Бяслагт дургүй ерөнхийлөгч
Францын Ерөнхийлөгч Николя Саркози Элисейн ордны зоогт бяслаг хэрэглэхийг хориглосон тухай мэдээг хэвлэлүүд өлгөж авснаас багагүй шуугиан дэгджээ. Хэвлэлүүд “Бяслагт дургүй хүн байдаг аа!” гээд л шуугижээ. Үнэн хэрэгтээ Николя Саркозигийн хоолны дэглэм Франц уламжлалаас арай өөр боловч дээрх хэрэг хэвлэлээр бичсэн шиг ноцтой байгаагүй гэнэ.
Энэ талаар “The Telegraph” сонин “Чарльз Де Голь нэгэнтээ “Бяслаг л гэхэд хоёр зуун дөчин зургаан төрөл байдаг энэ орныг нэг хүн удирдаж чадах билээ?” гэж уулга алдсан байдаг” гэж ирээд л бичсэн аж. Гэвч эрүүл мэнддээ учиргүй анхаарал тавьдаг Николя Саркозигийн тогоочийн ярьснаар Ерөнхийлөгч нь хоолны дараа бяслагтай зуушаар дайлахыг л болиулсан ажээ.
Францын Ерөнхийлөгчийг дуртай шоколаднаас нь гаргаж, эрүүл хоолны дэглэмтэй болгосон хүн нь тэргүүн хатагтай Карла Бруни гэнэ. Саркози хөнгөн, зохистой хоол л иддэг болсон гэж тогооч нь ярьжээ.
Францын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн Николя Саркози сонгуулийн кампанит ажлын үеэр бяслагний үйлдвэрээр оржээ.
Француудын амьдралын хэв маягийг бяслаггүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд Николя Саркози үндэстний уламжлалд хэрхэн хандах нь ирэх сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж ажиглагчид бичжээ. “The Telegraph” сонин Николя Саркозиг загвар өмсөгч эхнэртэй болохоор жингээ барихаас өөр аргагүй гэжээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



