Цэвэршилт хамгийн эртдээ 35 наснаас эхэлдэг

13 настай жаахан охин байхад минь сарын тэмдэг гэх зүйл ирсэн сэн. Урилгагүй ирсэн тэр зочин сар бүр намайг тавгүйтүүлж, жаахан биеэнд минь дараа болдог байв. Түүнийг ирсэн анхны өдөр би сэтгэл санаагаар унаж, энэ хорвоогийн хамгийн азгүй хүн хэмээн өөрийгөө бодож билээ. Тэгээд “эрэгтэй хүүхэд байсан бол ийм юм ирэхгүй ямар амар вэ” гэж хөвгүүдэд баахан атаархаж байсан санагдана. Гэхдээ аажимдаа сар болгон биений юм ирэх, сарын тэмдгийн өмнөх өвдөлт гэх зvйлvvдээс айхаа больж дассан. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Нялх залууд минь сэтгэл шаналган ирж байсан тэр зүйл эмэгтэй хүний, ээж хүний хувьд хамгийн нандин бас хамгийн сайхан. Нөхөртэйгөө өнгөрүүлсэн анхны шөнө, хүүхэдтэй болохыг хүссэн өдөр хоногууд гээд л сайхан дурсамж бүхний ард тэр ямар нэгэн мэдээний дохио болж байсан.  Хүүхэдтэй болохыг хүссэн үедээ “энэ сард битгий ирээсэй” гэж өөртөө шивнэдэг байхад зарим үед “ирээсэй ирээсэй” гэж битүүхэн хүлээж шанална. Одоо харин тийм мэдрэмжийг авахаа больсон учир нь би “цэвэршиж” байгаа. Нас минь дөнгөж 45-тай хэдий ч...

Бүх зүйлд яг анх биений юм ирж байсан шиг хандаж би айж бас цочирдож байна. Ямар ч эмэгтэй хvний амьдралд “цэвэршилт” гэж шийдвэрлэх бас даван туулах vе байдаг ажээ. “Цэвэрших” хэрээр миний биед олон өөрчлөлт гарч байгаа. Мэдээж энэ нь  хvн бvрд янз янзаар илрэх байх. Гэхдээ л бие галбир, сэтгэл санаа, зан араншин, бэлгийн мэдрэмж, сексийн харилцаанд ямар нэгэн таагvй өөрчлөлт гарсаар байна.

“Цэвэршилт” гэдэг бол эмэгтэйчүүд бидний амин гол эрхтэн өндгөвчнөөс өндгөн эс ялгарахаа больж, жирэмслэхгvй болно гэсэн vг ажээ. Гэхдээ цэвэрших үйл явц ганцхан өдөр үргэлжлэхгүй гэнэ. Цэвэршилтийн өмнөх vе гэж хамгийн чухал үеийг би туулж байна. Энэ vе хэзээ дуусахыг би хэлж мэдэхгүй гэхдээ л тухайн хvнээсээ хамаарч хэдэн сар эсвэл хэдэн жилээр ч явагдаж болдог ажээ. Цаад тал нь 10-аад жил vргэлжилдэг гэж vздэг. Цэвэршилтийн өмнөх vед өндгөвчнөөс эстроген дааврын ялгаралт аажмаар багасна. Ихсэж, багасах нь шилжилтийн vетэй төстэй боловч vр дагавар нь илvv мэдэгдэхvйц сөрөг нөлөөтэй байдаг. Мэс засал, хими, туяа эмчилгээ зэрэг гадны нөлөөтэй цэвэршилт гэж бас бий. Ийм vед цэвэршилтийн өмнөх vе гэж байхгvй шууд “цэвэршдэг “ ажээ.

Надад мэдрэгдэж байгаа шинж тэмдэгүүд

•сарын тэмдэг маань алдагдаж эхэлсэн

• vе мөч өвдөх, янгинах

• нvvр хvзvv рvv халуун оргих

• санаа бодол төвлөрөх, санахад ямар нэг өөрчлөлт илрэх

• бэлгийн дур хvсэл өөрчлөгдөх

• vе vе толгой өвдөх

• шөнө халуун оргих

• ойр ойрхон шээх

• өглөөгvvр бие сулрах, ядрах

• vтрээ хуурайших, бэлгийн хавьтал өвдөлттэй болох

• сэтгэл санаа өөрчлөгдөх

• нойр хулжих

• бvсэлхий, гуяар таргалаж эхэлсэн...

Мэдээж дээрхи шинж тэмдгvvд хүн бүрт заавал илэрнэ гэсэг vг биш. Зарим нэг нь эсвэл огт илрэлгvй байж болно. Гэхдээ цэвэршилтийн өмнөх vе явагдаж л байдаг тул зохих арга хэмжээ авах хэрэгтэй. Сvvлийн vед харьцангvй залуу насны, ганц бие, тогтмол бэлгийн харьцаагvй эмэгтэйчvvд ихэссэн бөгөөд цэвэршилтийн өмнөх нас 35-аас эхэлдэг гэж vзвэл ихэнх нь өөрсдийн биеийн өөрчлөлтийг зөв дvгнэх ойлголтгvй ихэвчлэн дан гоо сайхандаа онцгой анхаарч эхэлдэг. Гэтэл бие организмд болж байгаа цэвэршилтийн өөрчлөлттэй шууд холбоотой байдаг. Хамгийн гол нь зvрх судасны өвчинд нэрвэгдэх, шvд муудах, яс сийрэгжих улмаар бэртэл гэмтэл авах эрсдэл ихэсдэг аюултай.

Цэвэршилтийн тухай өөр бусад зүйлүүд

Цэвэршилтийн өмнөх vе

Хамгийн эрт гэхэд 35 наснаас эхэлдэг гэж vздэг. Тамхи татдаг бол 2 жилийн өмнө цэвэршинэ. Манай цэвэршилтийн дундаж нас 45. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар 40 наснаас өмнө бол эрт цэвэршсэн гэж хэлнэ. Өндгөвч авах, тайрах мэс заслаар цэвэршсэн бол бие организмд гэнэт таагvй өөрчлөлтvvд гарах бөгөөд ихэвчлэн сэтгэл санааны ямар нэгэн хямралд ордог тул эмчилгээ хяналт онцгой шаардлагатай. Зарим хvмvvс янз бvрийн шинж илэрсэн ч удахгvй цэвэршээд зvгээр болчихно гэж боддог. Гэвч ихэнх эмэгтэйчvvдэд цэвэршилт 2-3 жил vргэлжилдэг боловч мөн 10-12 жил ч сунжирч болно. Ялангуяа бэлгийн дур хvсэл, бэлгийн амьдралын хувьд эмчлэхгvй бол илvv хvнд байдалд орж болно. Энэ vед жирэмслэх боломж багассан болохоос vргvй биш тул жирэмснээс хамгаалах хэлбэрийг мөн зөв сонгох хэрэгтэй. Сарын тэмдэг vзэгдээд алга болдог ч жирэмслэж болно.

Халуун оргих шинж

Биеийн дээд хэсэг, нvvр толгой руу 30 секундаас 5 минут хvртэл хугацаанд халуун төөнөж болно. Цусан дахь дааврын өөрчлөлттэй холбоотой. Гар хуруугаар зvvгээр хатгах мэт болж, зvрхний цохилт ихсэх зэргээр эхлэх бөгөөд цээжнээс нvvр лvv халуун төөнөж, нvvрний арьс улайж ирнэ. Эмэгтэйчvvдийн 75%-д ямар нэг хэмжээгээр халуун оргилт илэрнэ. Тэдгээрийн 50%-д өдөрт 1 удаа илрэх бөгөөд бусад тохиолдолд өдөрт хэдэн ч удаа халуун оргиж болно. 100-аас 10 эмэгтэйд цэвэршсэнээс хойшхи 5 жилд мөн энэ шинж илэрсэн хэвээр байдаг.

Халуун оргилтыг хөнгөвчлөх зөвлөгөө

Эмчийн заалт хяналтын дагуу даавар нөхөх эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмчийн заалтгvй эмийн бус эмчилгээний хувьд бол:

- Дүфү, далайн замаг зэргийг хоолондоо хэрэглэх. Энэ нь ургамлын гаралтай эстроген агуулдаг тул таны биед тун хэрэгтэй.

- Кальци тогтмол уух. Унтаж амрахын өмнө уувал биед илүү нөлөөлнө.

- Байнгын идэвхитэй хөдөлгөөнийг хийх, цэвэр агаарт алхах, бүжиглэх

-  Ногоон цай ууж занших

Цэвэршилтийн таагүй мэдрэмжийг улам гүнзгийрүүлдэг зүйлс:

-Тамхи нь цэвэршилт эрт эхлэх гол нөхцөл болдог.

-Согтууруулах ундаа, кофе, халуун ногоотой амтлагч нь бэлгийн дааврын хэмжээг бууруулдаг.

-Би хөгширч байна гэсэн гутранги бодол цэвэршилтийг ихэсгэдэг.

-Хөдөлгөөний хомсдол нь цэвэршилттэй хавсарсан олон суурь өвчний эхлэл болдог.

Цэвэршилтийг хөнгөнөөр даван туулах олон арга байдгаас хамгийн гол нь сэтгэлзүй гэдгийг  би хамгийн сайн  ойлгосон. Хоол хүнсэндээ буурцаг, хөх тарианы гурилан бүтээгдэхүүн хэрэглэвэл цусан дахь дааварт ашигтай бодис олноор ялгардаг.. Ургамлын гаралтай дааврын бүтээгдэхүүнийг эмчийн зааврын дагуу тун хэмжээг тохируулан хэрэглээрэй. Мөн үтрээний лаа, түрхлэг хэлбэрээр ашиглаж болдог.                                                               

 А. Найгалмаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.