Ж.Урангуа: “Шавьтай багш бол Ундаргатай булаг”
МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, Түүхийн шинжлэх ухааны доктор Ж. Урангуа

- Юуны өмнө танд багш нарын баярын мэнд хүргэе! Мөн “Шилдэг судлаач багш” болсонд танийг онцолж ярилцлагын буландаа урьж байна.
- Баярлалаа. Эмэгтэйчүүдийн цахим сэтгүүлийн уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жил бол Монголын багш нарын баярыг тэмдэглэж эхэлсний 46 дахь жил юм. Улс орон даяар ардын багш нарын баяр 2 сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог уламжлалтай. МУИС жил болгон шилдэг багш нарыгаа шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн нийгмийн ухааны шилдэг багшаар би шалгарлаа. Шилдэг багш нараа манай сургууль их сайхан шагнаж урамшуулдаг. Тухайлбал энэ жил шилдэг багшийн өргөмжлөл, мөнгөн шагнал мөн Хятадын далайн эрэг дээр байдаг Вяха хотод долоо хоног амрах эрхээр шагналаа. Хөдөлмөрлөсөн хэн бүхэн энэ шагналыг хүртэх боломжтой.
Би 1982 онд МУИС-ийг төгссөнөөсөө хойш төрөлх сургуульдаа багшилж байна. Монгол улсын томоохон уурхай болсон сургуульд багшилж байгаадаа маш их баяртай байдаг. 1982 онд сургуулиа төгссөнөөс хойш Монголын үе үеийн түүхчдийг, түүхийн багш нарыг бэлтгэн гаргахад хүчин зүтгэж яваадаа бахархдаг. Мөн мэдээж эмэгтэй хүнийхээ хувьд Монголын нийгэмд эмэгтэйчүүд эрт дээр үеэс ямар байр суурьтай байсан юм, одоо ямар байр суурь эзлэж байна, цаашид эмэгтэйчүүд бид ирээдүйн хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ? Ирээдүйн Монгол иргэдийг өсгөж хүмүүжүүлэхдээ ёс төртэй иргэн болгоход юуг анхаарах вэ? гээд бүхий л асуудалд санаа тавьж явдаг. Мөн түүхийнхээ өнгөрсөн үеэс хүмүүс сургамж авч байгаасай гэдэг үүднээс басхүү түүхч эмэгтэй хүнийхээ үүднээс эмэгтэйчүүдийн түүхийг судлаж үздэг. Манай монголчууд нүүдэлчин ард түмэн, олон жил нүүдэллэж ирсний улмаас түүхийн олон баримтууд устаж үгүй болсон байдаг. Гэхдээ байгаа баримтдаа түшиглэж Монголын эмэгтэйчүүдийн талаар хэд хэдэн ном, сэтгүүл гаргаж баримтат кино хийж байсан.
- Багш хүний бахархал чухам юундаа байдаг вэ? Оюутнууд нь хэдий зовоодог ч гэлээ тэднээрээ бахархдаг гэж байсан?
- Багш гэдэг нарт ертөнц дээр байхгүй нандин сайхан мэргэжил гэсэн байдаг. Үнэхээр тийм. Өглөө ажилдаа ирэхэд цэцэг цэврүү шиг охид залуучуудыг харахад ямар ч хүний сэтгэл сэргэдэг. Тэднээсээ өөдрөг сэтгэлийг авдаг. Мэдээж төгсөөд явсны дараа ажлынх нь амжилтаар бахархдаг. Шавийн эрдэм багшаасаа гэдэг үг байдаг. Тийм учраас багш хүн мэдлэг чадвар өндөр, ёс суртахуунтай байх ёстой гэж боддог шүү. Хоёрдугаарт шавьтай багш гэдэг бол ундрагатай булаг гэсэн үг байдаг. Тиймээс л үе үеийн шавь нар нь багш нарынхаа бахархал болж байдаг юм.
- Шавь нь багшаасаа эрдэм мэдлэг авч, багш нь шавиасаа ухаарал авдаг гэдэг. 30 жил багшлахад таны шавиасаа авсан хамгийн том ухаарал юу вэ?
- Тийм ээ. Энэ хорвоо чинь ухаарч амьдардаг хорвоо шүү дээ. Энэ хүн надаас суралцах ёстой, энэ хүн надаас доогуур гэх биш, шавийгаа надтай адилхан “хүн” гэдэг утгаар харж, анги танхимаас гараад явбал энэ хүн миний найз нөхөр гэж боддог.
- Багш хүн ажил гэж явсаар гэр бүлээ, гэр орноо орхигдуулдаг талтай байх. Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
- Мэдээж айл гэрийн сайн эзэгтэй, сайн эх хүн байх гэж хичээж явдаг. Би өөрөө дөрвөн хүүтэй, айлын Дархан бэр. Эх хүний олон сайхан өргөмжлөл шагналууд надад байдаг. Айл гэрийн эзэгтэйн үүрэг, ардын багшийн хариуцлагыг аль болох сайн хослуулах гэж л явна даа. Миний энэ авсан бүхий л шагнал урамшуулалд нөхрийн минь гавъяа маш их байгаа. Тэр хүн намайг ойлгож дэмждэг, хэнээс ч хараат бус байх энэ бүх нөхцлийг минь хангаж өгдөг. Мөн өсөж том болоод амьдралаа эхэлсэн хөвгүүдээ хараад энэ насны амьдралаа утга учиртай өнгөрөөсөн юм байна даа гэсэн бодол төрдөг. Мэдээж гэр бүлийн хүн маань зэмлэх үе гарна, хичнээн цаг компьютерийн өмнө суулаа гэж. Бас хааяа ажилдаа анхаараад хоол хийхдээ хурдан хугацаанд “гялалзуулчихаар” манай хүүхдүүд ирээд хэн хоол хийснийг нь асуугаад намайг хоол хийсэн гэвэл “Аан ээж ч түргэн шаламгай л хийсэн дээ” гээд аав нь хийсэн гэхээр “Аа сайхан даа” гэж баярладаг. Энэ бүхнээс харахад би ажлынхаа ард гарах гэж гэр бүлийнхэндээ хүссэн цагийг нь гаргаж өгдөггүй юм байна гэж ухаараад их хичээж байгаа. Хүний амжилтын түлхэгч хүч нь гэр бүл, хамт олон байдаг шүү дээ.
- Хүн төрөлхтөн эмэгтэй хүнийг чухам ямар байх ёстойг тодорхойлсоор ирсэн. Харин таны хувьд эмэгтэй хүн гэж хэн бэ?
- Олон зуун жилийн турш хүн төрөлхтний түүхэнд эмэгтэй хүнийг сул дорой, хараат, туслах дүр мэтээр ойлгож үс нь урт, ухаан нь нь богино гэх зэргээр хэлж ирсэн байдаг. Саяхан манайд эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон. Монголын шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа нийт ажилчдын 50% нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолтой нэг ч эмэгтэй хүн байдаггүй. Энэ нь юутай холбоотой байдаг гэхээр эмэгтэй хүн чимээгүй л ажлаа хийгээд явж байдаг. Хийсэн юмыг нь харахаар эрчүүдээс дутах зүйлгүй байдаг мөртлөө хэзээ ч “Би би” гээд явдаггүй. Тийм болохоор биднийг олж харддаггүй юм болов уу даа гэж боддог.
- Сүүлийн асуултанд та хэлэхийг хүссэн зүйлээ уншигчдад маань хүргэж болно?
- Монголын нийгмийг зөв гэгээрүүлэх, зөв сэтгэлзүй өгөх хэвлэл мэдээлэл дутагдалтай байдаг. Өнөөдрийн манай хэвлэлүүд үргэлж хүний хувийн амьдрал, муу муухайд нь дурласан “шар”, эсвэл сонин содон л зүйлийг сонирхдог болсон. Тийм болохоор нийгэм маань хүртэл дагаад “шарлаж” байна. Гэтэл энэ нийгэмд чинь болж бүтэж байгаа сайн сайхан зүйлс ямар их байдаг гээч. Энэ бүхнийг олон түмэнд хүргэж байвал манай монголын бие биенээ доош татдаг тамын тогооны сэтгэлгээ байхгүй болно. Хүн бүхэн нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн сэтгэхүйтэй байвал энэ нийгэм өөрөө цэвэршинэ. Ийм олон сайхан сонин хэвлэлүүд байгаасай. Мөн Монгол орныхоо нийт багш нартаа эрүүл энх, аз жаргалтай сайхан амьдралыг хүсэн ерөөж Багш нарын баярын мэнд хүргэе!



