“Poland Open” ОУ-ын тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн ирлээ
Польшийн Домброва Гурнича хотод болсон Вацлав Циолковскийн дурсгалд
зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII болон эмэгтэй чөлөөт бөхийн
“Poland Open” ХYIII дахь уламжлалт олон улсын тэмцээн хоёр өдөр
үргэлжилж дууслаа.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай 5 эмэгтэй бөх барилдсанаас 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд нар алт, 60 кг-ын жинд П.Орхон хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 150 орчим эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлдсөн юм.

Харин тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай 6 эмэгтэй бөх дэвжээнд гарч хүч үзсэнээс 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авлаа.
Ийнхүү тус тэмцээнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 7 медаль хүртлээ. Голдуу Европийн орнуудын шилдэг бөхчүүд оролцсон энэ тэмцээний үеэр ирэх сард болох ДАШТ-нд оролцох Беларусь, Казахстан, ОХУ, Польш, Унгарын бөхчүүдтэй гар зөрүүлж, бэлтгэлжилтийнх нь байдалтай танилцсан нь үр дүнгээ өгнө гэсэн итгэлийг төрүүлж байна. Тэрчлэн БНСУ-ын Инчеон хотод болох Азийн наадамд оролцох манай бөхчүүдийн хувьд мөн том сорилго боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







