Тэдний зарим нь бидний тухай ингэж боддог
Ээ дээ, энэ хүүхнүүд нээрээ эрчүүдийн төлөө зүрхээ өгөөд дээр нь бие хаагаа өгөхөөс буцахгүй юм даа. Ядаж байхад эрчүүд НҮДЭЭРЭЭ дурлах юм. Хэрвээ эрчүүд чихээрээ дурладаг байсан бол эмэгтэйчүүд ярианы хичээлд сууж, ном уншиж, мэдлэг хуримтлуулаад, олон хэл сураад лаг байхгүй юу.
Гэтэл нүдээрээ дурладаг эрчүүдийн нүдэнд сайхан харагдах гэж энэ эмэгтэйчүүд өөрийн биеийг зовоож байна шүү дээ.
Тухайлбал: Бие галбиржуулах гимнастик, дасгалуудад явж байна. Тэр нь долоо хоногт 3-4 удаа хичээллэнэ. Ажлаа тараад л шууд дасгал руугаа. Зайлуул, ходоод уруугаа болсон болоогүй юм давуулсан ч юм уу үгүй ч юмуу.
Гэтэл нөгөө эрчүүд нь цэнгээний газарт, гэдсээ унжуулаад л, хүйтэн шар айраг шимсэн шигээ турьхан сайхан залуу охид гөлөрсөн шигээ сууж байх жишээтэй.
Зарим нэг хүүхнүүд нь усан дотор дасгал хийж байнаа. Илүү үр дүнтэй турдаг юм байх. Хэн нь ч тэгж номлосон юм бүү мэд. Элдэв, янзын хөөсөнцөр хавтан өргөж, шидээд л үнэхээр зовж байнаа.
Хөөрхий эмэгтэйчүүд нээрээ их шаргуу, дайчин юм аа.
Гэтэл арай гэж тураад гоё болоод ирсэн айлын сайхан охиныг зүгээр л аваад суучихгүй эрүү нь урт, уруул нь нимгэн, хойшоо урагшаа томбойх юм байхгүй, банз манз гэж өөчилсөөр байгаад хөөрхий нөгөө хүүхнүүд чинь мэс заслын ширээн дээр илүүг нь тайруулаад, дутууг нь нэмүүлээд ирж байгаа юм.
Бас болоогүй, гэдэстэй байна саалийн үнээ шиг гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүүхнүүд чинь орой хоолоо ч сайн идэж чадахгүй тавагтай хоолоо нэг халбагдаад л, гэдэс рүүгээ нэг хараад л тэгээд хоосон хонох нь тэр. Харин эрчүүд нь нэг таваг хоолонд цадахгүй бүр 2-3 таваг нэмнэ. Эрчүүдийн гэдсийг бөмбөг шиг болсон ч хэн ч тоохгүй, гоочлохгүй.
Дараа нь өндөр, намын тухай шүүмжлэл. Энэ ч мөн хэцүү дээ. Угаасаа намхан төрсөн хүүхнүүд нь өөрийнхөө өндрийн гуравны нэгтэй тэнцэхүйц өндөр өсгийт олж өмсөнө. Өвдөгөөрөө дохийж, өвлийн халтиргаанд сөхөрч уначих шахаад л явцгаана даа. Эрчүүдэд л сайхан харагдаж байвал эмэгтэйчүүд юу ч хийхээс буцахгүй юм даа...






