Аавтайгаа харих сайхан / фото сурвалжлага/
"Аавууд аа гэртээ эрт хариарай" аяныхаа хүрээнд хотын төвийн нэгэн цэцэрлэгийн гаднаас фото сурвалжлага бэлтгэлээ.
Цэцэрлэг хүүхдүүдээ аав ээжид нь хүлээлгэн өгөх цаг 17.00 – 17.30. Гэтэл цагаасаа өмнө ирчихсэн хүн нэлээдгүй харагдлаа. Эдгээр хүмүүсийн ихэнхи нь эмээ, өвөө, ах, эгч нар нь байнаа.
Эмээ өвөө, ах эгч нар нь хийх ажилгүйдээ эрт ирээгүй. Тэд аав ээжээс нь илүү хариуцлагатай учраас цагаасаа өмнө ирж байгаа. Цэцэрлэгийн хаалга яг цагтаа нээгдлээ. Эмээ өвөө, ах эгч нь эрт ирж авсан хүүхдүүд баяртай нь аргагүй гарч ирэх юм.
17.30 минуттай уралдан аав, ээжүүд цэцэрлэг рүү гүйлдэнэ. Хүүхдээ авахаар ирж байгаа аав ээжүүдийн тоо бараг л эн тэнцүүхэн харагдсан. Орчин үеийн залуусын гэр бүл төлөвлөлт л үүнд нөлөөлж байгаа. Ажлаа зохицуулан эхнэр нөхөр хоёрын аль ажил багатай нь хүүхдээ авдаг. Үргэлж хүүхдээ авч өгдөг сайн аав байхад, нэг ч удаа ирж байгаагүй аав ч байдаг гэсэн.
Бяцхан хүүхдүүдээс хэнээр цэцэрлэгээс авахуулах дуртай вэ? гэж асуухад ихэнхи нь “ааваараа” гэж хариулсан. Магадгүй тэд аавтайгаа байхдаа айдас түгшүүргүй, аз жаргалтай байдаг байх. Бас аавыгаа “зөөлчлөх” амархан.
Ямартай ч аавтайгаа хөтлөлцөн яваа бяцхан үрс дэндүү аз жаргалтай харагдсан.
Аавын гар ачтай гар
Аврага том хүчтэй гар
Харахад хатуу гар
Харин наддаа зөөлхөн гар...
Тиймээ. Аавууд аа. Алагхан үрсийнхээ гараас хөтлөөд нэг алхаарай, амраг ханийхаа ажлаас багахан ч болов хугаслаад туслаарай.







Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






