Гуниг хурсан харц

                                                            Гуниг хурсан харц

... Хүмүүний амьдрал өнгө өнгөөр сүлэлдэн орших энэ орчлон дээр зарим хэсэг нь тодоос тод өнгөөр амьдралаа цогцлоон бүтээж байхад, заримынх нь амьдрал бүдэгхэн саарал өнгөтэй байх юм. Энэ амьдралын олон өнгийг хүний харц л илтгэдэг аж.

 Саяхан би багынхаа найз бүсгүйтэй санамсаргүй таарсан юм. Уг нь бид хоёр ингэж санамсаргүй байдлаар биш, үргэлж л цаг тохирон болзож уулздаг сан. Гэтэл сүүлийн үед найз маань надаас дөлөөд, утсаа ч авахаа больчихсон билээ. Тэр маань Монголдоо том компаний захирлын эхнэр, гурван хүүхдийн ээж хүн. Түүний нэрийг О... гэдэг.

  • Сайн уу? Найз минь. Сонин сайхан юутай вэ дээ? Гадагшаа, дотогшоо яваа юу? Ойрд яагаад таг чиг болчихвоо? гэж удаан уулзаагүй найзын хувиар дээр дээрээс нь дараалан асуутал найз маань том хар нүдний шилээ ч авсангүй, сандарч мэгдэн:
  • Сайн, сайн... Бүх юм байдгаараа л байгаа. Харин чамаар сонин юу байна даа гээд намуухан дуугаар ярьж байв. Би ч найзтайгаа тааралдсан дээр хэдэн үг солиод авъя гэж бодоод:

-Хоёулаа сүүлд хэзээ уулзлаа даа, бараг гурав, дөрвөн сар уулзаагүй юм байна шүү дээ. Жаахан ярьж суух уу? гэхэд О...ч  дуртай дургүй толгой дохив.

 

Жижигхэн кафены булангийн суудал дээр бид хоёр тухлан суув. Хэсэг ярилцсаны дараа тэр том хар нүдний шилээ автал, хоёр нүд нь хөхөрчихсөн, харц нь олон жил зовлон үзсэн хүнийх шиг ямар ч гал цоггүй гунигтай харагдаж байлаа.

Үнэтэй ганган машин, брэндийн хувцас үнэт эдлэлээр гангарсан ч тэрний минь харц дэндүү гунигтай байсаан. Миний найз чинь ийм царайтай байгаагүй ээ,  дүрлэгэр алаг нүд нь залуусын хайрыг татаж, үргэлж инээмсэглэсэн төрх нь бүхний харцыг татдаг байсан. Түүнийг минь юу, хэн ийм болгочихов оо? Мэдээж амьдрал нь... хань нөхөр нь...

Найз минь амьдралыг биш, нөхрийгөө биш, харин өөрийгөө л буруутгасан юм. Энэ миний л амьдрал, хувь тавилан, би өөрөө л сонгосон гээд өөрийгөө буруутгана. Би нөхрийг нь буруутгамаар байлаа. Хүний сайхан охиныг жаргалтай, сайхан амьдруулна гэж “авч суучихаад”, гал цоггүй харцтай, хар шилээр нүдээ нууж явдаг гунигтай нэгэн болгочихдог...

Хүний л амьдрал болсон хойно алдаа оноо, хэрүүл маргаан байж л таараа...

Би найзыгаа өндөг шиг өөгүй, ямар ч дутагдалгүй нэгэн гэж хэлэх гэсэн юм биш ээ. Гэхдээ бүсгүй хүн л болсон хойно бид чинь услаж, тордож ургуулдаг цэцэг шиг л улс. Эр хүний нөмөр нөөлгөнд хоргодож, хайр энхрийллээр нь тэтгэгдэж амьдардаг уяхан, туяхан хүмүүс шүү дээ.

Уншигч авхай та эргэн тойрныхоо, цаашлаад Монголынхоо лидер гэх эрчүүдийн эхнэрүүдийнх нь харцыг анзаараад нэг хараарай. Эрэгтэй хүмүүсийн амжилтын цаана, ар гэрийг нь арчлаад аваад явдаг, өөрийг нь хүүхэд шиг торддог эмэгтэйчүүд, эхнэрүүд л байдаг шүү дээ.

Эхнэрийнхээ харцанд гуниг суулгачихсан олны танил, лидер гэх эрчүүдтэй би нэг бус удаа таарч байснаа нуух юун.

Байгаль эхээсээ энэ хорвоог уяраах гэж төрсөн, хатуу бүхнийг зөөллөх гэж ирсэн эрхэмсэг бүсгүйчүүдийнхээ харцанд гуниг бүү суулгаарай эрчүүдээ.

 

 

У.Чулуунжий

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.




 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.