Есүхэй баатар, хүү Тэмүүжин нарын эхнэр авсан түүх /үргэлжлэл/
Хамаг Монголын хан Есүхэй баатар, хүү Тэмүжинээ есөн настай байхад Өүлэн эхийн төрхөм, хөвгүүний нагац Олхонуд нараас охин гуйяа гээд хүүгээ дагуулан тийш явж байгаад замдаа Хонгирадын Дай сэцэнтэй тааралджээ. Есүхэй баатар түүнд аялалынхаа зорилгыг хэлэхэд тэрбээр: «Манай Хонгирад хэдийнээс
хацар гоо хатадтай
өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна.
Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ
Охин хүүхэд өнгө шилэгдэнэ.
Есүхэй, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз» гэжээ. Есүхэй охиныг үзвэл, нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нь нийцжээ. Тэрбээр хүүгийн хамт Дай сэцэний гэрт хоноод маргаш нь охиныг гуйхад, Дай сэцэн өгүүлрүүн:
«Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх,
цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох
гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул, охиноо өгье.
Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ» хэмээн зөвшөөрчээ. Монголчуудын тухайн үеийн ураг барилдах ёсонд, ураг хэлэлцэж тогтсон хойно, эцэг нь хүүгээ охины гэрт бэлэг сэлтийн хамт хүргэж өгдөг байжээ. «Хүргэн гэж хэлэх нь ингэж хүргэж өгдөг байснаас үүссэн болов yy. Тэгээд хуримласны дараа охины эцэг, эх охин хүргэнээ бэлэг сэлтийн хамт хүүгийн гэрт хүргэж өгдөг хэв заншил тэр үед байсан байна. Ийм учраас Есүхэй баатар хүү Тэмүжингээ Дай сэцэний гэрт үлдээж, бас хөтөлж явсан морио бэлэг болгон өгсөн ажээ.
Ингээд Есүхэй баатар буцах замдаа монгол аймгуудын өшөөт дайсан татар аймгийнханд хорлогдсон юм. Хамаг Монголын ханы бэлбэсэрэн үлдсэн Өүлэн эх өнчин өрөөсөн үлдсэн хэдэн хүүхдийн хамт аюул зовлон, гачигдалт амьдралд байсаар Бөртийг бууган авчирах зав тэнхээгүй хэдэн жилийг өнгөрүүлжээ. Энэ хооронд Тэмүжин хэд хэдэн аюулыг өнгөрүүлээд Боорчи, Сорхон Шар нарын дэмжлэгээр алдсан агтаа буцаан авчирч, атаат дайсан тайчуудын аюул хөнөөлөөс мултарч амь гараад анд нөхдийн тус дэмжлэгийг ойлгон мэдэж, өөрийн зориг хүчинд итгэлтэй болсон юм. Яг тэр үед өөрөөр хэлбэл 1178 онд Тэмүжин 17 настайдаа урьд тогтоосон ургийн явдлаа гүйцэтгэж Бөртэг бэр болгон буулган авчирахаар шийджээ. Тэмүжин Бөртэг гэргийгээ болгосноор Дай сэцэн болон дөрвөн түмэн Хонгирад аймгийн дэмжлэг тусламжийг олно хэмээн мэдэж байв. Ингээд Дай сэцнийхнийг Хэрлэн голын Цэгцэр гэдэг газар нутаглан сууж байхад Тэмүжин, дүү Бэлгүтэйгээ дагуулан очоод Бөртэ Үжинтэй хуримын ёсоо гүйцэтгэжээ. Дай сэцэн эхнэр Цотонгийн хамт харьд мордсон охиноо удмын гэрт хүргэж өгдөг ёсыг даган охин, хүргэн хоёрын хамт замд гарчээ. Гэтэл замын дунд Дай сэцэн халуунд ядарлаа гээд буцсаныг манай түүхийн сурвалж бичгүүдэд дараах байдлаар тайлбарлан бичсэн байдаг. Монгол аймгийг захирч байсан Амбагай хан охиноо татар аймагт өгч өөрийн биеэр хүргэж очсонд татарууд түүнийг барьж аваад Алтан улсын хаанд хүргэж, Алтан улсын хаан Амбагай ханыг модон илжгэнд хадаж алсан байна. Амбагай хан нас барахаасаа өмнө Бэсүд овгийн Балхачи хэмээх хүнийг элчээр Монголд зарж: «Хабул хааны долоон хөвүүний дундах Хотулд, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хан, улсын эзэн байтал, охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун!» гэж хэлүүлсэн байдаг. Үүнийг Дай сэцэн санасан уу, эсвэл дахин Тэмүжин нарын тэнхэрч ирснээс Боржигон овогтонд атаархаж хордсон дайсан олдож байгаа тухайн үеийн байдлыг бодолхийлсон уу? ямар ч байсан ядарлаа хэмээн шалтаг заан » буцсаныг түүх сударт дурдсан байдаг.
Бөртийг эх Цотон нь Тэмүжингийн гэрт хүргэж очоод хоёр хүүхдийнхээ хуримын явдлыг гүйцэтгэж өгөв. Бөртэ Үжин төрхмөөсөө нэлээд хэмжээний бэлэг сэлт авчирсан байлаа. Ийнхүү Бөртэ Үжин Тэмүжинг тэнхрээгүй, нилээд гачигдалт амьдралтай үед нь ханилан нийлж, жаргал, зовлонг нь хуваалцах болсон ажээ.
Ж. Урангуа



