Өөр замаар (цуврал нийтлэл)
Шинэ намын дарга Ганцаараа ухуулах хуудас нааж, хашааны ёроолд чичирч зогссон минь улс төрийн тэмцэл хараахан биш ажээ. Нэгэнт улс төр гэдэг эрсдэлтэй, эсэргүүцэл ихтэй, зориг шаардсан зүйл болохоор олон хүн нийлж байж энэ “ажлыг” гүйцэтгэдэг аж. Энэхүү олон хүний багийг “нам” гэнэ. Улс төрийн шинэ намууд 1990 оны 2-р сараас эхлэн эрчимтэй бүрэлдэж эхлэв. Анх удаа Монголд “Монголын Ардчилсан Нам”, “Монголын Үндэсний Дэвшлийн нам”, “Социал Демократ нам” гэх намууд байгуулагдав. Бүгд ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг Монголд авчирахын төлөө байгуулагдсан ажээ. Гэнэт олон нам гарч ирмэгц сонголт хийх гэдэг шинэ асуудалтай тулгарч үзэв. Хот орох бүртээ шинэ намуудын уулзалтуудад сууж, аль нам нь юу ярьдгийг судалж явав. Ирээд аавд нэгд нэгэнгүй тайлагнана. Ээж маань МАХН-ын гишүүн байсан болохоор тэр намаас надад урилга ирнэ. Би нэгэнт сонголттой орчинд энэ намд элсэхгүй гэж хариулдаг байв. Сонголтгүй орчинд байгаа ганц намд элссэн нь ээжийн үеийнхний хувь заяа. Харин сонголттой орчинд миний улс төрийн хувь заяа зөвхөн надаас шалтгаалах ёстой байлаа. Иймээс нэлээд бодож байж сонгохыг хүсэв. Болдогсон бол шинэ байгуулагдсан гурван намд гурвууланд нь ормоор байлаа. Тэдний ярьж байгаа зүйл надад үргэлж таалагдаж байв. Энэ гурван нам нэгдмэл нэг нам байсан бол би тэр дороо л элсчихмээр байв. Ингэж бодож, шийдэж чадахгүй явтал 1992 оны хавар болов... Үргэлжлэлийг "Тэргүүн индэр"-ийн Ц.Оюунгэрэлийн нийтлэлээс уншина уу.

