“Сонгодогийн үзэгчид тэнэг биш”

Сонгодог урлагийн дор хүн төрөлхтөн мэхийн ёслож, түүнийг гэрэлт наран мэт хайрлах авай. Түүний туйлын “сайхан” чанар жинхэнэ сонгодог гэж юу болох тухайд өгүүлэх агаад түүнээс ямархан ч алдаа эндэгдлийг хайж үл чадах ажээ.

Эртний Маяачуудын үеэс, магадгүй түүнээс ч өмнө буй болсон сонгодог гэх ойлголт  Грекийн нийслэл Афин, Людвиг ван Бетховен, Фредерик Шопен, Вольфганг Амадей Моцарт, Винсент Ван Гог, Диего Веласкес, Уильям Шекспир нараар он цагаа хэлхэн, “хэзээ ч хүрч үл дийлнэ” хэмээн тодорхойлсон “туйлын” гэх философийн ойлголтод дөхөн ирсэн байна.

Гэвч өнөөдөр сонгодогийг сонирхогчдыг хараан зүхсээр. Цагаан захтай усан толгойтнууд хэмээнэ. Үнэндээ үдшийн даашинз өмсөөд театрт ирчихээд үзсэн зүйлээ ойлгохгүй байж алга ташдаг гэлцэнэ. Үхлийн өмнөх “момент”-д үзэгчид суудлаасаа босч баяр хүргэдэг нь үнэхээрийн тэнэг “сэхээтнүүд” юм гэж хэлэхэд хүргэнэ. Гэвч...

 Жузеппе Вердийн бүтээл “АИДА” дуурь. 1871 онд Каир хотод анх тоглогдож байснаас хойш Монголд 140 жилийн дараа буюу 2011 онд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдсон. Дэлхий дахинд дуурийн театр, дуурийн дуулаачдын урын сан хөмрөгийг айхтар шалгасан, хамгийн үнэ цэнэтэй гэгдэх энэхүү бүтээлийг Монголд анх тоглогдоход үзэгчид “аль хэдий нь ойлгож, мэдэрсэндээ бус харин гайхамшиг болсон уран бүтээлийг үзэж, сонсох гэсэндээ басхүү алтан тайз, аялгуу эгшгийг хүндэтгэсэндээ гоёж ирсэн юм”. Гайхамшигийг  нүдээрээ үзэж, чихээрээ сонсохгүй бол харамсалтай биш үү.

Цаашилбал, дуурийн төгсгөлийн дуэт газар доорх бунханд Аидагийн хэсэг “Газар нутаг минь өршөө”  хэмээх ари сэтгэл эмзэглүүлж, зүрх булиглуулна. Үнэндээ, үзэгчид Итали хэл мэдэхгүйн учир үгийн утгыг ойлгохгүй боловч ая, хэмнэл, дуулаачийн хоолойн өнгө темп, биеийн хэл, нүдний харц бүгдийг мэдрүүлэх агаад үгээр зөвхөн чихэнд хүрдэг бол, үүгээрээ тэд сэтгэлд хүрч чадсан гэлтэй.

“Авьяаслаг Хятадууд - 2011” шоунд  Алсад суугаа ээж дуугаараа оролцож бүх Хятадын ард түмнийг уяраасан Уудам хүүгийн тухай энд санах нь зүйтэй.

                        Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад

                        Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно оо... хэмээн цээл сайхан хоолойгоор уянгалуулсан хүүгийн дууны үгийг үзэгчид ойлгож байсангүй, гэхдээ ая аялгуу, дуулаачийн биеийн хэл хэрхэн хүний зүрх сэтгэлд хүрдэг тухайд өгүүлж байна. Сонгодог урлаг үүнтэй л агаар нэгэн буй.

Тайзан дээр хэн нэгэн өвчин шаналалдаа тарчлан үхэж байхад, үзэгчид сандлаасаа босч “Браво” хэмээн орилдог нь юуны учир вэ? Үхснийх нь төлөө баярлаж байна уу? Эсвэл... гэж бодоход хүргэнэ. Үнэндээ, энэ ч бас жүжигчний уран чадвар, биеийн хэл өгүүлэмж хүн төрөлхтөний дотоод оршихуйд хэрхэн хүрдэгийн нэгэн илрэл гэлтэй. Бодит амьдрал дээр хэн нэгэн хэзээ ч үхдлийн хажууд алгаа ташихгүй нь мэдээж, харин үүнийг театрын алтан тайзнаа урлаг болгон  хөдөлгөсөн жүжигчиний уран чадварын төлөө бид алгаа ташдаг юм.

Ерөөс, сонгодогийн үзэгчид гэдэг урлагийн бүтээлийг бурхан болгон шүтсэн чин их итгэлт сүсэгтэн болох бөгөөд түүний төлөө өвдөг сөгдөхөд бэлэн аугаа их хүндлэлийг өөртөө шингээсэн гэлтэй. Сонгодогийн үзэгчид “цагаан захтай тэнэгүүд” бишээ.

                                                                                                            Б.Гэрэлмаа

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.