Нар “далласан” аялал

  1. Аз жаргал минь чи хаана байна?

Тэнгэрт үүл үгүй, нар мандаж8 Жанжин Сүхбаатарын талбайн өнцөг булан бүрээс инээд халгисан бүсгүйчүүл нэгэн зорилго, нэгэн тугийн дор нэгдэв. Энэ бол Цэцээ гүний ноён оргилоос “Аз жаргалын тухай асуухаар мордсон” 108 эмэгтэй юм. Хэзээ ч юм бэ мэдэх ёстой, хаана ч юм бэ мэдрэх ёстой тэр аз жаргалыг emegteichuud.mn цахим сэтгүүлийнхэн тэдэнд бэлэглэхээр мэрийсэн юм. Албан тасалгааны цонхоор харж амьдрал нь үргэлжилдэг тэдний аз жаргал, Цэцээ гүн оргилын чухам хаана нь нуугдан байна вэ? Тэд чухам энэ аз жаргалыг юугаар төсөөлөх бол?

 

  1. Аялалын “моод”

Бүсгүйчүүл маань аялалдаа ихэд сэтгэл гаргажээ. Хүн бүр өөрт байгаа хувцсаа өмсөх гэж яарсангүй, харин хамт олноороо “моод” зохиов. Чингэлтэй дүүргийн бүсгүйчүүл “шар малгайтан”, Нийгмийн даатгалын хэлтэс “ногоон бүчтэн”, Багануур дүүргийнхэн “цоохондой”, харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүсгүйчүүл хамгийн загварлаг уулчид байлаа. Тэд өөрсдийгөө “21 ногоон дарь эх” гэжээ.

  1. Emegteichuud.mn - Ягаан тууз, энерги даллагч

108 эмэгтэй  хүзүүндээ үзмэн ягаан тууз зангидав. Цахим сэтгүүлийн маань энэ өнгө байгаль дэлхий болоод хүн зонд энерги хайрлах хүчтэй. Эмэгтэй хүн яг л үүн шиг чамин, тансаг боловч далд эрчим, энергитэй байна. 108 эмэгтэйгээр үүссэн энергийн хэлхээ Ноён оргил тийш  одов.

 

  1. Шаар минь, шаар минь хүслийг минь тэнгэрт хүргээрэй

Төв аймгаас зүүн хойшоо Цэцээ гүн оргилын бэл, Манзуширын хийдийн гадаа автобус цуваа зогсов. Эмэгтэйчүүд бие засах газар картын бараанд “очерлож” байгаа юм шиг л урт цуваа үүсгэж, биенийгээ түргэхэн гарахыг шаардана. Харин өөрийнх нь ээлж ирсэн хүн хаалганы цаанаас “яаж вэ?” хэмээн инээлдэх бүсгүйчүүл бие биенийгээ огт танихгүй ч хэдий нь найз нөхөд шиг дотно болсон байлаа . Тэдний аз жаргал эндээс л эхэлсэн юм.

Бүсгүй бүрт нэг шаар. Тэд энэ шааранд хүслээ шивнэж тэнгэрт илгээх ёстой.108 шаар тэнгэрлүү, нар луу хүсэл тээн одов. Шаар минь, шаар минь хүслийг минь тэнгэрт хүргээрэй, би  ...  ... хүсч байна.

 

  1. Бэлд нь ирээд оргилтой нь андуурав

Монгол улсын гавьяат тамирчин, уулчин Гангаамаагаар ахлуулсан баг аялалаа эхлэв. Гэтэл бүсгүйчүүл маань Манзуширийн хийд дөнгөж өнгөрмөгц, “ирчихсэн үү?” хэмээлцээд, аялалын самбарыг харж багаахан шантрав. Аз жаргалын эрэл, аялалын зам уртаас уртаа...

 

  1. Булагнасан нь...

Амралтын эхний өртөө. Бүсгүйчүүл маань хамгийн хүнд замаа туулж, амьсгал авлаа. Бүгд үүргэвчээ уутлаж хүнсээ гаргав. Өлссөн цангаснаа гайхсан эмэгтэйчүүд нэг дор цуглаж, “бургер”-ээ задлав. Харин цаашаа харж суусан энэ бүсгүйчүүл маань чухам юу идэж байгаа бол?

 

  1. Уртын дууч уянгалуулахын өмнө

Нэгдүгээр өртөөг дайрч өнгөрсний дараа зам шулуухан болж, бартаа саад, өгсүүр нь багасав. Шантарч эхэлсэн бүсгүйчүүл маань энэ зам дээр гараад хөлөнд дүүжилсэн хүнд чулуугаа гээсэн мэт төвөггүйхэн оргил дээр ирэв. Хаврын нар илчтэй төөнөж, хүн бүр хувцсаа нимгэлж байсан бол оргил дээр ирэхэд тэнгэрт бараан үүлс хурсан байлаа. Юу юугүй цас орох нь ээ...

Халууцаж гарч ирсэн бүсгүйчүүлээ бид халуун виногоор дайлав. Сэрүүний улирал, 2258 метрийн өндөрт вино ууна гэдэг, тэр тусмаа халуун байгаа нь хачин юм гэж “жиг жуг” хийлцэв.

Харин энэ үед нэг бүсгүй Богд уулын Ноён оргил дээр гоо сайхандаа анхаарал хандуулж байлаа.  Тэр цэнхэр торгон дээл, булган малгайгаа үүрч мацсан юм. Харин юуны тулд гэж?

  1. Нар биднийг сонссон

Уяхан замба тивийн наран уудмын хол байгаль эхийг сэрээж, аргадав. 108 эмэгтэй, 108 эхийн уяхан хоолойнд ертөнц уярав. Бараантан нөмөрсөн үүлний завсраар нар бидэн дээр тусч ээх нь “Баярлалаа” гэж зөөлхөн илбэх шиг хацар амыг халуун элчээрээ төөнөлөө. Нар биднийг сонсжээ.

 

  1. Ай, дуу хуур мину

Оргилоос төвөггүйхэн буучихав. Гэр ресторанд биднийг хүлээсэн хорхог, халуун чулуу уур савсуулан байна. Хоолондоо, хорхогондоо гэж бүсгүйчүүл жаахан хүүхэд шиг гүйлдэнэ. Харин дараа нь хөлсөө гартал сууж, уянгат сайхан дуу хуур эгшиглүүлэв. Дуу хуурын наадамд

  1. Сайн байна уу? Улаанбаатар

Хамт яваа нэгнийхээ хойноос “хардаж”, “халамжилж” байж автобуснууд дүүрэв. Улаанбаатар минь сайн байна уу? гэж хэлмээр... Хүн зоны хөл хөдөлгөөн, машины дохио, утаа гээд Улаанбаатар минь өнөөх л чигтээ дүнсийн байвч аз жаргалаа олсон бидний хувьд хамгийн сайхан, хамгийн дотно мэт тэврэн авах шиг. Ерөөсөө аз жаргал гэгч өөрт байгаа зовлонгоо жаргал болгож чадах тухай юм гэдгийг энэ уулын аялал ухааруулав. Хэдий зам бартаатай, өгсүүр, хүнд, хэцүү байсан ч түүнийг давж чадсаны дараа тэрхэн агшин зүгээр л зовлон биш харин аз жаргалд хүрэх алхам байжээ гэдгийг ойлгосон минь  хамгийн том шагнал юм уу

 

Б.Гэрэлмаа

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.