Диваажинд хүргэх зам
Тэр хоёрын яриа тасраад удлаа. Ер тамир нь тасарсан хүн яахин олон юмыг хэлэх билээ. Өвчинд шаналж үрдээ хоргодон амьд орчлонгоос гарах хаалганы оньсыг тэмтчин дальдчин байгаа эх хүний царайг эрүүл ухаанаар удаан харахын эцэсгүй ажээ. Нэгэн цагт цав цагаан байсан хар саарал дэрний хонхорхойд эхийн ширэлдсэн үс эв хавгүй сагсайна. Баруун гараа хацар дороо ивж хатсан удын мөчир шиг зүүн гарыг атирч шоройсон өвдгөө хүртэл чилээж орхижээ. Үрээ чиглээд царцсан хоёр нүдний харц нь л түүнийг амьд орчлонд торгоож байгаа цорын ганц шижим болж. Бүрэнхийг цочоон амьсгалаа шуугиантайхан гаргаж,
-Миний хүү ээ, галаа асаасан бол зуухны аман дээр битгий шошийтол сууж бай. Монгол эр хүн ямар ч гэсэн баруун хоймортоо л эзэн байх ёстой юм шүү...
-За ээжээ...
-Эж ээ, эхийнхээ ачийг хариулсан хүн хорвоод байхгүй гэж “хог задлагч” хэлж байна лээ...?
-Хэн гэнээ миний хүү?
-Яагаав ээ “хог задлагч”
--Хөөрхий хогийн цэг дээр ирж айлуудын ууттай хогийг ялгаж сав авдаг өвгөн үү... Тэр чинь цагтаа сайхан хүн байсан юмаа, жүжигчин байсан юм. Нэг цол мол гээд гавиагүй байх, сүүлд л балгадаг болоод тэр. Амьдрал хатуу юм даа, миний хүү. Эх хүүдээ үг хэлэх гэж хүчээ шавхан толгойгоо эргүүллээ.
-Эхийн ачийг хариулж болноо миний хүү...
-Том эмч нар бас баячуул л хариулдаг байх доо...
-Мм... хүү нь сайн байвал эх хүн баярлана шүү дээ...
-Эж ээ, Хүн үхээд диваажинд очих болов уу...
-Мэдэхгүй дээ, сайн сайхан үйл хийсэн нь диваажинд, муу үйл үйлдсэн нүгэл хилэнц ихтэй нь тамд унана гэж Бурханы номонд заасан байдаг гэдэг дээ. Амьд яваа цагтаа үйлийн үрээ нимгэлж байх хэрэгтэй юм шүү миний хүү ээ..
Хүү түрүүнээс хойш ээжийгээ зүүн урд хашааны Уламжаргал эмгэн шиг хэвтсээр байгаад үхчихэж магадгүй нь яанаа гэсэн нэгэн айдаст ороолдож, ер үхвэл муу эжий минь яадаг бол хаа очдог бол хэмээн мөлүүхэн ухаандаа түгшүүрлэхчээ аядаж суусан байж таарлаа.
-Эж ээ, манай нөгөө... аавын том мөнгөн аяга яасан юм?
-Аа. Тэр үү...эжий нь эртэд аваачаад барьцаалчихсаан.
-Яаж байгаа юм бэ, би түүнийг чинь хайрлаад жижгийг нь зарж байхад та алга болгоод...
-Эжий хүү хоёр өвлийн хүйтэнд юугаа идэхэв дээ, одоо ч юм үгүй болж билээ... Эжий нь нүгэлтэй хүн юм, ганц муу хүүгээ олигтой хүн болгож чадсангүй...Эцгээс чинь үлдсэн жаахан юмыг ч барчихлаа. Диваажин ч над мэтийнх нь залрах газар биш л болов уу даа.
Ер, эх хөрч эхэлсэн ухааныхаа ёроолыг шавхаж хүүгийн асуусан там диваажингийн тухай л бодол ширгээж хэвтээ юу гэмээр.
Ганц нэг үгийг зөөж ядан ярилцсаар дахиад хоёр агшин өнгөрлөө.
Хөдлөх чадвар, ухамсарт үйлийнхээ сүүлчийг шингээсэн өчүүхэн галын өөдсийг өнчин үрдээ хань болгож үлдээхээр хоногоо даадаг том мөнгөн голтдоо тэрлэж орхисон нь асах цагаа хүлээн тоонон салхинд тосоо мэлмэлзүүлнэ.
-Эж ээ, зулаа асаачих уу гэрэлтэй болог!
-Үгүй дээ миний хүү, гэрэлтэй болохгүй...
Орчлонгийн амьтан хэдий нүгэлтэй ч эх хүн гээч нь арай л ондоо замтай гэдэгт итгэн итгэн, Диваажингийн цэцэрлэгт очих замыг тодоос тод гэрэлтүүлэх ч юм билүү хэмээн хэдэн жилийн хур ханхалсан жаахан шар тосоо мэлтэлзүүлсэн энэ зулыг асах цагт ганц ядруу хүү минь тоорог буураг ертөнцийн тоосонд торойгоод үлдэнэ дээ гэхээс эхийн гол үл тасарна. Угийн бүдүүн бараг дээр нэг л заяах амьдралынхаа сэргэг саруулхан хэдэн насыг нойтон лонхны амсарт ширээж орхисон хүүгийн сэтгэл өнөөдөр энэ зулын тос шиг мэлмэлзээд нэг л тогтох биш. Дэмий л “Эж өнөөдөр яасан жижигхэн болчихов оо...” хэмээн гайхаж эжийгээ нэг, тооноо нэг ширтэж суулаа. Гэнэт үүд сэвхийн хаалгаар жавар сэнгэнэж эхлээд, “бүдүүн” гутлын банхар хоншоор босгонд бүдэчсэнээ пааргар хоёр хөл өлмий өсгийгөө өшигчин байж арайхийн даваад, хөглөгөр хөх залуу баруун хоймроод үг сүггүй зүтгэлээ. Хүүгийн найз нь ажээ. Эхийг хяламхийсэн ч үгүй, хүүг чангааж, “Аль гаръя, Батаа ганц лонх юм олж ирээд тойруулж байна, чамайг хүлээгээд....” гэлээ. Хүү эх рүү нэгэнтээ нүд буландсанаа доошоо навтайж,
- Би чадахгүй нь ээ... ээж...архи.... би больсоон... гэв. Мөнөөх залуугийн гёлгор хоёр нүдний нь цэвхэлзсэн хөх харц эрчлэн хүүгийн дал мөрөөр мөсөн шилбүүрээр татаад өнгөрлөө. Тэрээр,
-Хөөе хэзээнээс тэр вэ, хуцдаг лагай чинь!
-Сая ...саяхнаас...үгүй одоо л...
-Үү үү! хохь чинь... Залуу сүр сархийн босов. Хүү араас нь өндөсхийснээ буцаж , “Ээжээ! би одоо архи уухгүй ээ” гээд туйтгар хоёр хөлөө лавхан завилаад авлаа. Бүдэг гэрэлтэй умгар гэрийн бэсрэг хар зуухнаас чадхийн оч үсэрч зүүн талыг зурвасхан тодруулахад удахгүй бадамлан асах зулын нарийн цагаан гол дальдасхийлээ. Эхийн ор үл мэдэг шажигнаснаа нэгэнтээ шүүрс алдан дотогшоо алдарлаа. Эх гараа аяархан хөдөлгөж, “Миний хүү зулаа асаачих” гэвээ. Хүү, эцгийн талаас эднийд уламжилж ирээд гялайх юмны нь сүүлч болж үлдсэн очир суурьтай том мөнгөн голт цөгцний дэргэд хажуулдан хэвтээд Дарь Эхийн зурагтай данхар чүдэнзний сүүмэгнэх галд арван хуруугаа хайран алдан шуухитнав.
Эжий нь жаахан ... дугхийе... Миний хүү ээ! Чи сая ээжийнхээ ачийг хариулчихлаа шүү дээ...Эхийн дуу ер залуу бүсгүйнх шиг цовоо чангаар дуурсахад хүү цочин өндийлөө.
Зул намилзан, гэгээнд нь тооно голлосон ганц баганын сүүдэр эв хавгүй томроод ирэхүйеэ сүүлчийн амьсгалаа өрцөндөө эгшээхдээ хүүдээ баярласан нулимсаа арчиж амжилгүй явчихсан эжий нь тэнгэрээд тослог шар гэрэл татуулан өөдөлж явлаа...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа


