Хүүхдүүд минь аавтайгаа ойлголцохоо байсан....
Сайн байцгаана уу? Эмэгтэйчүүд.мн сайтын бүсгүйчүүдээ. Та бүхний зохиож байгаа “Аавуудаа гэртээ эрт хариарай” аян миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн учраас уншигч бүсгүйчүүдтэйгээ өөрийн дотоод сэтгэлийг хуваалцахыг хүслээ. Учир нь яг надтай адил бүсгүйчүүдийн маань маш том хөндүүр сэдэв болсон энэ асуудлыг шийдэхээр эрмэлзэж байгаад нь талархаж өөрийн зүгээс өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.
Би ханьдаа маш их хайртай, ханьдаа хайргүй гэж хэлэх эмэгтэй байхгүй байх л даа. Миний хань бол үр хүүхэд, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулж яваа монгол сайхан залуу. Ханиа ингэж бардамнаж, бахархан магтсан минь учиртай. Бидний аав ээжид маань таслаад өгөх өв хөрөнгө, май гээд өгчих мөнгө төгрөг аль аль нь байсангүй. Юм юмгүй бид хоёр бүхнийг эхнээс нь бий болгох гэж хамтдаа зүтгэсээр санасандаа хүрцгээсэн. Анх өөрийн гэсэн орон гэртэй болъё, харин дараа нь... гэж эхэлсэн амьдралын төлөөх зүтгэл маань өнөөдөр бүр л их зүйлийн төлөө зүтгэхийг шаардах болжээ. Тэр болгоны төлөө миний хань одоо хэр нь зүтгэсээр л байна. Хамтдаа зүтгэх явцад байгалийн жам ёсоор бид үр хүүхэдтэй болж, би гэртээ тэднийгээ өсгөж бойжуулах хэрэгтэй болсон. Харин хань маань анх авсан байраа томсгох, унаагаа сайжруулах, за тэгээд үр хүүхдүүдээ боловсролтой, сайн хүн болгохын тулд төлбөртэй сургууль цэцэрлэгт өгөх гээд л үргэлжлүүлэн зүтгэсээр байгаа. Түүний минь зүтгэлийн хэрээр манай амьдрал ахуй дээшилж, дэвжсээр........
Манайх таван хүүхэдтэй, хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнээ гэж хань минь ам бүл нэмэх тусам улам л завгүй ажилласаар, түүнийхээ хирээр бидэнтэй байх цаг нь улам л багассаар... Хань маань хүүхдүүдээ унтсан хойно л орж ирнэ, харин хүүхдүүд маань аавыгаа унтаж байхад сургууль цэцэрлэгтээ явчихна. Аавтайгаа ажлын тав хоногт нүүр тулан уулзахгүй байх тохиолдол элбэг. Тэр битгий хэл аав нь заримдаа амралтгүй ажиллах ч тохиолдол гарна гээч. Ингээд л аав хүүхдүүд хоорондоо уулзалдахгүй болохоор тэд минь зарим асуудалд бие биенээ ойлгохоо байж эхэлсэн. Энэ нь хүүхдүүдэд минь илүү хүндээр тусч байгаа нь мэдрэгдэх юм. Аавдаа өөрсдийгөө ойлгуулж чадахгүй, аав нь том болсон хүүхдээ ойлгохгүй, ингээд л гэрт асуудлууд ар араасаа гарсаар..... Наад зах нь л аавд битгий хэлээрэй, хэлэхгүй өнгөрүүлчих л дээ, аль эсвэл аавдаа хэлэх гэсэн юмаа та аавд хэлээд өгөөч гэх мэт, нэг л ааваасаа хөндий болцгоох гээд байх юм. Уг нь тэд чинь ааваасаа үлгэр дууриал авж, эр хүн шиг хоорондоо ярилцаж зөвлөлдөж байх ёстой юмсан.
Амьдралд эд хөрөнгө мөнгө төгрөг хэрэгтэй ч, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал юу юунаас илүүтэй хэрэгтэй байх юм. Том хүүхэд дээд сургуульд, хоёр хүүхэд дунд сургуульд, нэг хүүхэд цэцэрлэгт харин би гурван сартай хүүхэдтэйгээ гэртээ. Ийм л хэдэн хүний төлөө тэр минь зүтгэсээр л байгаа боловч. Яалт ч үгүй гэр оронд минь түүний минь байх ёстой орон зай үгүйлэгдээд байх юм. Гэрт ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэр утсаар л ярьдаг. Аль эсвэл би тухайн үед нь өөрөө зохицуулах болно. Энэ нь бас хүүхдүүдийн минь хүмүүжилд бас нөлөөлөөд байна. Тэдэнд аавынхан энерги, эрч хүч, үг яриа, инээд хөөр бүгд дутагдаад байх юм. Хүүхдүүдээ цаг зав гаргаач гэхлээр надад зав алга, би ажил хийж байна шүү дээ гээд л уурлаад л...
Үнэхээр л тэр минь гэр бүл, үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө хөдөлмөрлөж байгааг би хамгийн ихээр ойлгож мэдэрч байвч, түүний минь нөмөр нөөлөг, хайр энэрэл үр хүүхдэд минь ямар их хэрэгтэй байгааг ойлгодог ч болоосой гэж хүсэх юм. Энэ бүхний эцэст би өөрийгөө ч гэхээ больж, зөвхөн үр хүүхдээ гэж түүнийгээ ганц өдөр ч болов гэртээ эрт ирээсэй гэж хүсч суунадаа. Хань минь үрийнхээ халуун инээдийг сонсох гэж гэртээ эрт ирээрэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

