АНУ-д амьдарч буй лалын шашинтан эмэгтэйчүүд

 

Калифорнийн Эль Кайон хотод гарсан гэмт хэрэг эхнэр нь салах өргөдлөө зэхэж, охиноо хүчээр хүнтэй гэрлүүлэх гэж байсан нэгэн гэр бүлийг сүйрүүлжээ. Энэ гэрийн эзэгтэй Алавади  төмөр тороор үхтэлээ зодуулж гэртээ нас барсан байв. Хэдэн долоо хоногийн мөрдөлтийн дараа  мөрдөгчид бүсгүйг өш хонзонгийн золиос болсон байж болзошгүй гэдэг таамаглал дэвшүүлсэн аж.

Алавади охидод нөхөр болох хүнийг гэр бүл нь сонгож, хар багад нь гэрлүүлдэг хуучинсаг уламжлал амь бөхтэй оршсоор буй лалын шашинт орноос ирсэн. Түүнийг ч бас 15 настайд нь хүчээр гэрлүүлжээ. Алавади нөхөртөө таван хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд түүний гэр бүл 17 жилийн өмнө Америкт очиж суурьшсан байна. Мөрдөгчид бүсгүйн гэрт нэгжлэг явуулах зөвшөөрөл авч, машин, гар утас, хувийн тэмдэглэлүүдийг нь хүртэл шалгаж, түүнийг нөхрөөсөө салах гэж байсныг олж мэджээ. Гэвч Иракаас бусад лалын шашинт орны эмэгтэйчүүдэд нөхрөөсөө салах амаргүй гэнэ.

 

Лалын шашинт эмэгтэйчүүдийн хувьд нөхрөөсөө салах нөхөрт гарахаас ч хэцүү байдаг аж. Исламын хатуу хуулийн дагуу салах өргөдлийг шийдэх гэж хэдэн жил болдог байна. Гэвч лалын шашинтай эмэгтэй нөхрөөсөө салсан ч насан туршдаа ичгүүр тээж, бусдын нүднээс нуугдан ядуу зүдүү амьдрах хувь тавилан түүнийг  хүлээж байдаг.

Алавадигийн охин ч мөн ээжтэйгээ адилхан хувь тавилантай. Түүний охин 17 настай Фатимаг ээж нь өөр хүнд сэтгэлтэйг мэдэж байжээ. Гэвч Исламын уламжлал ёсоор түүнийг Ирак дахь үеэлтэй нь хүчээр суулгахаар болсон байна. Харин Фатима ээждээ “Би танд хайртай” гэж хэлээд машинаас үсэрч амиа хорлохыг завдсан аж.

Ирак шиг өөр соёл, шашинтай орноос АНУ-д цагаачлан очсон эмэгтэйчүүд  болзох, гэрлэх хүнээ өөрөө сонгож, ажил хийж, аялах эрх чөлөөтэй болдог нь лалын шашинт эрчүүдийн хувьд тэвчишгүй ийм зүйлст алхам тутамдаа суралцах болдог гэнэ. Харин Иракт лалын хуулийг зөрчиж, гэр бүлийг нь шившигт хутгасан эмэгтэйг нөхөр нь хөнөөсөн ч ял шийтгэлгүй өнгөрдөг байна.

Нэг жилийн өмнө АНУ-д Иракийн цагаач эр охиноо дурлалт залуутайгаа гэрлэхээр гэрт нь очсоны төлөө гэр бүлийг нь шившигт хутгалаа гэж дайрч хөнөөсөн хэрэг гарч байжээ. Хэдийгээр Алавадиг нөхөр нь хөнөөсөн гэх нотолгоо байхгүй ч АНУ дахь лалын шашинт цагаачдын дунд иймэрхүү хэрэг байсхийгээд гардаг гэнэ. Их Британид Пакистан, Бангладеш зэрэг лалын шашинт орнуудаас цагаачлан очсон охидыг хүчээр гэрлүүлэхийг хууль бус гэж үздэг бөгөөд тэднийг хамгаалах тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг ч Их Британиар зогсохгүй АНУ болон өрнөдийн орнуудад ийм хэрэг тахал мэт тархсаар байгаа гэнэ.

Н.Рэй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.