Алдарт загвар зохион бүтээгч Valentino Garavani

 

Дэлхийн загварын ертөнцөд шинэ дэвшлийг авчирсан цуутай эрхмүүдийн нэг бол Valentino Spa-ийн үүсгэн байгуулагч Valentino Garavani билээ. Италийн загвар зохион бүтээгч, өдгөө 79 настай энэ эрхэм бага сургуульд байхаасаа л загварт хорхойтой байсан нэгэн.

 

 

Түүний хүсэл сонирхлыг гэр бүлийнхэн нь дэмждэг байсан тул ердөө 17 насандаа мөрөөдлөө биелүүлэхээр Парис хотыг зорьжээ. Парист очмогцоо өөрийнхөө сонирхлын дагуу уран зураг, загварын “Ecole des Beaux–Arts” сургуульд суралцсан байна. Парист суралцах хугацаандаа Jacques Fath, Balenciaga зэрэг Францын олон алдартай загварын ордонд ажиллаж нэлээдгүй туршлага хуримтлуулсан гэдэг.

 

 

Тухайн үеийн шилдэг загвар зохион бүтээгч нар болох Jean Desses, Guy Laroche нартай хамтарч ажилласан нь түүний авъяас чадвар хөгжиж, шинэлэг загвар гаргахад ихээхэн түлхэц болсон. Парист байхдаа ажлын цомхотголоор Valentino ажлаасаа халагдсан юм. Энэ нь түүнийг бие даан бүтээлээ туурвиж, загварын ертөнцөд өөрийн гэсэн цоо шинэ хуудсыг нээх боломжийг олгосон байна.

 

 

Ингээд Valentino Парисыг орхиж, өөрийн төрсөн нутаг Италид эргэн ирж, Ром хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй загварын төв болсон Via Condotti гудамжинд өөрийн анхны дэлгүүрээ нээжээ. Тийнхүү 1963 онд бүрэн хэмжээний коллекцио албан ёсоор танилцуулсанаас хойш олон коллекцио ар араас нь гаргах болсон юм. Тэр дундаа 1968 онд тавигдсан White Collection нь олныг бишрүүлж чадсан. Нарийн чамин хийцтэй, тансаг гоёл чимэглэл бүхий дэгжин хээнцэр байдал нь түүний загварын онцлог байлаа.

 

 

Түүний бүтээлүүдээс дэгжин час улаан өнгийн даашинзууд нь олны таашаалд нийцэж түүнийг олны анхаарлын төв болгосон. Улаан хивсний ёслол, томоохон хүлээн авалт дээр олны танил жүжигчид, дуучид, урлаг спортын алдартнууд Valentino-ийн даашинзаар гоёсон байхыг олонтаа харах болно. 1968 онд АНУ-ын тэргүүн хатагтай загварын бэлэг тэмдэг гэгддэг Jacqueline Kennedy-н хоёр дахь гэрлэлтэнд зориулж хуримын даашинз урласан юм. Түүнчлэн алдарт Elizabeth Taylor-оос эхлээд гүнж Margaret, Белгийн хатан хаан Paolo, Julia Roberts, Gwyneth Paltrow, Halle Barry, Sandra Bullock, Penelope Cruz, Rene Zelwegger зэрэг олон олон нэр хүндтэй бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг гайхалтай загваруудаараа татаж чадсан гавьяатай нэгэн билээ.

 

 

Valentino-ийн нөр их хөдөлмөрийг үнэлж түүнд олон шагналуудыг олгож байснаас 2006 онд Францын ерөнхийлөгч Chirac-аас Legion d’Honneur /хамгийн нэр хүнд бүхий/ хэмээх шагналыг хүртсэн явдал байлаа. Valentino загварын ертөнцөд хагас зуун жилийг өнгөрүүлэхдээ загварт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, гоёмсог нарийн дэгжин шийдлээрээ тэсрэлт хийж үнэлж баршгүй ач гавьяаг байгуулсан нэгэн. Тэрээр загварын ертөнцөд ноёлсон 50 жилийнхээ ойд зориулж хамгийн анхны загварын виртуал музейг байгуулсан. Үүнд түүний загварын ертөнцөд хөл тавьснаас хойшхи урласан бүх загварууд нь тавигдсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.