Охинтойгоо ганц хором хамт байвал...


                             

Хоймортоо тухлаад суухад нь гэр минь дүүрээд, сэтгэл минь уужирдаг аавтай байхын жаргал, ай мөн ч сайхан сан.

Хамгийн сүүлд аав минь гэртээ гэрэл цацрууланхан орж ирэхэд наран жаргаагүй байсаан. Хэзээ мөнхөд жаргал эдлүүлэнхэн дэргэд байх юм шиг санагдуулсан миний бурхан тэр өдрөөс хойш хаа одов?

Үнэхээр л хүрч үл дийлэх хаа холын газар руу даль жигүүрээ дэлгэн, нисч одсон  аавын минь охинтойгоо хамт өнгөрүүлсэн цаг хугацаа ямархан богино басхүү ямархан урт байгаа вэ?

Би  санадаг юм.  Оодон ягаан даашинзтай, шинэхэн шаргал  туфльтэй жижигхэн шар охиныг. Аав ээжийнхээ хуруу хумсаа хугалан байж олсон хэд гурван төгрөгөө хайрлахаа мэдэхгүй авч  өгсөн хамгийн гоё хувцастайгаа  үеийн олон балчируудын хамт элс шороон дээр наадан байсан үеэ.  Айхаа ч мэдэхгүй тоглох нь аавын ирэх цаг болоогүй гэж бодсоных.

Гэтэл... Гэтэл аав ирчихсэн. Тэгээд, түмний олон хүүхдийн дэргэд... Тэр намайг дээш өргөөд үнссэн. Тэгэхэд анх удаа надад ухаарлын нандин захиас хайрласан. Яг л нарны элч мэт дулаан, энгэрт нь тэврүүлээд хэзээ ч холдомгүй, тийм л  цор ганц гайхамшигийг мэдрүүлсэн хүн аав минь та байсаан.

Аавыгаа өглөө эртлэн босч ажилдаа яваад ирэхэд нь хоёр охин нь орноосоо ч өндийгөөгүй угтдаг байсан. Яасан ч мунхаг байгаа вэ дээ.  Аав минь  тэгэхээр эргээд л гараад явчихдаг. 

Ажил хийж, амьдралаа үүрнэ гэдэг гадаа гараад аав, ээж болж айл гэртэж тоглохтой л адилаар төсөөлдөг нас.  Айдаа, аав минь ядарч, зовж ирэхэд нь ундуй сундуй гэр угтаад л... Одоо охин нь үүний дөнгөж зах зухаас амтлан явахдаа уур минь хүрч, дэлбэрэх шахан байдаг. Яасан их тэвчээр вэ? аав минь...

Одоо тантайгаа ганц өдөр, бүр ганц цаг, бишдээ ганц хором л байхыг юун юунаас илүү хүснэ. Хамт байж болох, хэдэн мянган  цагийг зүгээр л  урсгачихсан би азгүй хүн. Аавын  минь  эв хавгүй инээд, чанга дуугаар хичээнгүйлэн ярьж байгаа намбалаг төрх, шөнө бүр ажлаасаа ирэхдээ хамгийн түрүүнд  охидынхоо өрөөний хаалгыг чимээгүйхэн онгойлгож “бүртгэчихээд” унтдаг, айлын олон балчируудыг өхөөрдөхдөө хамгийн чангаараа тэврээд хацрыг нь шүлсээрээ “буддаг” түүний минь  хайр энэрэл цаг мөч бүрт мэдрүүлэн байсан тэр хором бүхэн нэгэнт үгүйрэн алга болжээ.

Хэрвээ аав минь ахиад ганцхан удаа гэртээ ирнээ гэвэл охин чинь эртлэн босч гэрээ цэвэрлэчихээд хүлээж байнаа гэж амлая. Харин та эрт ирээрэй, охинд нь тантайгаа хамт байх өчүүхэн хором ч болов үлдсэн амьдралын минь хамгийн үнэ цэнэтэй, нандин бүхэн минь байх болно. Өнөөх оодон ягаан даашинз, шинэхэн шаргал  туфльтэй шар охин чинь таныгаа насан туршдаа эртлэн ирэхийг нь хүлээсээр л сууна даа. 

 


 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.180.216.211) 2013-08-06 13:14:42
ЯМАР гоё бичээ вэ яг л миний бодлыг хуулаад бичсэн юм шиг