Захидал задлахад: Би яаж эхнэртээ анхных шигээ итгэх вэ?

 

Би танай сайтыг анх удаа уншиж байна. Эмэгтэйчүүд чухам юуг сонирхож, юу ярьдаг, уншдаг юм бол гэж сонирхоод л. Тэгээд энэ захидлыг бичихээр шийдлээ.

Би эхнэртэйгээ суугаад 4 жил болж байна. Тайландад сурч байгаад энэ жил төгсөөд эх орондоо ирсэн. Эхнэртэйгээ танилцсан цагаас хойш л би сайн нөхөр байх гэж их хичээдэг бас хайр, мөнгө гээд бүх л зүйлээр дутаачих вий гэж боддог. Тэгээд юугаар ч дутаагаагүй боломжийн амьдрал бий болгосон гэж боддог. Би амралтаараа хааяа ирдэг болохоор тэр хэсэгхэн хугацааг аль болох эхнэртээ зориулахыг хичээж эхнэрээ ирэхэд хоолоо хийж гэрээ цэвэрлээд түүнийгээ тэврээд л угтдаг. Цөөхөн хоногоор ирээд явдаг болохоор бидний харьцаа хэвийн л санагддаг байлаа. Харин сургуулиа төгсөж ирээд хамт байснаас хойш эхнэр минь хүний хүн шиг байгаа нь илүү мэдрэгдээд байна. Би уг нь түүндээ хайртай. Хэдийгээр ганцааранг нь орхиж дөрвөн жил болсон ч гэсэн ирээдүйгээ түүнгүйгээр төсөөлдөггүй байсан. Манай эхнэр хүмүүжилтэй, даруухан намайг хуурах шалтгаан байхгүй гэж би итгэхийг хүсдэг.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө миний найз “танай эхнэр нэг залуутай хоол идээд сууж байхыг нь харсан” гэж хэлсэн юм. Би тэр үед ажлынхаа залуутай л хоолонд орсон байх гэж бодоод тоогоогүй. Гэхдээ л сэтгэлд хачин их хар төрөөд... Орой нь эхнэрээсээ өдрийн хоол цайны цаг энэ тэр гээд асуутал “өдөр ажил ихтэй хоол ч идэж амжаагүй” хэмээн хэнэг ч үгүй хэлдэг байгаа. Ямар ч гэсэн юм нууцлаад байгаа нь тодорхой...

Сүүлийн үед надтай секс хийхээс цааргалж, шалтаг хэлэх нь олонтаа болсон ч юм шиг. Гар утсаа байнга маллаад л. Дуудлага ирэхэд сандарч гүйгээд л... Эсвэл намайг байхгүйд өөр эртэй байж байгаад холбоо харилцаагаа таслаж чадахгүй байгаа юм болов уу?

Би хайртай болохоор түүнээсээ салж чадахгүй. Бид 2 одоохондоо хүүхэдгүй л дээ. Ер нь эмэгтэй хүнийг хэтэрхий их хайрлаж хүндлэхээр цаашаа л явах юм даа надад туслаарай… Би яаж түүндээ анхных шигээ итгэх вэ?

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.