Цэцэгт цэнхэр шүхэр


Нөхрийнхөө гар цүнхийг хураах санаатай автал цүнхэн дотор ямар нэгэн юм байлаа. Онгойлгон хартал цэнхэр цэцэгтэй гоё шүхэр байв. Надад авчраад өгөхөө мартчихжээ гээд задлах гэсэн боловч “бүтэн долоо хоног мартана гэж юу байхав дээ” гэсэн хартай бодол төрж өөрийн эрхгүй нүд харанхуйлан шүхрийг газар унагачихав...

Нөхөр маань аливаад сонголт сайтай, гадагшаа яваад авчирсан хувцас, бэлэг сэлт  нь надад таардаг, таалагддаг. Ямартаа л найз хүүхнүүд маань надад цагаахан атаархаж байгаагаа нуудаггүй юм. Ийм  гоё шүхэр сонгохыг бодоход зориулж авсан хүн нь их дэгжин эсвэл залуухан  эмэгтэй байгаа даа гэж би бодлоо.

Бид ханилж суугаад арван зургаан жил болжээ. Нөхөр маань энэ хугацаанд итгэлийг минь алдаж  намайг гомдоож, хуурч байсан удаагүй. Ардын дуунд юу гэж дуулдаг билээ дээ. “Ханилж суугаад алдвал харгүй явсны хар гай” гэдэг сэн бил үү. Үнэндээ би нөхрийгөө хардаж халаасыг нь ухаж, цүнх савыг нь нэгжиж байсангүй.

Өдөржин элдвийг ургуулан бодсоор орой болсныг ч анзаарсангүй. Нөхрийгөө ажлаас ирэхэд нь баярлан угтахгүй байгаад гайхсан бололтой хань маань “миний хайр бие нь зүгээр үү” гэсээр өрөөнд орж ирэв.

Тэр өнөөх шүхрийг олж харсан бололтой дуугаа намсган “хэлж чадаагүйд уучлаарай, найзаас нь гуйгаад үгүй гэж хэлэхээр эвгүй санагдаад, авчирсан хойноо өгөх гэсэн чинь нэг л илүү зан юм шиг”  гэхчилэн ээрч мууран тодорхой бус зүйл ярихад би “чи хэнд авсан юм бэ” гэж уйлан асуулаа. Тэр “Жаргалмаад” хэмээн сулхан хариуллаа.

...Анх нөхөртэйгээ учран “би чиний анхны хайр мөн үү” гэж асуухад “үнэнээ хэлвэл чи уурлахгүй биз хэмээн ам өчиг авсныхаа дараа “би анхны хайраа арван жилийн ангийнхаа Жаргалмаа гэж охинд өгч байсан” хэмээн хариулж байсныг саналаа.

“Одоо хүртэл та хоёр уулздаг юм уу” гэхэд эртүүд арван жилийнхэн уулзсан шүү дээ тэгэхэд тааралдсан юм. Удахгүй япон явах гэж байгаагаа хэлтэл “надад борооны шүхэр авчирч өгөөч” гэж гуйсан юм гэж хэлээд бөөн бодолд дарагдчихав.

Анхны хайрыг эр хүн зүрхэндээ хадгалдаг, эмэгтэй хүн дурсамжиндаа хадгалдаг  гэж үнэхээр үнэн бололтой.

Цэцэгт цэнхэр шүхэр эзэндээ очихыг дэндүү их хүсч байгаа байх... Одоо ч хүртэл хайртайгаа баталсан нөхрийнхөө анхны хайрыг би яах вэ. Нөхөр маань Жаргалмаатай дахин уулзахгүй гэж амласан ч зүрх сэтгэлдээ түүнийгээ хайрласаар байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.