Франц оронд анх зорчсон минь (2-р хэсэг)

Мэргэжилтэн багш маань биднийг гадаадын оюутан хариуцдаг байгууллагад хүргэн өгч удахгүй уулзахын ерөөл талбин одлоо. Бид хэд Парис хотод 2 хонож, Эйфелийн цамхаг, Парисын Мари Эхийн сүм гээд жуулчдын хамгийн их үзэх дуртай дурсгалт газраар хөлний улаа эргэтэл явсан юмдаг. Парис хотод 5-н галт тэрэгний буудал байх ба бүх тээврийн хэрэгсэлтэйгээ холбогдсон байдаг. Яаж ингэж бүгдийг нэг дороос холбон, цаг минутаар ирэх, явах цагийг нь тооцон үйлчилдэг байнаа гэж би өнөөг хүртэл гайхан боддог юм. Францчуудын инженерийн сэтгэлгээ их мундаг, дэлхийд гайхагдсан байдаг. Бид хэдэн оюутан цаашаа Францын нутгийн гүнд байх Виши хотын КАВИЛАМ гэх хэлний төвд суралцахаар хурдан галт тэргээр явав. Францын хурдан галт тэрэг дэлхийд алдартай, 400 гаруй км газрыг 1 цаг хагас л туулж байгаа юм. Тэгэхээр цагт 200 гаруй км хурдалдаг бололтой. Галт тэрэгний цонхоор Францын хөдөө нутгийг тольдон харах ямар сайхан гээч. Франц үнэхээр хөдөө аж ахуй нь өндөр хөгжсөн орон юм. Замбараатай барьсан хувийн байшин, эрдэнэ шиш, буудай, чихрийн манжин, үр тариа, усан үзмийн гээд ангилсан талбайнууд, үхрийн, хонины ферм, нарны болон салхины зай хураагуур, нам тайван дөлгөөн амьдрал гээд үнэхээр диваажин. Бүхий л талбай нь эзэнтэй харагдах агаад хувийн аж ахуйгаа зөв арга барилаар хөгжүүлсэн орны хөгжил нүдэнд ил. Биднийг нэгэн франц эмэгтэй хүлээн авч байранд маань хүргэж ирлээ. Манай байр XVIII зууны үед гэлэнмаа нарын амьдарч байсан газар гэнэ. Тэгэхээр тухайн үеийн уламжлалыг хадгалан зөвхөн эмэгтэй хүнийг л байлгадаг гэсэн. Тэнд дан эмэгтэй хүн байх тул бид их дассан байлаа. Нэг өдөр хичээлээс иртэл нэг эрэгтэй хүн манай байрны нэг давхарт зогсож байсан чинь бид бүүр гайхан “Энэ юун хүн бэ?” гэж бүгд дуу алдтал “Засварчин дуудсан. Заалны гэрэл шатсан тул сольж байгаа юм” гэж бидэнд байрны дарга хэлэхэд нь бүгд нэг санаа амрав. Бид нарыг нэг нэг өрөөнд байлгах ба өрөө маань тохилог, ор, хувцасны шүүгээ, хичээл давтах ширээтэй. Анх удаа ганцаар нэг өрөөнд удаан амьдрах болсон тул эхэндээ эл хуль оргиод эвгүй л байлаа. Нэгдүгээр давхарт нийтийн галт тогоотой, хүн бүр хоолоо хадгалах хөргөгч, аяга тавга, угаалгын машин гээд хүнд хэрэгцээтэй бүх зүйлийг тавьсан байна. Хүлээлгийн өрөөнд зурагттай, тэнд бүгдээрээ цуглан янз бүрийн сонирхолтой хөтөлбөр үзнэ...  Үргэлжлэлийг нийтлэлч Б.Алтангүлийн индрээс уншина уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.