...Очирбатыгаа би Оёо гэдэг юм. Оёо бид хоёр 1965 оны гуравдугаар сараас эхлэн дотно харилцаатай болсноос хойш есөн сарын дараа арван хоёрдугаар сард хуримаа хийж, 1966 оны нэгдүгээр сард хоёулаа сургуулиа төгсөөд эх нутагтаа эхнэр, нөхөр болон ирсэн юм.
Хоёулаа хоорондоо ярилцаж, шийдвэрээ гаргаад, хоёр талын эцэг, эхэд мэдэгдэж тэд нараасаа зөвшөөрсөн хариу авснаар бидний хуримын бэлтгэл эхэлсэн юм.
Амьдралын ханиа сонгоно гэдэг амар ажил байгаагүй. Бид хоёр ном зохиолд гардаг шиг анхны харцаар хязгааргүй дурласан хосууд биш байлаа.
Бид эртний танилууд, хүүхэд байхын бие биеэ мэддэг байсан болохоор шинээр танилцах үе шат гэдэг юм байсангүй. Оёог ч би хүнийх нь хувьд бол ерөнхийд нь гадарлана. Яг миний нөхөр болно, миний хүн болно гэдэг үүднээс нь мэдэхгүй байлаа. Би эр хүний эрдэм мэдлэг, холч ухаан, хоёргүй сэтгэлийг бишрэн дээдэлдэг нэгэн.
Ер нь амьдралд чинь хөөргөн дэвэргэн сэтгэл, ариун нандин хайр дурлалаас гадна бие биедээ итгэх итгэлгэж том юм байдаг бололтой юм билээ.
Энэ хүн миний жинхэнэ насан үүрдийн хань нөхөр болох хүн маань мөн үү гэдэг асуултад зөв хариу хэрэгтэй. Залуу хүмүүст амьдралын урт хугацааны нугачаанд сайн, муу хүнд бэрх юм тохиолдож л таараа. Тэр ачааг надтай хамт дааж гарах хүн хэрэгтэй. Хэрэв би буруу шийдвэр гаргах юм бол алдааг засах бүр ч хэцүү. Амьдралд алдсаны хүндийг эмэгтэй хүн үүрч үлдэх нь олонтаа. Олон юм бодно. Уулзах болгондоо бид хайлсан тугалга шиг байсангүй. Үг сөрнө, маргалдана. Зам замаараа мөр мөрөөрөө явах минь. Наашаа явдаг замаа март, над руу бүү хар. Надгүйгээр чи болоод л байсан юм чинь болох л биз гэж хэлж үзнэ. Маргалдаад салсан улс чинь тэвчээр зааж, зориг гаргаад хэд хоног уулзахгүй санаатай гэдийж цахлана.
Алдуурсан сэтгэл гэдэг
Амар заяа үзүүлэхгүй
Эмнэг хангал шиг цовхчино
Энхрий түүнийг хүлээж
Энэхэн тэрхнийг оролдоно
Удахгүй түүнийг ирэхэд
Уярсан сэтгэл хайлна...
Бид хоёулаа диплом бичиж байлаа. Ажил маш их. Зөвхөн миний диплом гэхэд зургаан лист зурагтай. Энэ бол тоглоом биш. Ингэж би Оёогоо, өөрийгөө шалгаж, шалгуулж явсаар хамтдаа амьдрах нь хамаагүй жаргалтайг ухаарснаар хамтын амьдрал зохиохоор шийдсэн юм.
Оёо ч гэсэн надад нар сарыг чамд алган дээр чинь авчраад тавиад өгнө гэж амлаж байгаагүй. Уул уурхайн инженерийн эхнэр болж байгаа нь уулын мухарт, умгар гэрт, хөөтэй тогоо барьж, хүний нутагт уурхайчдын дунд амьдрах болно шүү л гэдэг байсан.
Нэгэнт зориг шулуудан, шийдвэр гарснаас хойш эвтэй найртайгаар хуримын гутал хувцас, бөгж тэргүүтнээ бэлтгэж орос, монгол найз нөхдөө цуглуулж, дотно нөхөд болох Д.Дондов, Д.Өлзийсайхан,Ж.Дэлэг, Ж.Хорлоо, Ц.Өнөр, С.Болд, Р.Ганбат нарыг урин хуримаа хийж, албан ёсны гэр бүл боллоо.
Үзэсгэлэнт сайхан Нева мөрний эрэг дээрх Ленинградын гэрлэх ёслолын ордонд бүртгүүлж, хоёр хоногийн дараа буюу (оюутны тэтгэлгээ буухаар) 17-нд Оёогийн сургуулийн оюутны гуанзны эрдэмтэн багш нарын нь хооллодог тусгай өрөөнд хурим найраа хийснээр би хүний эхнэр боллоо.
Тэр жилийн тэр өвлөөс хойш өдөр сар жил урсан өнгөрч нэг л мэдэхэд бид хоёр амьдралаа холбоод 40 жил улиран оджээ. Айл болж гал голомтоо асаагаад үр хүүхэдтэй, хүргэнтэй, зээ нартай өнөр өтгөн айл болж өвөө, эмээ болсон баяр жаргалаа аав, ээж, ах дүү үр хүүхдүүдтэйгээ халуун амин зуураа 2005 онд ёстой төртэй тэмдэглэхэд хүүхдүүд маань ээждээ 40 ширхэг сарнай цэцгийн баглаа барьж баярлууллаа.
Өвгөн минь надад үнэн сэтгэлээ шингээсэн "Бурхан хань" гэдэг дуу бичиж, гавьяат жүжигчин А.Энхтайванаар ая хийлгэж гавъяат жүжигчин Далантайгаар дуулуулж, гэнэтийн сайхан бэлэг барилаа.
Энэ дуу хосоор амьдардаг ханийн хорвоод ханьсан жаргахын ухааныг учирлан ойлгуулж, аргадан сэнхрүүлсэн, үр хойчид минь сургамжтай гэгээн сайхан үттэй дуу боллоо.
ЦЭВЭЛМААДАА
Амьдрал жаргалаа холбоод
Дөчин жил ханилсан
Алаг хорвоод мэндлээд
Нэгхэн жарныг элээсэн
Бурхан хань чамдаа
Энэхэн дууг зориулав.
БУРХАН ХАНЬ МИНЬ
Нарлаг хорвоод хослон учраад
Насан үүрд ханьсан жаргах
Ганцхан насны хайрын оргил түшиг
Гал голомтын минь бурхан хань минь ээ
Айлын өнгө нь чи минь билээ
Аз жаргалын гэрэл гэгээ
Амьдрал хайрын өмөг түшиг
Алагхан үрсийн минь ээжий хань минь дээ
Өргөө гэрийн хорол тооноор
Нарны алтан цацраг гийгүүлж
Өргөн түмэн монголчуудынхаа
Нэрийг мөнхлөх ухаанд ханьссан хань минь дээ
Айлын өнгө нь чи минь билээ
Аз жаргалын гэрэл гэгээ
Амьдрал хайрын өмөг түшиг
Алагхан үрсийн минь ээжий хань минь дээ
Тахилын найман цөгцөөн дүүргээ
Тансаг амьдралын энхийг билэгдээд
Төрийн хүний үйлсийг түшилцээд
Төгөлдөр олны сэтгэлд хоногшсон хань минь
Айлын өнгө нь чи минь билээ
Аз жаргалын гэрэл гэгээ
Амьдрал хайрын өмнө түшиг
Алагхан үрсийн минь ээжий хань минь дээ
Ардын дундаас анхлан тодорч
Ардчилсан төрийн жолоог залсан
Насны ханиа хүү шигээ эрхлүүлсэн
Нандин хайрын минь бурхан хань минь
Айлын өнгө нь чи минь билээ
Аз жаргалын гэрэл гэгээ
Амьдрал хайрын өмөг түшиг
Алагхан үрсийн минь ээжий хань минь дээ
Хайрын түшиг хань минь дээ
П.Очирбат
Монгол Улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн "Эгэл бус зол" номноос






