Өмнөд Солонгос гоо сайхны мэс заслаар тэргүүлж байна
АНУ-д хамгийн том бизнес хэвээр буй гоо сайхны мэс засал Азид маш ихээр дэлгэрч байна. Гоо сайхны мэс заслын олон улсын нийгэмлэгээс явуулсан судалгаагаар гоо сайхны мэс ажилбарын хамгийн том зах зээл БНСУ гэнэ. Сөүл хотын 19-49 насны эмэгтэйчүүдийн 20 хувь нь ийм төрлийн мэс засал хийлгүүлж, нүүр царайгаа ямар хэмжээгээр өөрчилсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
БНСУ-д даврхаа хийлгэх, урууланд силикон шахуулах, хамар өндөрсгөх мэс заслыг бараг бүх эмэгтэйчүүд хийлгэдэг аж. Харин гоо сайхны мэс заслын эмнэлгүүдийн хамгийн дуртай ажил нь Botox шахах, лазерын үйлчилгээ гэнэ.
2010 оны судалгаагаар Азид 5.8 сая эмэгтэй гоо сайхны мэс засалд орсон байдаг бол АНУ-д энэ тоо 4.5 сая байгаа юм. БНСУ-д гоо сайхны мэс засал ингэж дэлгэрснийг поп хөгжмийн урсгал асар их нөлөөлсөн гэж үздэг. Тэдгээр охид, эмэгтэйчүүд алдартай дуучид, жүжигчдийн зургийг барин тэдэнтэй адилхан болгож өгөхийг гоо сайхны мэс засалд орохоор эмнэлэгт очдог нь үүнийг баталдаг.
БНСУ-ын гоо сайхны мэс заслын хамгийн нэртэй эмнэлгүүдийн нэг “JK Гоо сайхны мэс заслын төв”-ийг үндэслэгч Жу Квон саяхан үйлчлүүлэгчдэдээ илүү тав тухтай үйлчилгээ үзүүлэхийн тулд зочид буудал барьжээ. Эмэгтэйчүүд тус төвөөр үйлчлүүлэхдээ зөвхөн нэг удаа л гэхэд 17,675 ам.доллар зардаг аж. Үйлчлүүлэгчид нь зөвхөн солонгос хүүхнүүдээр зогсохгүй эх газрын Хятад, Япон, Ойрхи Дорнод, Африк зэрэг орнуудаас хүртэл очдог гэнэ. Ийм төрлийн туризм тус улсын эдийн засгийн хөгжилд ч багагүй хувь нэмэр оруулах болсон.
Гэхдээ “JK Гоо сайхны мэс заслын төв”-ийг үндэслэгч Жу Квон залуу бүсгүйчүүдэд гоо сайхны мэс засал хийлгэхээс өмнө дахин нэг бодож үзэхийг зөвлөдөг гэнэ.
Н.Рэй
