“Улаан асрын хүүхэн”

Дурдан ногоон бүсээ байдгаар нь бариувчилж зүүсэн, тахимаа хүрсэн урт үсээ сувдан даруулгаар жибийтэл хавчсан цагаан малгайтай Хүрээ хүүхэн улаан лууны дүрстэй урт гаансаа эрхий чигчийнийхээ завсар ямбатай гэгч барин Зүүн хүрээ орчим явна. Хажуу хударгаар нь зөрөх ард жиг бус харж, жив жув хийлцэх авч хүүхэнд ерөөс хамаа үгүй мэт гунхалзан алхсаар зураас Жүгдэрийн гэрт айлчлав.

-За хө та минь төрийн хэрэг хамаараад завгүй байгаа гэв үү?

-Айдаа Богдын лүндэн бууж Нийслэл хүрээний зургийг зурж гарга гэсэн байна.

-Айхтар лүндэн буужээ. Тэр яах вэ хө? Хүрээний иргэд цаг төрийн байдлыг мэдэхгүй их л хөөрцгөөж байгаа сурагтай. Юутай ч эрх чөлөөний хөдөлгөөн болж улсаа автономит болгож авлаа. Гэхдээ Манжаас өрх тусгаарллаа гээд эрх чөлөөтэй болж байгаа гэсэн хэрэг биш гэж би бодох юм?

-Лүнжидмаа минь ядаж жир ард сэтгэл санаа нь тайван байвал төр улс минь түвшин байх биз. Улс төрийн байдал ийм байна тийм байна гээд олон ардад тоочоод яах билээ дээ.

-Үгүй. Хүн болгон л хэрэг учрыг мэдэх хэрэгтэй.

-Учир мэдэх хүмүүс бий. Богдын засгийн газар Буриад улсаас Цэвээн гэдэг хүнийг урьж авчирч ардын сургууль байгуулах гэж байгаа гэнэ. Бодоо энэ хүнтэй ухаан нийлж Монгол улсад анх удаа бие даасан сонин гаргах тухайгаа урьд өдөр над дуулгалаа.

-Пээ, би түүнд чинь итгэхгүй байна. Бидний уншиж байгаа энэ Дорнод хязгаарын амьдрал, Монгол үгийн бодрол унших бичгүүд биднийхээ ухааныг эргүүлэх гэсэн л бодолтой байх юм.

-Тэгэлгүй яахав. Эд чинь Орос, Хятадын засгийн газраас Монголчуудад зориулж гаргаж байгаа хойно доо.

-За Хүрээний улаан дэнлүүний газрын хүүхэн юугаа ч мэдэх билээ. Богдын ногоон ордонд орж Улсын дагинад харь орноос явуулсан бэлгийн сандал дээр суугаад үзчих юмсан. Хүрээний хүүхнүүд л тэр суудлын сайхныг магтах юм билээ.

-Цөг. Ухаантай хүүхэн байж хаана юу ярихаа мэдэхгүй байна уу чи?

-Яав бол... Гандангийн дэнжийн хүүхнүүд бүгд л тэгж цуурч байна. Ганцхан намайг баривчлаад гянданд хорихгүй байлгүй. Тийм юм болсон ч надад дуртай үйлчлүүлэгчид минь намайгаа санахдаа суллаад тавихаа мэдэх биз.

-Хэцүү хэцүү. Нийслэл Хүрээний зургийг зурах гэж байж ийм бузар юм хүүрнэлдлээ гэж намайг бас барьж мэднэ.

-Жүгдэр чи одоо надаас зайгаа барих нь уу?

-Гүй чиг. Лүнжидмаа минь бидэнд одоо ингэж бие биедээ туньж, гунирхаж явах цаг алга. Өнөөдөр чам дээр хэн ирэх ёстой вэ?

-Хүрээний томоохон Данжаад ирэх ёстой. Тэд өнгөрсөн шөнө ярьсан яриагаа үргэлжлүүлэх биз. Би чамд юу хуйвалдаж байгааг нь бичгээр илгээе. Чи уншсан даруйдаа устгана биз. Тэгээд консулын олонд дуулгаарай.

-Энэ цагт чам шиг хүнээр л бид дутах юм даа. Цаг сайхан болоход чамайг энэ ажлаас чинь салгах юмсан.

-Журмын нөхдийнхөө их үйлийн төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө дорд бүсгүй хүний хийж чадах энэ л зүйлээрээ туслахаас яах билээ дээ. Хүрээнийхэн намайг улаан асрын садар хүүхэн л гэх юм. Энэ сэтгэлийг минь ойлгож та нөхөд шиг минь хайрладаг болоосой доо.

Энэ шөнө Улаан асрын цаасан цонхны цаана бүгчим, нялуун үнэр ханхалж, эр эмийн уухилан байх чимээ өрөөгөөр нэг хадваа. Муутуу цааснаа хөгшин Данжаад, Монгол ноёны хэлэлцсэн бузар үйлийн тухайд бичиг хөвөрсөөр...

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.