Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан
Перл Бак
1938 он - Утга зохиол
1938 онд Перл Бак Хятадын ард түмний аж амьдралыг олон талаар, түүхэн байдлаар дүрсэлсэн тул Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналын эзнээр тодорчээ.
Америкийн зохиолч эмэгтэй Перл Бак Баруун Виржинид прэсвитериан шашны сайн дурынхны гэр бүлд мэндэлжээ. Бак охиныг бага байхад тэднийх Хятад руу нүүж, тэнд амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрөөсөн байна. Түүний бүх уран бүтээл хятадтай салшгүй холбоотой бөгөөд Перл Бак англиар ярьж эхлэхээсээ өмнө хятадаар ярьдаг болжээ. Тэрбээр 1910 онд АНУ-ын Виржинийн охидын коллежид элсэн орсон үеэс зохиол бичиж эхэлсэн аж. Коллежээ төгсөөд Бак 1921 онд нөхөртэйгээ Нанжин хотод суурьшин тэндхийн их сургуульд багшлах болсон байна.
1920-иод оны туршид Хятадын тухай бичсэн түүний өгүүллүүд Америкийн олон сэтгүүлд гарчээ. Бакийн туурвисан роман, өгүүллүүд Америкийн уншигчдад урьд өмнө багахан ойлголттой байсан асар том, нууцлаг соёлыг таниулсан юм. Зохиолчийн нэрд гарсан романууд нь "Дорнын салхи", “Өрнийн салхи" (1930), "Газар" (1931), "Хөвгүүд" (1932), "Эх" (1934), "Хуваагдмал байшин" (1935) зэрэг юм. Эдгээрээс бүх амьдрал нь газар шороотой холбоотой ядуу тариачны гэр бүлийн тухай өгүүлдэг “Газар” бүтээлээрээ тэрбээр 1932 онд Пүлитцерын шагналыг хүртжээ. Эл номонд зохиолчийн бичлэгийн хосгүй хэв маяг, Хятадын уран зохиолын уламжлалт аргуудыг сонгодог реализмтай нягт холбосон байна. Бак 80 насандаа өөд болсон ч түүний уран бүтээл Америкийн утга зохиолын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.







