Миний “амьдралын багш”
Багш нарын баяр тохиож буй энэ өдрүүдэд хүн бүхэн багшийнхаа тухай бодож, анхны багшаа дурсан санаж байгаа нь лавтай. Би ч бас “А” үсэг заасан Лхагваа багшийгаа санаж, багшийнхаа аядуу зөөлхөн яриа, намбалаг даруухан төрх, хааяахан уурладаг хатуухан төрхийг нь тодоос тод санаж байна. ...Манай анги сургуульдаа сахилгагүйгээрээ нэлээд “толгой цохидог” анги байлаа. Охид хөвгүүд нь эн тэнцүүхэн. Багшаа! “Энийг хардаа, үснээс зулгайгаад байна”, “Надруу черниль (бэх) цацчихлаа..”, “Намайг зодчихлоо...” гэх хов манай ангийн байдаг л нэг дүр зураг байсан. Харин манай багш бүгдийг зөөллөж чаддаг. Би багшийнхаа тухайд дурсахдаа нэгэн таагүй явдлыг ярих дуртай.
Биднийг гуравдугаар ангид сурч байхад болсон явдал. Манай ангийн хэсэг охид хөнгөн атлетикийн дугуйланд явдаг байсан юм. Би тэдний нэг нь. Нэгэн өдөр бид хэд дугуйлангаа тараад залнаас гартал нэг найз маань надад 10 төгрөг байна, өчигдөр манай хамаатан ах өгсөн юм, хэдүүлээ дэлгүүр орж “амттай юм” авч идэцгээе гэв. Бид ч дуртай нь аргагүй зөвшөөрөн дэлгүүр явцгааж, дэлгүүрээс 2 төгрөгийн молоко, 1 төгрөг 10 мөнгөний “Нийслэл” печень хүний тоогоор нэг нэгийг, шилтэй ундаа аваад өнөөх 10 төгрөг маань дуусчихав. Авсан амттангуудаа идэхээр нэг найзындаа очиж “тансаглав”. Хичээл маань 13 цаг 30 минутанд ордог байсан тул бид хичээлдээ бэлтгэхээр гэр гэрийн зүг салцгаав. Эхний цагийн хичээл эхлэхийг сануулж хонх дуугарахад, багш маань хонхны дуутай зэрэгцэж гаднаас орж ирэв. Харин багшийн маань царай нэг л биш, өвдчихсөн хүнийх шиг цонхигор, хөмсгөө зангидсан ууртай харагдаж байсныг би одоо хэр нь санаж байна. Урьд нь манай багш намуухан алхсаар, инээмсэглэсээр ангидаа орж ирдэг байсан. Гэтэл тэр өдөр багш тэгээгүй. Хичээлээ ч “олигтой” заагаагүй юмдаг. Харин хичээлийн дундуур өглөө “тансагласан” бидний хэсэг охидыг нэг нэгээр нь ангиас гарган дуудаж уулзаад л байв. Миний ээлж ирэх нь тэр. Багш надаас бүхнийг мэдэж байсан юм шиг,
-Миний охин! Та хэд өглөө 10 төгрөгөөрөө юу юу авсан юм бэ дээ? гээд тайван гэгч нь асуусан. Би ч өөрөө гол дүр нь болж дэлгүүрээс юм худалдаж авсан болохоор, авсан зүйлүүдээ ер түгдрэлгүй хэлчихэв. Багш маань
–Аан за за, 10 төгрөгийг нь хэн гаргасан юм? гэхэд нь би бас л түгдрэлгүй “тэр” гээд л биднийг дайлсан ангийнхаа охины нэрийг хэлчихэв.
Багш ангиас нөгөө хэдэн охиныг бүгдийг нь дуудаад гаргаад ирэв.
-За миний охидууд “зөвхөн үнэнээ” л хэлээрэй! Багш нь загнаж, зэмлэхгүй ээ. Би бүгдийг нь мэдэж байгаа гэсэнд манай ангийн “тэр”:
-Багшаа! Уучлаарай! би өчигдөр их цэвэрлэгээний үеэр таны цүнхнээс 10 төгрөгийг чинь авчихсан юмаа, дахиж “хулгай хийхгүй ээ” гээд эхэр татан уйлав. Бид ч бүр гайхаж орхилоо. Харин багш маань “тэр” охиныг загнаж зэмлэхийн оронд аргадан тайвшруулж, биднийг зэмлэсэн юм. Дараа нь багш маань бид хэдийг дагуулан гарч дэлгүүрээс зөндөө их “амттай юм” авч өгсөн. Багшийн авч өгсөн амттангууд өглөө “хулгайны” мөнгөөр авсан зүйлүүдээс ч илүү амттай санагдаж байсан. “Тэр” охин одоо манай багшийн мэргэжлийг эзэмшсэн бага ангийн багш болсон. Энэ явдлын тухай бид хэд л мэдээд өнгөрсөн. Тэр үед би бодохдоо, дотроо “үхтлээ айж” аав ээжид, сургуулийн захиргаанд хэлж цагдаад мэдэгдэх байхдаа хэмээн бодож зогссоноо нуугаад яахав. Гэвч багш маань энэ тухай хэнд ч хэлээгүй, харин бидний “гавъяа байгуулсан хүмүүс” шиг шагнасан юм. Магадгүй “тэр” охин багшаасаа үлгэр дуурайлал авч бага ангийн багш болсон байх. Одоо эргээд бодохнээ миний багш дэндүү ухаантай, мундаг эмэгтэй байж. Багш маань бидэнд “А” үсэг, “10” хүртэл тоолж сурахыг заасан анхны багш ч “амьдрал” хэмээх их сургуулийн анхны багш маань байсан юм.
