Франц оронд анх зорчсон минь (1-р хэсэг)
Монгол орон Ардчиллалыг сонгосон тэр хэцүү үед бидний оюутан ахуй нас эхэлсэн юм. Улс төрийн уур амьсгал тогтворгүй, дэлгүүрт бор давснаас өөр авчих юмгүй, мөнгө байсан ч зарах юмгүй тийм л нэг үе байлаа. Өглөө босоод сургуульдаа хүрэх гэж автобусны араас гүйн арай чамай хоцрохгүй нэг ирнэ. Гэхдээ амьдрал хэцүү байна гэж санаа сэтгэлээр уналгүй, бидний хийх ёстой зүйл гээд урагшаа л зүтгээд байдагсан.
Анх 1963 онд франц хэлний ангид оюутан элсүүлж 5 жилээр хоёр анги төгсгөсөн нь анхны франц хэлний монгол мэргэжилтэн нар байв. Тэгээд МУИС-ийн сэтгүүл зүй, философи, монгол хэлний ангид франц хэлийг сонгоноор зааж байгаад 1990 онд МУИС-ийн ОУХДС-ийн суурийг тавихад бид оюутан болж ирцгээсэн билээ. Анх хуваарь авахад МУИС-ийн Хэл бичгийн факультетийн өрнө, дорны судлал нэртэй байсан юм. Тэгэхээр одоогийн МУИС-ийн ОУХС сургууль нь хэлбичгийн факультетийн 70 гаруй оюутанд үндэслэн байгуулагдсан юм.
Оюутан болж ирсэн биднийг нэгэн том ангид суулган хэл заадаг багш нар, тэнхимийн эрхлэгч нар нь ирэн бидний саналыг сонсон анги болгон хуваарилсан юмдаг. 1992 онд франц хэл сурч буй оюутнаас Франц улсад нэг сарын хэлний дамжаанд явуулахаар шалгалт авлаа. Манай ангиас Ш. Гэрлээ, А. Бат-Өлзий бид 3 тэнцэн 1992 оны 7-р сард одоогийн Хүмүүнлэгийн оюутнуудтай цуг Франц орныг зорилоо. Тэр үед одоогийнх шиг интернет, телевиз, сонин гэх олон төрлийн мэдээллийн эх суваг гэж үгүй. Нөгөө хэдэн дасал болсон Эйфелийн цамхаг, загвар гэсэн хэдхэн ойлголттой л зорьж байгаа юм. Тухайн улсын амжиргааны өртөг, онцлог, цаг агаарын тухайд бараг ямар ч төсөөлөл байхгүй.
Аав минь нисгэгч байсан болохоор Орос руу нисэхдээ авчирч өгсөн Жое Дассаны хэдэн дуу, толь бичиг, сургуульд хэрэглэдэг хэдэн сурах бичгээс өөр бидэнд гарын авлага байсангүй. Байгаа юмаа хямгадан хэрэглэж, эхнээс нь эцэс хүртэл цээжилсээр ямар ч байсан бага сага ярьж, анхан шатнаас дээхэн түвшинтэй болсон байжээ одоо бодоход. Бидэнд анхны төгсөгчид Г. Буяннэмэх, Цэрэндолгор, мэргэжилтэн багш Кристин (сүүлд Ги дө Контард гэх мэт) нар хичээл орж, Франц орныг эдгээр хүмүүсээр төсөөлж байлаа.
Бидний явах 7 сард дулаахан сайхан байв. Онгоц хэрхэн нисдэг, цагийн хуваарийн тухайд ямар ч ойлголт байхгүй, Улаанбаатараас Польш хүртэл галт тэргээр явах болж тасалбар бичүүллээ. Аав маань Солонгос руу анх удаа ниссэн тул аавтайгаа уулзаж байж явна гэсээр бусдаасаа хоцорчихлоо. Тэр үед Францын визийг Москвагаас авах тул ИВ-Москвагийн галт тэргэнд ганцаар суув. Нэг купенд жүжигчин Хасар Жагаа ах эхнэр Урнаатайгаа хамт явж байсантай нь таарч Москва хүртэл их л хөгжилтэй очсондог. Анх удаа гэрээс гарч холыг зорьж буй тул ээж маань идэх хоолыг өдөр өдрөөр нь тооцон нэг том хар цүнхэнд хийж өгсөн юм. Сар болох тул үхрийн нөөшилсөн мах 20 гаруйг, төдий хэмжээний гоймон, вагонд идэх хуушуур, хонины гуя гээд идэх хоол цүнхний маань гуравны хоёр хэсгийг эзэлж байгаа юм чинь. Ганц хүн барж идэх биш хамт явсан нөгөө хоёртойгоо бага багаар хуваалцан Москва хүрэхэд ямар ч байсан хонины гуянаас саллаа. Ингээд Москвад ирэн Оросын элчинд түрүүлж явсан хэдтэйгээ уулзан Францын элчин сайдын яам орж виза аван хөлгийн жолоог цааш нь залав.
Миний авч явсан хоол дундраа ч үгүй тул хамгийн хүнд цүнхээ чирсээр би сүүлд нь хоцорно. Польш хүртэл нэг өдөр хагас, дараа нь Герман хүртэл нэг хоног явахад бидний цагийн зөрөө аль хэдийн гарчихсан байв. Польшид галт тэрэгний буудал дээр хүлээж байгаад дараагийн галт тэргэнд суусан тул ямар хот байдаг тухайд нэг их ойлголт байсангүй. Мэддэг орос хэлээр ярихаар үнэхээр их дургүйцэж бидэн рүү муухай харц шидлэнэ. Германд манай ангийн А. Бат-Өлзийн эгч сурдаг байсан болохоор 2 хоносон юм. Герман хэл мэдэхгүй тул тэдний хэлж байгаа үгийг нь сайн мэдэхгүй, хэлсэнийг нь ойлгохгүй тул нэг л хатуу, ширүүн хүмүүс мэт санагддаг байсан юм. Тэр үед Майкл Жексон аялан тоглолтоор Берлин хотод ирсэн, билет нь 50 доллар гээд манай Бат-Өлзийгийн эгч, хүргэн ах хоёр үзэж бидэнд ярьж өгсөн нь санаанд тодхон үлджээ.
Германаас 21 цагийн үед автобусаар гарч 12 цаг явж Парис хотод өглөөгүүр орж ирлээ. Хаашаа харна танидаг мэддэг хэлээр бичсэн болохоор эх орондоо ирсэн ч юм шиг нэг л танил, дотно сайхан байж байв. Олон сайхан барилга, дэлгүүр, нийтийн тээвэр, метро, музей гээд анх удаа гадаад оронд зорчиж буй мань мэтэд үзэх юм мундахгүй. Алхам тутамд нээлт хийсээр Өрнөдийн оронд хөл тавьж буй минь.
Биднийг мэргэжилтэн багш Ги дө Контар багш хүлээж байв. Хүн болгон аав ээжийгээ харсан мэт баярлан багштайгаа уулзалдлаа. Нөгөө хүнд ачаатай би хамгийн сүүлд үлдэхэд багш ирээд “Алтангүл минь, Монголын хамаг алтыг ачаад ирээ юу?” гэж байна. Би ч мөчөөгүй өгөхгүй “-Үгүй, энэ чинь Монголын чанартай хоол байхгүй” гээд л зүтгэлээ. Өглөөгүүр байсан ч багш хоол олж өгнө гэсээр анх удаа итали ресторанд дагуулж орон спагетти бидэнд захиаллаа. Тэгээд бидэнд яаж идэхийг нь зааж өгч байнаа. “Сэрээгээрээ гоймонгоо ороохдоо халбагандаа тулгаад эргүүл” гэж хэлээд идэж үзүүлэхэд бид ч дууриан “амттай сайхан хоол байна” гэж дуу алдан дуусгав. За ингээд тахиа, шувууны мах идэж эхэлж байгаа минь энэ.
(үргэлжлэл бий)







