Нөхөрлөлөөс ургасан “жимс”

Чи нөхөрлөл, итгэлцлэл хайран дундаас төрсөн. Чиний тухай сэтгэл догдлон ярилцаж, итгэл мөрөөдлөөр жигүүрлэн, дөрвөн найз хүүхэн чамайг бий болгосон. Бид дөрөв хүүхдүүдээсээ илүү хайрлах шахан байж чамайг өлгийдөн авсан. Хоёр найз маань чиний царай зүс өнгө төрхөнд бүхнээс илүү сэтгэл зүрхээ зориулж нойргүй хонон бүтээсэн. Үнэхээр чи үзэсгэлэнтэй харагдаж байгаа. Бид чамайг зөвхөн гоё сайхан байлгах гээд зогссонгүй. Оюун ухаан юуг чинь тэлэх зорилгоор Тэргүүн индэрийн алдартай эмэгтэйчүүд чамд байнга оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа. Ямар нэгэн насны ялгаагүй, ажилтай ажилгүй бүхий л насны эмэгтэйчүүд бүгд чиний найз байхаар бид төлөвлөсөн. Өнгө мөнгө харж аль нэг нам эвсэл, хувь хүний хараат байлгахгүй гэсэн чин сэтгэлтэйгээр чамайг эхлүүлсэн.
Иймдээ ч чи төрөөд шууд олны танил болж чадаагүй. Гэхдээ чамайгаа бид 1 сар 26 хоногтойд 360 найзтай болгосон. Чамтай уулзахгүй хэдхэн цаг л болоход сэтгэл зүрх минь тайван байдлаа алдах юм. Бид урьд нь уулзаад ярилцах юм зөндөө л байдаг. Гэтэл одоо зөвхөн чиний тухай ярьж, чамайг яаж илүү гоё сайхан болгох тухай хүүрнэх болсон. Чи санах болов уу? Чамайг бий болгох гэж бид дөрөв эмч, тогооч, сэтгэл зүйч, нийгэм судлаач гээд л олон мэргэжилтэй болцгоох гэж будилж, мунгинаад хөгжилтэй зүйл их болж билээ. Чамайг минь бидний алдаанаас болоод хэн нэгэн муу хэлэх вий гэхээс бид үнэн голоосоо айцгаадаг. Алдаа гаргахгүй тулд бүгдээрээ хичээж байгаа.
Чамаас гарч байгаа үг, үсэг, цэг, таслал болгон бидний зүрх сэтгэлийн гүнээс гардаг учир хүмүүс чамайг өхөөрдөн хайрлан хүлээж авсан. Бидний анхны бүтээл болохоор алдаатай оноотой зүйлс байгаа л байх. Тэр бүрийг цаг алдалгүй засч, хэн нэгний үүрдийн найз нөхөд байлгах нь бидний цорын ганц зорилго. Чамдаа бүх сэтгэл зүрхээ зориулж, ар гэр үр хүүхдээ мартах, шахсан биднийг ойлгож, дэмжиж байсан хань ижил, үр хүүхдүүддээ бид үргэлж талархаж явдаг. Өнөөдөр чамайг 108 шилдэг эмэгтэйчүүдтэй танилцуулж чиний хийморийн дарцгийг Цэцээ гүний оргилд хийсгэх гэж байна. “www.emegteichuud.mn” чи бол бидний бүхнээс илүү арчлан тордож ургуулсан жимс юм шүү. Одоохондоо бүрэн гүйцэт боловсорч дуусаагүй байгаа ч, чамайгаа хүн бүхний амтархан иддэг боловсорч гүйцсэн амттайхан жимс болтол арчлан ургуулах болноо...
Хэн нэгний хайрлан нандигнадаг зүйл байна гэдэг гайхамшигтай шүү.
Д.Анир
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






