Цэцэгчин

Болд унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүй. Гарч ойр орчноор тойрч явмаар ч юм шиг. Хэдийгээр шөнийн 01 цаг өнгөрч байгаа ч тэрээр унтахыг төвдөлгүй гадуур явж ойр орчныг тойрч ирээд санаа амар унтах нь бараг зуршил болсон гэж болох. Өнөөдөр ганц өдөр өнждөг юм билүү гэж бодож байсан ч нэг л болж өгсөнгүй. Сайн даа ч биш, өнөөдөр долоо хоногийн эхний өдөр, хагас бүтэн сайнд хүмүүс хогоо гаргаад хаячихдаг болохоор өнөөдөр ховор байх. Гэсэн ч тэсгэлгүй хувцсаа өмсөөд гарлаа. Үүдэнд өмнөх жил “цэцэглэсэн” ундаг дугуй эзнээ хүлээх мэт харагдана. Болд дугуйгаа унаад гадагш гарлаа. Солонгост амьдрах монголчууд бусдын хаясан эд зүйлсийг олж авахдаа “Цэцэг түүх”, “цэцэглэх” гэж яриад хэвшил болж. Тэдний ихэнх нь энэ ажилдаа гаршчихсан улс. Хаана ямар “цэцэг” яаж “ургахыг” сайн мэднэ. Гудамжны булан тохой, хог хаягдлын цэг гээд очихгүй газар ч гэж үгүй. Амралтын өдрүүдэд түүсэн “цэцгээ” даавуу, хөнжил, цаасан хайрцаг гээд боож баглаж болох юу байна түүгээр ороож хүлж аваад ах дүү, амраг садан руугаа явуулах ажилдаа орно. Тэрхүү ачаанд ханын иж бүрэн тавилга, хөргөгч, угаалгын машин гээд хүний хэрэгцээний бүхий л зүйлс бий.
Болдын хувьд өдрийн цагаар айл нүүлгэж, шөнийн цагаар хог нүүлгэдэг ажил хийгээд арав гаруй жилийн нүүр үзэж байна. Сүүлийн үед нуруу ууцаар нь өвдөж бие нь жаахан чилээрхэх болсон тул нутагруугаа буцах бодол үе үе төрнө. Тэгээд ч монголд суугаа хоёр охин нь “Та нэгэнт л наанаа насыг барахгүйгээс хойш нутагтаа ир, энэ хэдэн дэлүүрийн учрыг ч олоход хэцүү юм. Ажиллагаа ихтэй, та өөрөө ирж асуудлыг зохицуул” гэж утсаар ярих болгонд үглэх болжээ. Болд олон жил солонгосын хогийг монгол руу нүүлгэснийхээ хүчинд хотын төвд шинэ хорооллын дөрвөн өрөө байрны эзэн нь болж, бас болоогүй Болдын гэх нэртэй Солонгос хуучин тавилгын дэлгүүр хэд хэдийг ажиллуулж байгаа. Хүний нутагт шөнө дөлөөр айлын үүдээр “элээ” шиг эргэлдэж, хэрэгцээгүй гээд гаргаад хаясан хог шороог гуйлгачин шиг түүж амьдарсан ч, нутагтаа бол өөр. Дэлгүүрийн эзний дүртэй, айл шиг айл, хүн шиг хүн явахсан гэж бодно. Болд олон жилээр хог түүж явахдаа хоёр охиныхоо ирээдүйн төлөө бодож явсан. Удахгүй буцах дөхөж байгаа болохоор жинтэйхэн шиг хэдэн юм олчих юмсан гээд нэлээд олон газраар тойрлоо. Нүдэнд тусчих аятайхан юм олдсонгүй явсаар гэртээ хоосон ирэв.
Тэрээр гуравхан цаг унтаад ажилдаа гарлаа. Өдөр бүр иймэрхүү байдлаар өнгөрдөг болохоор нойр нь ч хүрэхээ больж цөөхөн цаг унтах нь асуудал биш санагдах болж. Гэсэн нь ч тэрбээр тавин насыг дөнгөж шүргэж яваа ч бие нь цаанаа л ядруу, биш болоод байгааг мэдэрч байв. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхсэн гэж хааяа бодох боловч цаг наргүй ажилтай явдаг болохоор “за удахгүй монголдоо очоод л болъё доо” гэж бодсоор өдий хүрчээ. Хэд хоногийн дараа Болдын том охин “Удахгүй хуримаа хийх гэж байна, аав минь хурдан ирээрэй” гэж утсаар хэллээ. Тэрээр ч эргэлзсэнгүй юмаа зохицуулаад хурдан очно гэдгээ хэлэв. Ингэж Болд хурдан шийдсэн нь цаанаа учиртай юм. Зургаан жилийн өмнө Болд эхнэрээ өөд болоход “За гайгүй биз дээ, жаахан харзная” гэж алгуурласнаас болж ханьтайгаа уулзаж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Тэрнээс хойш хайрт ханьтайгаа хамт байж амжаагүй дээ, үр хүүхдийнхээ хажууд нь байж халамж анхаарал үзүүлж чадахгүйдээ сэтгэл үргэлж зовж явдаг юм. Том охин нь түүнийг хүний нутаг руу амьдралын эрхээр явахад дөнгөж арав гаруйхан настай байсан. Харин одоо хүний гэргий болж, өрх гэрээ босгох гэж байна. Түүнд ааваас нь өөр хэн байх билээ. Би ямар ч байсан хурдхан очих хэрэгтэй гэж Болд шийджээ. Тэр өдөртөө л онгоцны билет захиалж удалгүй нутагруугаа буцлаа. Хоёр охин нь түүнийг онгоцны буудал дээр тосов. Охидтойгоо уулзаад сайхан байсан ч, шинэ байрандаа очиж юун түрүүн тохижиж авахыг бодлоо.
Хэд хоногийн дараа хурим болох тул Болд хүргэнийдээ очиж хуримын бэлтгэлийн талаар ярилцахаар “Өнөр” хорооллыг зорилоо. Шинэ байрандаа тэднийг хүлээж буй охиныдоо үүдээр нь хөл тавиад л зогтусав. Түүний тэр нэг бороотой хүйтэн шөнө арай ядан гэрлүүгээ авчирч байсан гал тогооны гантик чулуун тавцантай ширээ, цайвар цагаан өнгийн гал зуухны ханын иж бүрдэл гээд бүгд түүний түүсэн “цэцэг”... Болд энэ бүгдийг сүрхий таниж байв. Яагаад гэвэл тэрээр чулуун тавцантай ширээг гэрлүүгээ авчирч яваад түрдэг тэрэгний дугуй санаандгүй салж унахад өрөөсөн талынхан буланг үл ялиг сэвтээж байсан тэр хэсэг нь яах аргагүй мөн байв. Цаашлаад том өрөө, унтлагын өрөө ярих юм алга, “ямар сайхан айл болоо вэ, мөн сайхан тохижуулжээ” гэх хүргэнийх нь эгчийн найзууддаа гайхуулан ярих дуу чихнийх нь хажуугаар өнгөрөх зуур сонсдоно. “Ай хөөрхий айлын хог, алаг үрийн минь гэрийн хоймрыг чимэх ч гэж дээ” хэмээн бодох зуур хүний нутагт ядарч зүдэрч өнгөрүүлсэн арав гаруй жил нь ямар ч үнэ цэнэгүй мэт санагдаж, сэтгэлд нь суусан шарх улам ихээр хөндүүрлэн өвдөх шиг болов.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







