Эх хүн, эмэгтэйчүүд, үр хүүхэд

 

Энэ хорвоод эцэг эхийн хайрыг гүйцээж төлөх хүн гэж нэгээхэн ч үгүй билээ. Тэр тутмаа биднийг 10 сар тээн, ангир уургаа амлуулж, нойр хоолоо умартан хүн болгох гэж амиа тавьдаг ээж нарын ачийг яалтай билээ. Гүйгээд гэртээ ороод ирэхэд ээж л байхгүй бол ямар ч өнгө үгүй, санасан бодсон, догдолсон сэтгэлээ уудлахад ээж байхгүй бол утга учиргүй. Тэгэхээр ээж гэдэг бидэнтэй холбогдсон эрдэнэ ажээ.

Монгол хэлэнд эцэг, эх, ээж, эм, эмэгтэй, эгч, эмээ гээд гэгээлэг, бидний хайрладаг хүн болгон энэ нэг Э үсгээр эхэлдэг байх юм. Бусад хэлэнд ийм тохиолдол байдаг билүү гээд бодоод үзсэн чинь санаанд орохгүй юм. Орос хэлэнд мама, папа, бабушка, англи хэлэнд father, mother, sister, франц хэлэнд mère, père, grand-mère, soeur гээд л нэг үсгээр эхэлсэн үг миний мэддэг цөөхөн хэлэнд байхгүй болж байна л даа.

За тэгээд бодоод байх нээ, энэ Э-гээр эхэлсэн үг бүгд энэрэл, элбэрэл, эв түнжин, эе эв, энх тайван гэсэн сайхан үгтэй нэг жимээр холбогдож байгаа юм шиг санагдана. Энэ бүгдийг нуршин дурьдахын учир нь ерөөс эх хүн, ээж хүн гэдэг энэ сайхан бүхний эх ундарга, утга учир, айл гэрийн түших багана, авааль нөхрийн хань, үр хүүхдийн түшиг, төрөл садны гүүр, улс орны нүүр царай болдогтой хэн ч маргахгүй бизээ.

Би өөрөө залуу хүн хэдий ч өнөөгийн эмэгтэйчүүдийн гэр бүлээ авч яваа байдал, үр хүүхэддээ тавьж буй анхаарал халамжинд үргэлж шүүмжлэлтэй ханддаг юм. Нэг үеийг бодоход эмэгтэйчүүд их боловсролтой, мөнгөтэй, эрх мэдэлтэй болжээ. Түүнийг дагаад хэт эд хөрөнгийг шүтсэн, баруунжсан үзэл бодол ихэнх эмэгтэйчүүдийн оюун ухаанд гүн шингэсэн байна. Эмэгтэй хүн гэж хэн бэ гэдэг асуудал цаг үеийн урсгалаар өөрчлөгддөг хэдий ч ээж, эх, хань гэдэг үндсэн үүрэг нь хэвээр байгаа гэж боддог. Эд хөрөнгийг хэт шүтсэн үзэл хүчээ аваад ирэхээр гэр бүлийн тэнцвэрт байдал алдагдан, эмэгтэйчүүд амьдралын утга учрыг мөнгөнөөс олж авах гэдэг харалган бодолтой болж хувирна. Тэгээд зөвхөн гадна харагдах байдалдаа хэт анхаараад ирэхээр эх хүнээс гарах дотоод сайхан сэтгэлийн ундарга, уяхан сэтгэл гэдэг бүгд арилан алга болж, хэн нэгнээс хамаарахгүй би сайхан байна гээд өөрийгөө хууран амьдрагсад ихсээд байгаа юм. Гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг үгийг аргагүй тохиолдолд л хэрэглэхээс бус өөрөөс шалтгаалж сайхан амьдрах боломж байхад эмэгтэй хүн өөрийгөө дайчилж, мэргэн ухаанаа гаргах хэрэгтэй мэт.

Өнөөгийн эмэгтэйчүүд бид ээж, эмээ нараа бодоход илүү хөнгөн амьдралаар амьдарч, хүүхдэд живх зүүлгээд, бэлэн хоол найруулж өгөөд, ангир уураг сүүгээ өгөхөөс хүртэл тээршаах шинжтэй. Хүүхдээ хэр удаан хөхүүлж, өөртөө татах тусам улам л ухаантай, найрсаг, зөв хүн болж төлөвшдөг гэсэн.

Эр хүнээс хараат бус сайхан амьдарч байна гэж өөрсдийгөө хууран амьдрах хэрэггүй. Хүний нийгэмд, хүнтэй хослон амьдрах гэж л энэ хорвоод ирсэн бол өөрөөс шалтгаалах эмэгтэй хүний уран ухаанаа гаргаж, эрчүүдэд түшиг болж, хааяа ээжийг нь орлож, хааяа том хүүгээ эрхлүүлж буй мэтээр аргыг нь олж амьдрах шиг аз жаргал байхгүй биз дээ. Эр хүнтэй хослон амьдрахгүй бол, хүнээр хайрлуулж байхгүй бол эмэгтэй хүн болж төрсөний утга учир юунд орших юм бэ? Тэгвэл хүний нийгэмд биш нөгөө яриад байдаг Венера гариг дээр цэцгээ услаад, бие тордоод л сууж байхгүй юу гэдэг бодол төрөөд байдаг юм.

Эмэгтэй хүн тухайн айлын өнгө төрх. Тэр өрхийг хэрхэн авч явах, ямар өнгөтэй байлгах нь эхнэр, ээж хүний торгон мэдрэмж, уран ухаан. Бидний амьдралд хар цагаан өнгө байнга хослон орших бөгөөд бид аз жаргалтай үедээ аз жаргалаа мэдрэхгүй мөртлөө, жаахан зовж эхлэхээр өөрийгөө азгүйд тооцдог бол маш буруу.  Энэ үед “Өнөөдөр чи уйлж байвч, маргааш чи дуулах болноо” гэж авьяас билэгт яруу найрагч Дашбалбар ахынхаа үгийг л санахад хангалттай мэт.

Гэр бүл болсны дараа үр хүүхдийн асаргаа сувилгаа, өсгөн бойжуулах гээд түм буман асуудал гарч ирнэ. Энэ үеэс л эх хүн болж төлөвших, аливаа асуудлын гарцыг олж сурах, суралцах шаардлага зүй ёсоор тулгардаг.

Эх хүн хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж өнгөрөөдөг нь хэн бүхний нүдэнд ил байдаг. Гэхдээ элэг бүтэн амьдрал дунд л хүүхэд зөв хүн болно гэдгийг эр, эмгүй л санаж явахгүй бол амиа бодсон, бусдыг хайрлах сэтгэлгүй хүүхдүүд ихсэх хандлагатай. Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх чөлөөтэй боллоо гээд хүүхэд хохирох ёсгүй. Орчин үед хэд хэдэн диплом өвөрлөсөн, унах унаатай, орох оронтой, зарах мөнгөтэй эмэгтэйчүүд их болсон нь нууц бишээ. Тэгээд ганц хүүхдээ насан туршид нь мөнгө төгрөг, хайраар дутахгүй гээд ганц биеэр зүтгэж өгнө. Тэднийг гаднаас нь харахад хэнээс ч хамаарахгүй үнэхээр атаархмаар мэт байвч үнэндээ сэтгэлдээ гуниг тээсэн, орчин ертөнцийн амьдрал утгагүй мэт, мөнгө олох л машин болсон мэт өөрсдийгөө бодох үе бишгүй л гардах байх гэж боддог юм. Тиймээс залуучууд гэр бүл болохдоо сайн тунгаан бодоод, алхам тутамд таарах асуудалд биеэ эртнээс бэлтгэн, ухаан зарж гэр бүл, үр хүүхдээ элэг бүтэн байлгах юмсан.

Элэг бүтэн байсан нь ч хүүхдээ хайхрахгүй ээжүүд олширч байгаа нь үндэсний эмгэнэл гэж хэлж болмоор. Үр хүүхдээ хэнтэй найзлаж нөхөрлөж байгаа болон юуг сонирхдог, хэрхэн нээлттэй байх тухайд анхаарахгүй байна. Зөв хүн болж хүмүүжихэд гэр бүлийн амьдралын зөв хэмнэл, найз нөхдийн хүрээлэл, бие авч яваа байдал, нийгмийн онцлог гээд олон зүйл нөлөөлнө. Ээжүүд нь үнэтэй гутал, булган дээл, брендийн цүнх бариад хүүхэд нь өлсөөд суувал ямар олиг байх вээ дээ.

За нэг иймэрхүү шүүмжлэлтэй, тэрсүү бодлоор дүүрэн нийтлэлээ энэ удаад жаргаая. Баруун Европод анх эмэгтэйчүүдийн эрх чөлөө гэж дуугарч, тэмцсээр олон оронд эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэдэг болсон Мартын 8-ны мэнд хүргэж, Монгол улсад зөв, хүмүүжилтэй хувь хүнийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд бүгдээр хүчин зүтгэе гэж уриалмаар байна.

Б. Алтангүл

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (203.91.118.238) 2017-09-04 12:55:45
Маш их таалагдлаа Энэ нийтлэлийг дахин сэргээн тарааагаасай гэж хүсэж байна