Бельгиэс илгээсэн Кристмасын ил захидал

 

Европчууд Кристмасын баярын өдрүүдийг тэсэн ядан хүлээдэг. 11 дүгээр сар болов уу, үгүй юу дэлгүүрүүд баярт зориулан хямдралаа зарлаж, гоёмсог боодолтой бэлэг барин алхах хүмүүс олширно. Ингээд л шинэ жилийн уур амьсгал орж, хүн бүр л гэр бүл,төрөл садныхаа амар мэндийг мэдэн сайхан баярлахыг ерөөж, ил захидал илгээхээр зэхэцгээнэ. Манай гэр бүлийн хувьд ч ялгаагүй. Баяр дөхөөд ирэхээр нөхөр маань ил захидлуудаар гэрээ чимдэг юм. Бас бид ирсэн ил захидлуудадбүгдэд нь марталгүй хариу илгээх таатай ажилд дарагддаг. Шинэ жил бүр мартагдашгүй, өөр өөр дурсамж үлдээдэг шүү дээ. Шинэ жилээр бид 12 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлээрээ цугларч хамтдаа баяраа тэмдэглэдэг. Энэ баярт үйл явдал бидний хувьд бүр заншил болоод тогтчихсон. Харин шинэ мянганы 2011 оны шинэ жилийн баяраар бид яг энэ өдрөө хадам эгчийндээ цуглаж тэмдэглэхээр болсон. Өдрийн 12 цагт хоол идээд, үдээс хойш 15 цагийн үед амтат бялуугаа задалж, кофе ууцгаана. Харин орой баярын зоог барина. Яагаад ч юм надад цагаан сараар гэрийхэнтэйгээ битүүрч байгаа юм шиг санагдаад байдаг л даа.

  Шинэ жилээр хотын төв талбайд жижигхэн модон байшингууд эгнэж Кристмасмаркeт эхэлдэг. Өөр өөрийн өнгө аястай бараа таваараа худалдах ногоон байшингуудын дундуур сонирхон алхаж, шарсан төмс идэн халуун вино ууж, оргилуун дарс тулгангаа чимэглэн зассан тайзан дээр баярт зориулан тоглох үзүүлбэрүүдийг үзэж зогсох нь үнэхээр таатай  бас хөгжилтөй байдаг шүү. Ингээд бодохоор шинэ жилтэй холбоотой сайхан дурсамжууд маань өөрийн эрхгүй санагддаг юм. Нөхөртэйгөө танилцсан жилийн анхны Кристмас санаанаас ердөө гардаггүй. Өдөр бүр Кристмасмаркeтаар хөтлөлцөн алхаж, оройжин мөсөн гулгуур дээр хөөцөлдөн гулгаад л...Энэ бүхэн сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн мартагдашгүй,жаргалтай, гэгээлэг баярын өдрүүдийн минь нэг байж билээ. Би ч бас Кристмасын баярын өдрүүдийг нэг л мэдэхэд хүсэн хүлээдэг болжээ. Та ч бас Кристмасын баярыг догдлон хүлээж, хайртай дотны хүмүүс, найз нөхөддөө ил  захидал илгээхээр үзгээ яаран шүүрч байна уу. Merry Christmas and Happy New Year!!!

Хүндэтгэсэн:  Б.Ариунжаргал Gent, Belgium

          2011.12.18

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.