Тэнгэрлэг зураач бүсгүй

Зураач Л.Өнөрчимэгийг танихгүй хүн гэж үгүй ээ. Тэрээр Налайх дүүрэгт ажиллаж байгаа сураг сонсоод өөртөө нь уулзаж уран бүтээлийн болоод амьдралынх нь тухай яриаг уншигч танд хүргэхийг зорилоо. Тус дүүргийн “Сайн номуун” хийд хэмээх номын их өргөөнд хүүхэд багачуудад өөрийн эрдэм ухаанаа сургаж буй зураач бүсгүй маань удахгүй хилийн дээс алхан уран бүтээлийнхээ үзэсгэлэнг дэлхий нийтэд тавих урилга хүлээж аваад байгаа гэнэ. Тэрээр дэлхийн хаана ч байхгүй эргэдэг буюу хөдөлгөөнтэй уран зураг бүтээсэн. Энэ нь олон улсад сонгодог зургийг анх удаагаа хөдөлгөөнд оруулсан тохиолдол юм байна. Ингээд Л.Өнөрчимэгийн сэтгэлийн ертөнцөөр хамт аялцгаая.
-Өнгөрсөн 10 гаруй жил уулзсангүй. Энэ хугацаанд ямар ажил амжуулав даа?
-Өнгөрсөн 10 жилийг эргээд харахад маш их зүйл бүтээжээ. Тэр дундаа дэлхийн уран зургийг хөдөлгөх хэмжээний бүтээл туурвиж чадлаа. Үүний патентийг манай зохиогчийн эрх, оюуны өмчийн газар, төр улс анхааралдаа авахад болно. Одоо Эрмитажийн музейд байрлуулах олон түмэнд сурталчлах гээд л олон зүйл хийж болно. Ер нь хүн төрөлхтний дунд уран зургийг би анх хөдөлгөж чаджээ. Учир нь Луварын музей зэрэг дэлхийн нэртэй музейнүүдэд олон сайхан гайхамшигтай бүтээл хадгалагдаж байдаг. Гэхдээ тэр зургууд нэг л янзаараа өлгөөстэй, нэг л утга илэрхийлдэг. Харин миний туурвиж буй одоогийн бүтээлүүд хаашаа ч хамаагүй хөдөлж чадах онцлогтойгооос гадна хааш нь ч харуулаад харахад өөр өөр төрлийн олон арван сэдэв, өнгө аястай. 10 гаруй жилийн хугацаанд хийсэн хамгийн том зүйл гэвэл энэ л байна даа. Нөгөө талаас өөрөөсөө илүү бусад хүмүүсийн хувийн амьдралыг тэтгэж явсан байна. Шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүд энд ийм хандив өглөө тэнд тийм тусламж олголоо гэж ярьдаг. Тэгвэл би тэднээс дутахгүй л гараа сунгасан байжээ. Хүмүүсийн төлөө явж, тэдэнд их биш ч гэсэн инээмсэглэх боломж олгосон болохоороо би бахархалтай байна.
-Хонконгд урилгаар долоон жил ажилласан гэл үү?
-Гадны оронд албан ажлын урилгаар долоон жил ирж очин ажилласан. Миний авьяасыг үнэлж, уран бүтээлийг дэмжиж долоон жил ажиллуулсан нь гайхамшигтай. Энэ бол намайг үнэлсэн том үнэлгээ байсан.
-Тэнд олон шавьтай болсон уу?
-Миний шийдвэр их зөв байсан гэж би боддог юм. Тэнд амар амгалан, эд хөрөнгийг нь бодоод ажиллаад байсан бол надад 10 гаруй орон сууц өгөх байсан байх. Харин Хятадын ард түмний тэрбумаас бараг сая хүн нь хоёр гараараа бичих зурах шийдэлд сураад л үлдэх байсан. Тиймээс эх орондоо ирсэн нь зөв байгаа биз. Монголынхоо олон авьяаслаг хүүхдүүдэд зурж сурах боломж олгосон нь дээр биз дээ. Эх орондоо ирж хэцүү нөхцөлд хутгалдсаныхаа төлөө би хэдий зовсон ч гэлээ монголчууддаа өөрийнхөө чаддаг бүхнийг өвлүүлэх гэж зүтгэж байна.

-Хонконгос ирээд Улаанбаатарт хувийн сургууль нээчихсэн сураг байсан шүү дээ?
2006-2009 онд сургалтаа хотод ажиллуулж байлаа. Харамсалтай нь тухайн үед ам.долларын ханш, орон сууцны түрээсийн үнэ, ажлын байрны үнэ ч нэмэгдсэн. Би сургуулийнхаа байрыг түрээсэлж, хувиасаа бүх юмаа гаргаж хүүхдүүдийн бололцоог хангаж байж хичээл зааж байсан. Нэг үгээр хэлэх юм бол цэвэр 20 жил өөрөө юу ч хийлгүй амьдарчих хөрөнгөө гаргасан. Үүндээ би харамсдаггүй л дээ. Эдгээр хүүхдүүд ямар ч байсан үр дүнд хүрч мэргэжилтэй болсон зарим нь гарын ураараа амьдарч гадаад дотоод явж байна. Нөгөө талаасаа хувь хүн ямар нэгэн зүйл санаачилж сэдээд хийхээр төлөвлөгөөнд нь байгаагүй нийгмийн саад гарч ирдэг. Энэ нь иргэн хүнд хэцүү тусаад байгаа юм.
-Өөрөө их тэсрэлттэй бүтээл хийдэг хэний ч санаж сэдэж чадаагүй явааг гаргачихдаг. Одоо хөлөөрөө зурж байна уу?
-Миний энэ чадвар хэзээ ч хаягдахгүй байх. Монголоос хөгжлөөрөө 200 жилээр түрүүлчихсэн асар их хөгжилтэй орнуудын зураачид одоо л аквариум дотор зурж эхэлж байна. Америк, Солонгос, Япон, Франц гэх орнууд одоо л хоёр гараараа зурж эхэлж байна.Орос элсээр, Солонгос усаар, Хятад хоёр гараараа сэлгэлэн зурахыг оролдож байна. Дэлхийн хэмжээнд зургийн спорт хөгжиж байна. Дэлхийд гоц гэж яригдаж байгаа Солонгосын зураачийн одоо хийж буй үзүүлбэрийг ч би аль эрт 20 жилийн өмнө хийчихсэн байгаа юм. Харамсалтай нь манай төр урлагийн салбараа зөв нээж дэмждэггүй авьяаслаг хүмүүсээ алдаад дарагдаад байгаа юм. Монгол гэдэг оюун санааны асар өндөр хөгжилтэй үндэстэн гэдгийг би олон улсад баталчихсан шүү дээ.
-Өөрийг тань төр хэр үнэлж байна?
-Намайг ямар ч айлд очсон хаана ч явсан хүмүүс таньдаг байхгүй юу. Зарим хүн надад хэлдэг юм. “Миний охин аль эрт ард түмний дунд гавьяат болчихсон хүн. Чиний авьяас бүтээлийг хүн бүр үнэлдэг” гэж энэ үг бол надад энгэртээ Төрийн шагнал зүүснээс илүү их шагнал болж байгаа юм. Ер нь миний бүтээл дахин давтагдашгүй ховор, ард түмний хүртээл болсон, өөрийн гэсэн огноотой шүү дээ. Ер нь өнөөгийн төр засгийг онцгой бүтээл туурвисан хүндээ төрийн шагнал олгож чадахгүй байгааг хүн бүр ярьж байгаа шүү дээ. Гэхдээ миний хувийн бодол бол, яадгийн миний ард түмэн өөрсдөө их авьяастай тул гавьяатаа бүгд л авах хэрэгтэй, ийм авьяаслаг хүмүүс байж намайг жинхэнэ гоц гэж хайрладаг болохоор би хамгийн сүүлд авч болно.
-Эргэдэг бүтээлээ хэдэн жил туурвиж байж дуусгасан бэ?
Их хөдөлмөр шаардсан. Анх санаагаа нь 10 жилийн хүүхэд байхдаа таван тивийн хүүхдүүдийг дэлхийн бөмбөрцөгт тойруулаад эргүүлж зурж байхдаа олсон юм. Энэ бол 1985 он шүү дээ. Тухайн үед эргэдэг жааз бодож байсан боловч арай л амжуулж чадахгүй бас арга эвээ олохгүй яваад байсан байх. Тэгээд хожим биелэлээ оллоо. Хүн яагаад зураг гэхлээр ганц өлгөөтэй зүйл харах хэрэгтэй гэж гэсэн утга бодож байгаад л хийсэн. Дэлхийн уран зургийг үүгээрээ хөдөлгөж чадах болсондоо би их баяртай байгаа.
-Нийтэд гаргаж үзүүлсэн үү?
-Үзүүлээгүй. “25 дугаар телевиз”-ийн “Тв галерей” нэвтрүүлгээр цухас дурьдаад өнгөрсөн. Одоо Налайхын 500-гаад орчим хүүхэд хүмүүс үзээд байж байна. Би галлерей болгоод дэлгэчихсэн.
-Энэ бүтээлийг чинь төрийн томчууд үзсэн үү?
-Ер нь манай улс төр хийгээд зарим бизнесменүүд өөрсдөө уран зургийн цуглуулгатай гэж ярьдаг. Байдаг ч байх. Тэр хүмүүс өөрсдөө ирж үзэж сонирхоосой гэж би бодож байна. Дэлхийн арт спортын зураачийн галерей юм.Монголд анх зургийн спортын холбоо байгуулаад дэлхий нийтийн анхаарлыг нааш нь дуудаж монгол хүний оюуны гайхамшгийг харуулах ёстой гэж бодож байна. Би ерөнхийлөгчийн тамгын газар хандсан. Гэтэл энэ сайхан бүтээлийг дэмжээгүй атлаа төрийн ордондоо зүгээр л нэг тайлан тоглолт хийхийг зөвшөөрөөд байдаг нь хачирхалтай санагддаг.
-Өөрөө ингэж яваад нийгмийн золиос болж хэлмэгдээд дуусчих вий дээ?
-Магадгүй Р.Чойном, П.Адарсүрэн нар ямар амьдралаар явж байгаад хорвоог дуусгасныг хүн бүхэн мэднэ. Тэр хүмүүс бол жинхэнэ гоц авьяастай хүмүүс байсан. Харин гоц авьяастан гэх цолыг 20 гаруй жилийн өмнө надад олгосон. Би гоц авьяастан гэдэг нэр хүндийг өдий хүртэл авч явж байгаа. Манай нийгмийн аль ч тогтолцоонд байдаг нэг гаж зүйл бол гоц авьяастан нь бараг мэдрэлийн солиотойд тооцогдож байгаад насыг бардаг эмгэнэл бий. Арга ч үгүй юм төр засаг нь гоц авьяастануудаа дэмжиж тусалж тэднийхээ оюун ухаан хийгээд гайхамшгаар дэлхийд гайхуулж чадахгүй юм чинь. Өнөөдөр гоц авьяастан Л.Өнөрчимэг хаана ямар сайхан бүтээл хийчихсэн явааг төрийн түшээдийн нэг нь ч анхаарч харахгүй байж аль аймгийн нутагт хэн газар ухаад алт авчихав би авах ёстой байсан юм гэж харамсаж тийшээ л шунал нь хөдөлж явдаг гэхэд хилсдэхээргүй болж. Тэгэхээр Монголоо дэлхий нийтэд гаргах хүсэл сэтгэлгүй атлаа өөрийгөө хөрөнгөжүүлэх гэсэн санаа шийдэлтэй хүн олон байна гэж ард түмэнд шууд утгаараа ойлгогдож байгаа шүү дээ. Монголчууд халуун цустай авъяастай, омог бардам хүмүүс. Би ганцаараа гоц авьяастан биш шүү дээ. Нугараач, сийлбэрч, хөгжимчин гээд олон гоц авьяастнууд миний араас гарч ирж байгаа. Тэр хүмүүсийн төлөө ядаж би дуугарах ёстой гэж бодож байна.
-Бүх л амьдралаа уран бүтээлд зориуллаа. Одоо яаж амьдарч байна?
-Би хоёр идэхгүй хоосон хонохгүй жирийн л амьдралтай. Монголдоо тайлан тоглолтоо хийнэ гэхээр нэг хэсэг нь өндөр түвшинд хийнэ гэж бодож байхад нөгөө хэсэг нь атаархаад дарж байна. Тэгэхээр би тайлан тоглолт хийж, бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргаж чадахгүй л явж байна. Гэхдээ “Сайн номуун” хийдийн хамт олон болон намайг гэж сэтгэл зүрхээ зориулдаг олон хүний ач буян, ард түмнийхээ дунд байгаа болохоор сайхан байна.
-Шинэ шийдэлтэй бүтээл хийж байна уу?
-Хүүхдүүдийнхээ үзэсгэлэнг бэлдээд сууж байна. Удахгүй Налайх дүүрэгт миний хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн нээгдэх гэж байна. Налайх дүүргийг хүмүүс алслагдсан дүүрэг гэж ойлгох буюу хотын хөдөө гэж ярьдаг. Гэтэл жинхэнэ утгаараа энд монголын ирээдүйн нэг хэсгийн хөгжил дэвшил явагдаж байна. Жинхэнэ хот чинь энд байна.
-Өөрөө яагаад Налайхыг сонгож ирээд энд суучихав?
-Би Өвөрхангай аймгийн Хархоринд төрсөн. Аав ээж хоёр маань Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын урианхай хүмүүс. Аав минь залуудаа цэргийн ангийн захирагч болохоор их олон газраар явж байсан. Тэгэхээр Налайх бол миний бага настай холбоотой унаган дүүрэг минь байгаа юм. Бас нэг юм гэвэл миний хүүхэд нас, залуу үе социализмын үед үнэхээр их хэлмэгдэж. Тэгэхээр авьяастай хүүхдүүд над шиг битгий зовоосой гэсэндээ энд ирж хүүдүүдийн авьяасыг нь тодруулаад чиг замыг нь олоод өгье л гэж бодсон юм.
-Уран бүтээлээ борлуулах, зарах тал дээр хэр вэ?
-Би халтуурын зураг зурж үзээгүй. Нэг удаа ч захиалгын зураг зурж яваагүйдээ өөртөө баярладаг юм. Дандаа л оюун ухааны өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр дуртай бүтээлүүдээ туурвиж ирсэн. Зарж үрмээргүй хайрладаг зургууд минь зөндөө байгаа. Зарим тохиолдолд хүн үзээд гуйгаад худалдаад аваад явчихдаг. Өөр оронд бол зурж дуусаагүй байхад эзэн нь олддог манайх бол өөр шүү дээ.
-Өөрөө жинхэнэ уран бүтээлчийн замаар яваад байдаг юм шиг санагдаж бахархдаг шүү...?
Баярлалаа. Би унах үедээ унадаг. Босох минь ч олон. Амьдрал хэнийг ч алаг үздэггүй шүү дээ. Өнөөдөр би илүү ихийг ухаарч цоо шинээр сэтгэж байгаа. Болдгоороо л болж байна. Гэхдээ үргэлжийн мөнх уран бүтээлээ л боддог. Нэг ч удаа мөнгөний боол болж гүйгээгүй шүү. Надад тийм чанар ч зохихгүй байх. Би бол уран бүтээлч хүн шүү дээ.
-Хонконгд үзэсгэлэн гаргаж байв уу?
-Маш их гаргаж байсан. Ерөөсөө унтаад л босоод ирэхэд нүүр ам будаж хувцас өмсүүлээд долоон цагт тоглолт чинь болно. Уулзалт болно. Орой амрах, тэдэн цагт босно тийм газар үзэсгэлэн чинь нээгдэнэ гээд л аваад явна. Цаас харандаа будгын дэлгүүр ч явдаггүй зөвхөн миний оюун ухаан л ажилладаг байсан. Харин монголдоо би өөрөө бүтээлээ туурвиж хажуугаар нь багшилж, гэр орны хатуу хүтүү ажилд зүтгэж байна.
- Хонконгод байх Монголд байх өдөр шөнө шиг ялгаатай санагдаж байна уу?
-Гадаадад байхад та бол зурах л ёстой гэж байсан бол энд эсрэгээр нь чи зурж болохгүй гэх нь л халаг байна даа. Өнгөрсөн хавар Багахангай, Налайхад тоглолт хийсэн одоо би морин хуур, уртын дуу сурч байна. Миний уртын дууны багш Налайхын соёлын ордны Хүрэлбаатар, морин хуурын багш Чулуунбат гэж хүн байна. Би өөрөө бүжиг, дуу, драм, шүлэг, эсгий урлаг, керамик, сийлбэр, хатгамал, уран зургийн хичээл зааж байна дээрээс нь чулуун сийлбэр, хөөмөл, элсээр зурахыг заахаар бэлдчихээд ажиллаж байна. Бид бол өөрсдөө хөгжицгөөе гэсэн уриатай л ажиллаж байгаа.
-Тансаг амьдралыг хүн бүхэн хүсдэг. Харин өөрөө түүнээс татгалзаад л байх шиг?
-Манай улс төрийнхөн тансаг гэж хэлээд байгаа тэр амьдралаасаа зарим нь ичээсэй. Би тэр амьдралыг чинь үзчихсэн. Хөдөлмөрөөрөө баяжсаныг нь ард түмэн ялгаж танихыг нь таньж байгаа шүү. Тэр бэлэн торгон дээр хөлбөрөх бол амьдрал биш юм билээ л гэж хэлмээр байна. Би өмсөж зүүх, алт мөнгөөр гоёх, дэлхийн одын хэмжээнд хүндлэгдээд явахыг үзсэн. Харин өнөөдөр хүмүүсийн дунд тэдэнд тусалж, жирийн хүн шиг амьдрах нь сайхан юм байна гэдгийг ойлгосон.
-Өөрөө машинтай юу?
-Олон маркийн машин авч унасан. Харин гадаадад байхад агаарын онгоц, усан онгоцоор намайг аваад явчихна. Одоо машин унахаас дургүй хүрсэн. Яагаад гэхээр миний машины араас мөргөсөн жолооч өөрийнх нь буруу байхад шууд л над руу дайрч хараал хэлж байсан. Тийм муухай, замын хөдөлгөөнийхөө дүрмийг ч мэдэхгүй хүмүүсийн дунд би замын хөдөлгөөнд оролцоод яах юм. Автобусаар явсан дээр. Тэгээд ч хүмүүс машинаар уралдаж бие биендээ зиндаархаж машинаа гайхуулах бол утгагүй. Машин бол хэрэглээ. Одоо ард түмэн чинь морио үгүйлээд байна шүү дээ хө.
-Олны танил хүн нэг хоёр удаа автобусанд суухад ямар байна?
-Эхлээд бол жаахан хэцүү байсан. Харин одоо автобусаар явахдаа би огт санаа зовдоггүй. Такси байнга барьдаг. Хүмүүс ч их гоё, гарын үсэг аваад л, амьдаар чинь харлаа гэдэг юм. Ирээдүйд хотоо гоё болбол мэдээж би өөрөө машин барилгүй ч яахав дээ. Гэхдээ би уралдааны машинд их дуртай. Гадаад байхдаа барьдаг байсан. Миний дэргэд суусан хүн нисэх нь гээд айсан гээч.
-Өөрөө морины давхианд зургаа зурж байсан. Одоо морь унаж байгаа юу?
-Морь унааагүй их удчихаж. Уг нь Хөвсгөлд морины давхианд зураг зурж байсан. Одоо эргээд санахад их хөгжилтэй санагддаг юм. Морин дээрээ мордоод л цаас будгаа автал миний морь гэнэтхэн аваад давхичихаж билээ. Тэгээд шууд л зургаа зурж эхэлсэн. Хүмүүс уухайлаад л зургаа зураад дуусгаж амжаагүй байхад уралдааны морины хөтөч давхиж ирээд л нөгөө зураг зурж байгаа цаасыг шууд авсан гэтэл хүмүүс түүнийг булаацалдаад урж тасдаж аваад хадгална гээд л. Миний ард түмний сэтгэл их сайхан шүү. Ард түмэн гэдэг бол аугаа.
-Өөрөө монголынхоо бүх орон нутагт аялан тоглолт хийсэн байх аа?
-Би залуудаа бүх аймагт тоглолт хийсэн. Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудад л гэхэд нэг ч сум алгасаагүй тоглосон. Олсон орлогоо ард түмэндээ л өгч, нийгмийн эмзэг хэсэгт тусалж байсан. Өөрийгөө өөрөө зарлаад, өөрөө олон дүрд хувилаад л тоглолт хийж явах их сайхан байсан. Тухайн үед надад маш их эрч хүч, энерги шингэж байсан гэж боддог. Одоо хаана ч явсан миний монголын ард түмэн намайг таньж хүндэлж харьцдаг юм.
-Шавь нартаа хөлөөр зурах арга техникээ зааж өгч байгаа юу?
Манай хүүхдүүд хөлөөр зурах бэлтгэл хийж байна. Мөн элсээр зурж байна. Хоёр гараар нэгэн зэрэг маш сайхан зурж бичдэг болсон. Мөн уран зургууд зурсан. Энэ бүхнээрээ л одоо үзэсгэлэн гаргах гэж байна.
-Өөрөө зөн совинтой юу?
-Би совинтой. Багшийн их сургуульд байхдаа нэг багшаа өвдөж байгааг анзаараад “Багшаа таны бие их муу байна. Түргэн эмчлүүл” гэж захиа өгч байсан юм. Гэтэл тэр багш болон манай ангийхан уурлаад л манай ахыг дуудаж “Энэ хүүхэд өвчтэй солиотой юм. Унтдаггүй гэсэн ядаргаа тусчихаж” гэж загнаж байсан.
Дараа нь манай ангийн Дашхүү багш “Уучлаарай Өөнөө. Чи тэр багшийг өвчтэй гэдгийг яг мэдээд үхэх өдрийг нь хүртэл хэлсэн байна” гэж байсан. Манай багшийн их сургуулийнхан намайг зөнтэйг бүгд мэднэ. Тиймээс зарим багш нар ирээдүйгээ үзүүлдэг байсан. Зарим нь үл ойшоож байсан ч хүмүүс эргээд уучлалт гуйдаг. Би тусалмаар байгаа мэдсэн зүйлээ шууд хэлдэг. Сайныг мэдэрвэл тайлбарлаж дуугардаггүй.
-“Сайн номуун” хийдийн тухай яриач?
-Налайх дүүрэгт байгуулагдсан “Сайн номуун” хийд гэж том гэр бүл байна. Би энэ хийдийг их хүндэтгэдэг юм. Хийд бол бурхнаас илүү өөрөө бурхан болсон соёлын бүтээл шүү дээ. Ийм сайхан хийд үүсгэн санаачилж бариад үйл ажиллагаа явуулж буй тус хийдийн удирдлага нийт хамт олон бол гайхамшигтай сэтгэл сайтай хөдөлмөрч хүмүүс. Тиймээс танай сайтаар дамжуулаад тус хийдийн хамба ламтан, их багш С.Нэргүйд болон хамт олондоо ажлын өндөр амжилт хүсээд баярлаж явдагаа илэрхийлье. Мөн дээр нь налайх дүүргийн ард түмэндээ ч баярлаж явдгаа хэлье. Ер нь ард түмний дунд сайн нь олон байгаа болохоос муу нь олон биш шүү дээ.
В. Нэргүй

