Ээжээ “Монгол яагаад шорон шиг юм бэ?”

Харийн нутагт есөн жил амьдарч байгаад эх орондоо ирлээ. Бид “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр ургахын улаан нартай зэрэгцэн онгоцноос буусан юм. Газардсан цагаасаа эхлэн дуугаа хураасан есөн настай жаахан охин маань машины цонхоор элдвийг харан сууснаа “Ээжээ, Монгол яг шоронтой адилхан юм” гэж хэлэв.
Гэтэл биднийг тоссон ээж маань “Юу гэсэн үг вэ?, Ургахын улаан нарнаар эх орондоо ирж байж муу амлаад, муухай зүйл ярьлаа” гэж их л уурлан охиныг минь хатуу үгээр зэмлэсэн юм. Би цочирдон гайхсан хэдий ч учраа мэдэхгүй буруу зүйл ярьсан хүүхдээ ээжээс аминдаа өмөөрлөө.
Үнэндээ есхөн настай жаахан хүүхэд шорон гэж юу болохыг мэдэхгүй л дээ. Харин телевиз, кинон дээрээс л үзсэн байх. Онгоцны буудлаас нисэх, яармаг, нэгдүгээр хороолол гэж явсаар 3, 4-р хороололд байх байрныхаа гадаа ирээд буух хүртэлх энэхэн зайд эх орон минь хүүхдийн нүдэнд яагаад шорон шиг харагдсаныг дотроо гайхсаар үлдсэн юм.
Маргааш нөгөөдрөөс нь Нийслэлийнхээ гудамжаар явахдаа нээрэн л Улаанбаатар минь төмөр хашаа, хайс, хашлага дунд хавчигдан чихэлдсэн байхыг анзаарсан билээ. Засмал замын дундуур хашлага, ямар нэг албан байгууллага тойроод төмөр хайс бүр засгийн газрын ордон нь хүртэл хашлаган дунд орших ажээ. Хэн нь хэнээсээ юуг хашиж, хамгаалаад байгаа юм бүү мэд...

Хэдэн жилийн өмнө Японы алдарт эрдэмтэн зохиолч Отто Мацуда “Ар Монголд зорчсон тэмдэглэл” номондоо манай улсыг “Төмөр торны вант улс” хэмээн нэрлээд Ар Монголчууд төмөр торон дотор амьдарч, төмөр торон дотор сэтгэж байна” хэмээн бичсэн тухай уншиж байснаа саналаа. Бид гадныхны нүдэнд ингэж л харагддаг байх нь.
Балчир охин минь эх орноо шоронтой адилтган харсан нь түүний буруу биш ээ. Монгол өнөөдөр яг л тийм байна. Дасал болсон болохоор өөрсдөө бид анзаарахгүй байсаар.
Miranza. A







