Хүүхдийн угаалга хийх зан үйл, хүүхдэд нэр өгөх ёсон

Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс нь хамгийн хүндтэй зан үйлийн нэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

-Хүүхдийн угаалгыг зарим нутагт хүүхэд төрснөөс хойш гурав хоногийн дараа, зарим нутагт эхийн бие тэнхэрсний дараа 7-15 хоноод хийдэг.

-Угаалга үйлдэхийн өмнө орон гэрээ цэмцийтэл цэвэрлэж хир тоосгүй сайхан болгоод идээ цагаагаа бэлтгэн ёслолд бэлэн болгоно.

-Угаалга хийх өдрийнхөө үд дундын морин цагт /11.40-13.40/ айл саахалтын хүмүүс, ахан дүүсээ урин залж оруулна.

-Хамгийн өндөр настныг хойморт урин суулгаж ирсэн зочдыг гэрийн баруун буюу ахан дүүсийн талд суулгана.

-Төрсөн эх, хүүхдийг эх барьж авсан эхийн хамт зүүн талын эхэнд суулгана.

-Хүүхдэд ямар нэр өгөхөө урьдчилан ярилцаад бэлэг дэмбэрэлтэй хэд хэдэн нэрийг бичиж сугалаа маягтай хуйлан будаа хийсэн саванд далдлан хадгаар ороогоод бурханы өмнө тавина.

-Хүүхдийн эмээ нь, эх барьж авсан эхийн хамт унасан газрын нь гол мөрөн, булаг шандын усаар хийсэн бүлээн хар цайгаар, дараа нь шөлөөр хүүхдээ угаана.

-Угаалга хийсний дараа гурван бүстэд өлгийд (тэр өлгийг эх барьсан ижий бэлтгэж ирвэл бүр сайн) өлгийднө.

-Лам залсан бол сан тавиулна.

-Өлгийдсөний дараа нэр бичсэн будаатай саваа хамгийн өндөр настанд өгч шигшүүлэн хамгийн түрүүнд гарч ирсэн нэрийг эрэгтэй хүүхэд бол баруун чихэнд нь гурван удаа, эмэгтэй бол зүүн чихэнд нь гурван удаа шивнэн хэлнэ.

-Дараа нь “Ийм нэр хайрлалаа” гэдгээ аав, ээж, ахан дүүс, ирсэн зочдын сонорт зарлан мэдэгдэж хүүхдийг хоёр гардан орон дээр тавина.

-Ирсэн зочин гийчин, ахан дүүс “Сайхан нэр хайрлажээ” хэмээн баясацгааж бэлэг сэлт өгөх буюу /хөдөө бол/ халуун мал амладаг.

-Угаалгын махан шүүсэнд ууц, хонины баруун гуяны шагайт чөмөг, дөрвөн өндөр хавирга заавал байна. Шагайтыг хүүхдийн хувь гэж тусад нь тавина (шагайтын махыг дараа нь төрсөн эх нь идээд чөмөгтэй шагайтыг хадгална).

-Хүүхдийн угаалгын ёслолд “Хурим” хэмээх зоог ордог. Энэ нь будаа, өрөм тостой аарц хольсон идээ бөгөөд бүх хүнд хүртээснээр угаалгын ёслол өндөрлөнө.

                                    Амьдралын гүн ухаан №16 цувралаас...

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.