Хүчирхийллийн эсрэг төвөөс мэдээлэл хийлээ
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, 15 дугаар хорооллын 12 дугаар байрны үүдэнд нэгэн эмэгтэй бусдад хутгалуулж, амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн хохирогч нь хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж эрхээ хамгаалуулж байсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээд буюу түүний нөхөр эртнээс эхнэрээ дарамтлан зоддог, заналхийлдэг байсан болохоор эхнэр нь ХЭҮТ-д хандаж, тэнд хоёр сар гаруй хугацаанд байрлаж байжээ. ХЭҮТ-ийнхөн “Бүсгүй хуулийн байгууллагуудад хандаж, өөрийгөө өмгөөлүүлэх гэж явсаар байгаад амь насаа алдлаа. Монголд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль байдаг боловч хэрэгжилт муу байна. Эмэгтэй анх ХЭҮТ-д анх 2012 оны нэгдүгээр сард хандаж ирсэн, ирэхдээ маш их цочролд орсон, айсан байдалтай байсан. Шүүхэд өргөдөл гаргаж, хүсэлт тавьж байсан хэдий ч шүүхээс эмэгтэйг нөхөртэйгөө эвлэрэх хугацаа өгч, нотлох баримт шаардаж байсан” гэдгийг хэлээд, ХЭҮТ-өөс үйлчлүүлэгчийг шүүх хуралд орох үед нь хамт явж хамгаалдаг байсан гэдгийг мэдэгдлээ.

