшөөнөөс өмнө буюу 1882-1884 онд барьсан ба хожмоо хөшөөг барих явцад барилгын материалуудыг өндөрлөг газар уруу зөөвөрлөхөд маш чухал үүрэгтэй байсан ажээ.

Кукульканы сүм

Энэ нь 24 м өндөртэй, бүх талдаа 9 өргөн шаттай пирамид юм. Орой дээр нь сүм бий. Пирамидын доод хэсэгт могойн толгой бүхий баримал байдаг байна. Хавар, намрын өдөр шөнө тэнцэх өдрүүдэд буюу гуравдугаар сарын 20, есдүгээр сарын 21-ний ойролцоогоор өдрийн 3 цагийн үед нарны туяа пирамидын гол шатны баруун хашлагыг гэрэлтүүлэхэд адил талт 7 гурвалжин бүхий сүүдэр үүсдэг нь шатны суурь дахь толгой руугаа мөлхөж буй 37 метрийн урттай могойг санагдуулдаг ажээ. 9 өргөн шатнуудын голд 91 ширхэг нарийн шат бий. Хэрэв сүм байгаа тавцанг бас нэг шат гэж үзвэл 91х4+1 буюу 365 шат болно. Энэ нь нэг жилд байдаг хоногийн тоо билээ.

Моаи хүн чулуунууд

Моаи (Moai) хүн чулуунууд нь Easter Island буюу Улаан өндөгний баярын арал (Пасха) дээр орших агаад хөшөө тус бүрийг нь нэг том чулуунаас сийлбэрлэн хийсэн байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, наасан, тогтоосон эд анги гэж байхгүй гэнэ. Моаи хөшөөнүүдийн зарим нь 20 орчим тонн жин татдаг, 6 гаруй метрийн өндөртэй аж. Эдгээрээс гадна археологичид 20 метрийн өндөртэй, 270 тонн жинтэй дуусгаагүй баримлыг олсон байдаг. Арал дээр нийтдээ 997 моаи бий. Долоон моаигаас бусад нь арлын гүн рүү харсан байрлалтай. Харин дээрх долоо нь арлын эрэг дагуу бус дотор нь байрладгаараа ялгаатай ажээ. Хүн чулуунуудын нүдний ухархайг шүрээр дүүргэсэн байсан гэдгийг сүүлийн үед нотлоод байна.

Чичен-Ица

Chichйn Itzб (испаниар) нь Мексикийн Юкатан хойгийн өмнөд хэсэгт оршдог ба эртний маяа омгийнхны улс төр, соёлын төв газар нь байжээ. Нутгийнхны хэлээр энэ хотын нэр нь “Ица омгийн худаг” гэсэн утгатай аж. Чичен-Ица хотыг манай эриний VII зуунд босгосон гэж үздэг байна. Туурийг нь хоёр хэсэгт хуваадаг аж. Эхний хэсэгт нь манай эриний VI-VII зуунд, маяачуудын үед харьяалагдах барилга байгууламжуудыг багтаадаг. Үлдсэн бүлэгт нь манай эриний Х-ХI зууны тольтекчуудын үед харьяалагдах барилга байгууламжуудыг багтаадаг юм. X зуунд энэ хотыг тольтекчууд эзлэн авч улмаар XI зууны үед нийслэлээ болгожээ. 1178 онд тухайн үеийн индианчуудын толгойлогч байсан Хунак Кеелийн удирдлага дор нэгдсэн Маяапан, Ушмаль, Ицмаль улсуудын дайчид Чичен-Ица хотыг эзлэн авч бусниулжээ. Ингээд XVI зууны дунд үе гэхэд Чичен-Ица хэдийнэ балгас болж хувирсан байсан бөгөөд үлдсэн оршин суугчид нь 1194 онд хачирхалтай байдлаар энэхүү хотоо гэнэт орхин явсан байна. Үүний нууцыг одоо болтол тайлаагүй байгаа ажээ. Мексикийн нутаг дэвсгэрт цөмрөн орсон Испанийн түрэмгийлэгчид маяа омгийнхны судруудыг шатааж, лам нарыг нь егүүтгэсэн тул тэр хэсгийн түүхэн үе өнөөг болтол нууц

хэвээрээ байгаа билээ.

Б. Агиймаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.