Соёл, сэтгэлгээний зөрөө
Хорвоо ертөнц дээр хүн гэдэг нэг л зүйлийн амьтан байх боловч амьдарч буй газар нутаг, хүрээлэн буй орчин, гэр бүл, ажлын хамт олон, хөгжлийн явц гээд мөн олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр соёл, сэтгэлгээтэй болсон байдаг байна.
Энэ соёл, сэтгэлгээний зөрөөг анхааран ажиглаагүйгээс болоод гадаадын хүнтэй үл ойлголцох, хамтын ажиллагаа амжилтгүй байх, гэр бүлээ цуцлах зэрэг олон асуудалтай тулгардаг. Тэгэхээр тухайн харьцах гэж буй хүний ертөнцийг үзэх үзэл, соёлын онцлогийг харгалзахгүйгээр аливаа нэг харилцаанд амжилт олно гэдэг тун ч хэцүү байдаг. Энэ санаагаа би франц, монгол хүний хоорондох соёл, сэтгэлгээний зөрөөгөөр та бүхэнд хүргэхийг хичээе.
Франц хүн бодож байгаа зүйлээ хоол идэнгээ, эсвэл уулзах үедээ хэлдэг ихэд нээлттэй хүмүүс. Тэдэнтэй гэр бүл болоход бүх асуудлыг гэр бүлийн хүрээнд ярилцаад цаашид хэрэгжүүлэх тал дээр анхаардаг. Санаагаа хэн нэгэнд шууд тулган хүлээлгэдэггүй. Мөн таамаглан бодож хэн нэгнийг хардан сэрдэхгүй. Хэрвээ эргэлзээ байвал тухайн хүнээс асууж лавлан эргэлзээгээ тайлна.
Харин манай монгол эмэгтэйчүүд элдэв жижиг асуудалд нөхрөө оролцуулаад яахав гээд олон зүйлийг бие дааж шийдэх хандлагатай байдаг. Хүүхдээ дугуйланд явуулах, гэртээ гадны зочин урих, хэн нэгнийг байлгах гээд түм буман асуудлыг нөхөрт хэлэлгүй шууд л бие даагаад шийдчихнэ. Хэрвээ франц эрэгтэй хүнд энэ тухай урьдчилж хэлэхгүй бол жинхэнэ үй ойлголцол, дайн гэдэг үүснэ дээ. Монгол эмэгтэй “юун сүртэй юм бэ?” гэж ууцаарлах бол франц эрэгтэй “яаж надад хэлэхгүй ингэж асуудалд хандаж болдог байнаа?” гэж халаглах нь энүүхэнд. Тэгэхээр франц хүнтэй гэр бүл болох хүн нээлттэй байж, ёс заншлыг нь хүндэтгэхгүй бол алхам тутамдаа муудалцах болно.
Мөн Монголчууд ах дүү нартай туслах, тэдэнтэй байнга харьцаатай байх, боломжтой нэг нь мөнгө төгрөгөөр туслах юмсан гэдэг бол Франц хүн бие дааж амьдрах ёстой, хааяа нэг урьж хоол идэж болох юм, сайхан яриа өрнүүлэх юм байна гэж л бодно. Харин төрсөн өдөр, аливаа нэг тэмдэглэлт баярын үеэр хэрэгтэй зүйлийг нь мэдэж бэлэг сэлт өгөх тохиолдол элбэг. Хурим хийх үед хосууд өөрсдөдөө хэрэгтэй зүйлийн жагсаалтыг гарган төрөл садан, сайн найз нөхдийн дунд үзүүлэх бөгөөд аль нэг хэрэгтэй зүйлийг нь ярилцаж байж авч өгдөг.
Наад зах нь бэлгийн тухай үзэх үзэл шал өөр байгаа юм. Бид нар хүнд хэрэгтэй байгаа эд зүйлс, хувцас хунар, мөнгө өгөх гэж боддог байхад Франц хүн соёлын эд зүйлс, өөрийн гараар бүтээсэн дурсгалын зүйл зэрэг өгөх хандлагатай байдаг. Ийм дэмий зүйл өгч байхаар хүнд хэрэгтэй зүйл өгдөг ч болоосой гэж халаглаж бодохоор үе зөндөө л гардаг юм.
Эдгээр соёлын зөрөө гэр бүл болох, хамтран ажиллах тохиолдолд хамгийн ихээр илэрдэг юм. Гадаадаас буцаж ирэх үед Москвагаар ихэвчлэн ирэх дайрах бөгөөд Монгол руу нисэх онгоцыг хүлээж зогсох үед гадаадын хүнтэй суусан, хүүхдээ тэвэрсэн монгол эмэгтэйчүүд тал талаас цуглана. Зарим нь хэдхэн сартай нялх үрээ тэвэрсэн харагдах тул тэдэнд аль болох туслах юмсан гэж боддог юм. Хэдэн жилийн өмнө Баруун Европоос явж буй нэгэн эмэгтэйтэй таарсанаа ерөөс мартдаггүй юм. Бага хүү нь хэдхэн сартай тэрбээр нөхрөөсөө зугтан хүүхдээ хулгайлж авч яваа гэнэ. Хүний эрхийг дээдэлдэг ертөнцөд хүүхдийг нь байхгүй хойгуур авч явна гэдэг гэмт хэрэг л дээ. Тэнд бол хууль журмыг яс биелүүлнэ л дээ. Би ч ингэж болохгүй дээ, хүүхдээ хулгайлсан гэвэл яанаа гэсэн чинь тоож байгаа юм алга. “Хорголоо тоолсон хачин хүнтэй би цаашид хамт амьдарч чадахгүй нь. Дэлгүүрт ороод тараг гээд авах бүх хоолныхоо илчлэг байдлыг хараад зогсчихно, алимыг 2 хуваагаад талыг нь маргааш иднэ гэдэг юм, үнэн ядаргаатай” гэж билээ. Тэр эмэгтэй амьдрахаасаа өмнө тухайн хүнийхээ тухай судлаагүй, соёл, сэтгэлгээний зөрөөг сайн мэдээгүйгээс, монгол хүний хэнэггүй зангаар хандсанаас өөрөө л хохирч яваа нь энэ.
Ийм мэт жишээ мөн олныг дурьдаж болох бөгөөд хүн гэдэг амьтан гаднах төрхөөрөө хүн харагдавч, доторхи ертөнц нь шал өөр гэдгийг бодож байх хэрэгтэй байгаа юм.







