Миний эгч

Хаалганы хонх дуугарах чимээнээр би өдийд хэн ирдэг билээ гэж бодон “хэн бэ” гэтэл зөөлөн танил дуугаар “эгч нь байна” гэлээ. Нүдэнд нь гуниг хурсан ч гэсэн нуухыг хичээн эгч инээмсэглэн орж ирлээ.
Хэзээ ч, юу ч тохиолдсон тэр бүрийгээ тоочоод байдаггүй болохоор юу болсон тухай эгчээс асуугаад ч нэмэргүй. Би энэ тэрийг хөөрөлдпөн эгчид цай аягалж өгчихөөд “хоол идэх үү” гэтэл “үгүй, үгүй эгч нь хоноод явъя" гэлээ. Ор засах санаатай галын өрөөнөөс гарахад, ард эгч нусаа татах сонсогдлоо. Мэдээж нулимсаа нуун дотогшоогоо залгиж байгаа нь илт...
Унтахаар хэдийн хэвтсэн ч нойр хүрдэггүй элдвийг бодсоор. Архичин нөхөр нь зовоосон нь ойлгомжтой хэр баргийн юманд ингэж шөнө орой айл хэсэх хүн биш аргаа бараад л ирж дээ гэж эгчийгээ би өрөвдлөө.
Ухаан орсон цагаас л би эгчийгээ зовоосон доо. Жаахан уйлаад л татчихдаг болохоор ээж, аав, эгч гурав намайг уйлуулахаас үхтэл айна. Яагаад уйлахаараа татдаг байсан юм бүү мэд, түүний адил яаж зүгээр болсон юм бүү мэд, уйлуулахгүй байлгасаар байгаад ээж аав эгч 3 минь зүгээр болгосон юм уу, одоо би зүв зүгээр.
Энэ байдлаас болсон уу эгч бид хоёрын зан тэнгэр газар хоёр шиг л өөр. Би эрх дураараа, эгч хүлцэнгүй дуугаа билээ. Уг нь бид хоёрын насны зөрөө бага л даа. Муу эгчийгээ дандаа дээрэлхэн гэр цэвэрлэх болоход хамгийн амар ажлыг нь хийж, усанд явахдаа хүртэл хоосон савтай усны тэргийг нь түрчихээд эргэж ирэхдээ, эгчдээ аль том савтай усыг нь өгөөд, өөрөө жижгийг нь түрсээр гэртээ ирнэ. Өвөл би эгчийн нуруунд нүүрээ наачихаад, хүйтэн жавраас өөрийгөө хамгаалдаг сан. Харин эгч маань мөр дээр таарах том чулуу бүрийг хэлж бүдрэхээс намайг хамгаална.
Тээр жилийн нэг явдлыг би огт мартдаггүй юм. Ээж эгчид цагаан пүүз надад цэнхэр өнгөтэйг авчирч өгсөн юм. Би цагааныг нь заавал өмсөнө гэсээр эгчийн пүүзийг авч, харин эгч минийхийг авсан. Ээжийг “таарч байгаа юм уу” гэхэд эгч “яг таарч байна” гээд л.
Харин маргааш нь усанд явахад эгчтэй хамт дэлгүүр орох гээд явж байтал эгч “эгчийнх нь хөл өвдөөд байна”, “миний дүү ганцаараа явчих” гэлээ. Би дийлж сурсанаараа уйлж, омогдсоор хамтдаа явсан л даа. Эгч урд орон хурдан, хурдан алхсаар бид гэртээ ирсэн юм. Харин эгч гэрт ороод үг дуу ч үгүй, орон дээрээ цааш харан суун уйлж эхэлсэн. Дэргэд нь очтол хөлнөөс нь цус гарч байлаа. Ээж үзээд “чи таарч байна гээд л байсан, бариад байна гээд хэлсэн бол ээж нь томруулаад солиод ирэх байсан шүү дээ” гэж эгчийг зэмлэхэд, хамгийн анх удаа би өөрийгөө буруутгаж эгчийгээ өрөвдсөн.
Тэр цагаас хойш би дахиж эгчийгээ дарамтлахаа больсон ч эгч минь хэзээний ноомой, сул дорой нэгэн болоод өсчихсөн байжээ. Яах гэж ганц эгчийгээ дээрэлхэж, өөрийнхөөрөө зүтгэж, зовоодог байсан юм бол оо...
Эгчийн энэ байгаа байдал бүгд миний буруу. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...үргэлж өөрийгөө хойш тавьж, хэн нэгний төлөө гэж зүтгэсээр өөрийгөө мартчихдаг эгчийнхээ өөртөө итгэх итгэлийг нь, үзэл бодолдоо үнэнч сэтгэлийг нь, өөрийгөө хайрлах хайрыг нь одоо би буцааж өгмөөр байна.
Д. Анир
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





