Есүхэй баатар, хүү Тэмүүжин нарын эхнэр авсан түүх /үргэлжлэл/
Есүхэй баатар, Тэмүжнийг есөн настай байхад Өүлэн эхийн төрхөм хөвүүний нагац олхонуд нараас охин гуйяа гээд хүүгээ аваад явж байгаад замдаа хонгирадын Дай сэцэнтэй тааралджээ. Есүхэй баатар түүнд аялалынхаа зорилгыг хэлэхэд тэрбээр: «Манай Хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз» гэжээ. Есүхэй охиныг үзвэл, нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нь нийцжээ.
Дай сэцэний гэрт хоноод маргаш нь охиныг гуйхад, Дай сэцэн өгүүлрүүн: «Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул, охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ»/2/хэмээн зөвшөөрчээ.
Тухайн үеийн ураг барилдах ёсонд, ураг хэлэлцэж тогтсон хойно, эцэг нь хүүгээ охины гэрт бэлэг сэлтийн хамт хүргэж өгдөг байжээ.. «Хүргэн гэж хэлэх нь ингэж хүргэж өгдөг байснаас үүссэн болов yy. Тэгээд хуримласны дараа охины эцэг эх охин хүргэнээ бэлэг сэлтийн хамт хүүгийн гэрт хүргэж өгдөг хэв заншил тэр үед байсан байна. Ийм учраас Есүхэй баатар хүү Тэмүжингээ Дай сэцэний гэрт үлдээж, бас хөтөлж явсан морио бэлэг болгон өгсөн ажээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






