Эртний Мисирийн тэмдэглэл



Бидэнд эртний соёл иргэншлийн өлгий нутаг Мисир оронд жуулчлан зан заншилтай нь танилцах алтан боломж олдсон юм.

Епипетийн Техник, хамтын ажиллагааны сангийн хүрээнд Арабын хэл, соёлыг сурталчлах сургалтанд хамрагдан хүн төрөлхтөний соёлын өвийг өдий хүртэл хадгалж буй Ази, Африкийн зааг дахь энэхүү өвөрмөц онцлогтой, олон нууц агуулсан оронд хөл тавьж үзэх нь аливаа нэг соёлт хүний мөрөөдөл болох нь дамжиггүй.

Энэхүү мөрөөдөлдөө хөтлөгдсөн эрдэмтэн мэргэд, гадаад харилцааны ажилтнууд хөрш Хятад, дараа нь Тайландаар дамжин хөлгийн жолоо заллаа. Бид 16-уулаа дэлхийн долоон гайхамшгийн нэг Пирамид, занданшуулсан хүн зэрэг тоймтой хэдхэн ойлголтоосоо өөр бусдыг нь төсөөлөхгүй байлаа.

Харин хурдан Каирт газардах юмсан гэсэн бодол тээвч замын холыг яана. Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, тэнд хүрмэгцээ нэг хоноод маргааш нь Каирыг зорилоо. Бээжингээс Бангкок хүртэл 5 цаг орчим, цаашаа Каир хүртэл 8 цаг орчим нисч хүрэв.

Каирт 6 цагийн үед буухад өглөөний наран мандаж, нарны аймагт нэг алхам ойртсоноо улам мэдрэх шиг болсон юм. Каирын олон улсын онгоцны буудал гэх 2 давхар эгэл даруухан мөртлөө орчин үеийн буудалд Египетийн сангийн ажилтан Ахмед хэмээх өндөр нуруутай, хүдэр чийрэг эр биднийг угтан англиар найрсаг мэндчилэв.

Онгоцны буудлаас гарахад халуун орны өглөөний агаар таатай санагдаж, далдуу модны навчис илбэнхэн угтлаа. Ер нь ажиглаад харахад Каир хотод тэнгэр багандсан барилга их ховор, 5000 жилийн өмнө барьж байсан гэх шар шороон өнгөтэй намхан барилгууд зонхилж байв.


Зам нь гэж манайхтай зүйрлэх аргагүй шил толь мэт дардан, хоёр, гурван давхар замтай хот юм. Энд хөрш орнуудын улс төрийн байдал сайнгүй тул хаа сайгүй хана хэрэм, бэхлэлт цайз, буутай цэрэг цагдаа явна.


Ерөнхийлөгч Хосни Мубаракийн зураг энд тэндгүй харагдана. Египет орныг хөгжиж байгаа орнуудын нэг гэж Ахмед бидэнд танилцуулав. Аугаа Нил мөрөн Каир хотыг хөндлөн гулд туучин урсах бөгөөд цаад эргийг нь Гиза, наад эргийг нь Каир хэмээн хуваана. Энэ мөрнийг л дагаж өдий олон жил амьдрал үргэлжилнэ.

Нэг, хоёр хоног биднийг буулгасан “Индиана” хэмээх буудалд амраад очсон гурав дахь хоногоос “Каирын Их Сургуулийн Дорны дахины судлалын төв” хэмээх эртний хоёр давхар байранд хичээл эхлэлээ. Өглөөгүүр хичээлтэй байгаад үдээс хойш аль нэг дурсгалт газраа үзүүлж сонирхуулах юм.

 “Египетийн баяр ёслол”, “Исламын улс удирдах ёс”, “Даяаршил, эртний Египетийн эмэгтэйчүүд”, “Урлагийн бүтээлийг хамгаалж сэргээж буй нь”, “Египетийн түүх, соёлын олдвор” зэрэг төрөл бүрийн сэдвээр бидэнд сонирхолтой хичээл орж, Ислам шашин шүтдэг орнуудын тухай бидний ойлголтыг орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно.

Мусулман шашинтан гэхээр л тэсэрч дэлбэлж, өөрийгөө болон өрөөл бусдад гамшиг учруулж байдаг гэсэн ойлголт бид бүхний ой ухаанд гүн шингэжээ. Гэтэл тэд шашиндаа үнэнч, өдөр тутмынхаа мөргөлийг цагт нь үйлддэг жирийн л ард түмэн байх юм.

Гудамжинд гарангуут л гадны хүнийг харсан Египетчүүд “Welcome to Egypte”, “Hello” гэж найрсаг гэгч нь мэндчилэн өнгөрнө. Архи дарс уухгүй болохоор согтуу хүнгүй, хулгай зэлгий гэдгийг ерөөсөө мэдэхгүй ийм л нэг журамтай хүмүүс. Бүгд л ёстой нөгөө “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т гардаг шиг сайхан өндөр нуруутай, хөрслөг бор арьстай, монхор өндөр хамартай, нүд хөмсөг дүүрэн царайлаг улс.

 

Бүх биеэ хараар битүү бүрхсэн эмэгтэйчүүд алхам тутамд тааралдана. Хар өнгө элдэв муу хэл амнаас хамгаалдаг гэж үздэг тул халууныг ч үл ажран тэд өмсгөлөө өмсдөг гэнэ. Эмэгтэйчүүд үсээ ил гаргалгүй хувцсандаа зохицсон алчуурыг донж маягтай гэгч нь орооно. Охид бүсгүйчүүд орчин үеийн өмд цамц, цамц банзалыг алчууртайгаа хослуулан хэрэглэнэ.

Мөргөлийн цаг болоход гудамжинд явж байсан ч замын хажууд, эсвэл худалдаа наймаа эрхэлж байсан ч олбогоо дэвсэн мөргөлөө үйлдэнэ. Баасан гариг их мөргөлийн өдөр нь ажээ. Харин бидний амралтын бямба, ням гараг тэнд ажлын өдөр.

 Наадмын дараахан очсон бид хэд Мисир орны халууныг хэрхэн тэсвэрлэх бол гэж бодож байсныг бодоход бас ч гайгүй юм. Өдөртөө 40 хэмээс илүү гардаг ч байшин, модны сүүдэрт их аятайхан.

Өдөртөө халах тул Каирын идэвхтэй амьдрал ерөнхийдөө оройдоо Нил мөрнөө дагаж шөнийн 2, 3 гэхэд дэлгүүр хоршоо, үйлчилгээний байгууллагууд нь үйлчлүүлэгчээ хүлээн авахад бэлэн зогсож байна.

Өглөөний 10 цагаас өдөр 2 хүртэл дундаа завсарлагатай хичээл Каирын Дорно дахины сургалтын төвд боллоо. Араб хэлээр хичнээн олон эртний дурсгалт бичиг байдаг бол гэж бодохоос энэ хэлийг сурах юмсан хэмээх бодол өөрийн эрхгүй төрнө.

Улаан тэнгисийн эрэг дэх амралт сувилалын “Кургада” цогцолбор, Газрын дундад тэнгисийн эрэг дэх “Александрия” хот, дэлхийн томд тооцогдох номын сан, Каир хотын “Археологийн музей”, Гиза дахь алдарт сүрлэг Пирамид, эртний цэцэг ургамлаас гаргаж авсан тосны охь гээд дэндүү олон зан заншил, баялаг соёлтой энэ орны гайхамшигтайг нь яриад баршгүй.

Шашин хэмээх агуу сургаалийн хүчийг зөв ашиглаж, зөв шүтэж чадвал хүн ард нь амгалан тайван, даруу дөлгөөн, зөв цэгцтэй байх юм. Бүх үйлчилгээнд алхам тутамд эрэгтэй хүнтэй таарах бөгөөд эмэгтэй хүн голлож ажилладаг манайх шиг оронд их л сонин харагдана.

Ислам шашинд олон эхнэр авч болдог гэх боловч хэн дуртай нь ч бас ингэж чаддаггүй бололтой. Тухайн эмэгтэйг авч тэжээж, асарч, халамжилж чадах хүн л энэ эрхийг эдэлнэ. Эхнэр авах хүн орон гэр, унах унаагаа бэлдэж байж эхнэрийн тухай бодох бөгөөд залуучууд нэлээд орой гэрлэж, эмэгтэй хүнд давуу эрхийг эдлүүлсэн гэр бүлийн гэрээ гэдгийг үйлдэж байж л хуримладаг гэнэ. 

Б. Алтангүл

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.