Тэр би байсан...

Хэзээ ч... хэзээ ч... хэзээ ч гэж ахин дахин үглэмээр санагдах эл хуль орчинд би ганцаар өөрийн сүүдрийг ажин, сүүдэр минь намайг ширтэн зогсоно. Энэ сүүдрийг би танина, гэвч олон жил намайг дагаж, хийсэн үйлдэл бүхнийг минь дуурайн, инээмсэглэн зогсох тэр гэм зэмгүй нэгэн биш байлаа.
Биеийг минь эзэмдэн, аль буруу бүхэнрүү түлхэж байсан энэ шинэ танил аавыг минь орон зайгаа үлдээн үгүйрсэн тэр бараан намрын жихүүн шөнө надад нөхөрлөлийн санал тавьсан юм. Тэгэхэд би нэгэнт хуучин сүүдрээсээ залхсан байжээ, тэгээд ч үгүйрсэн орон зайг хэрхэн нөхөх учраа олохгүй түүнийг өөртөө үлдээсэн. Тэр өдрөөс хойш харц нь үл харагдах сүүдэр минь өдөр шөнөгүй намайг дагаж, хуучин сүүдрийн минь адил үйлдэл бүхнийг минь давтах биш харин үйлдэл бүхнээрээ намайг захирах болов. Үнэндээ аавгүй болсон тэр өдрөөс хойш би муу хүн болсон. Тэр шөнийн хийсэн гэрээ, тэр сүүдэр хоёр надаар өөрийн утсан тоглоом шигээ наадсан. Би тамхи татах болсон, архи уух болсон, хорвоод цор ганц эд баялаг минь гэж шүтдэг асан ижийгээ гомдоох болсон. Ай, аав таны минь орон зай дүүрэн байсан бол би яах гэж тэр гэрээг хийх вэ? яах гэж түүнийг үлдээх вэ? Та минь дэргэд байсан бол энэ аймшигт сүүдэр надад дөхөж ч чадахгүй байсан даа.

Одоо би өөрийн сүүдрээс айх болсон, тэр өөрийнх нь тушаалыг гүйцэлдүүлэхгүй гэвэл намайг өөрийн амьдардаг харанхуйн орон руу хөтлөн одох юм гэсэн. Өдөр ч, шөнө ч би түүнлүү чимээгүйхэн харахад тэр мөн л надруу чимээгүйхэн ажиж суудаг. Тэр өөрт байхгүй нүднийхээ харцыг надад бие сэтгэлээр минь мэдрүүлэн, хааяа хааяа надруу хашгичиж байх шиг санагддаг. Үнэндээ би түүний сүүдэр юм шиг, харин сүүдэр минь жинхэнэ би юм шиг намайг эрхшээх болжээ.
Салхи улина, салхи улина.... Аүүүүүү.... Аүүүү... гэж.... Би уйлна, би уйлна. Сүүдрээс минь салгаад өгөөч гэж. Аавынхаа тухай бодож залбирна. Ум ма ни бад мэ хум.... Ум ман ни бад мэ хум... гэж. Тэр өдөр битүү сартай шөнө болсон, тэгэхэд өнөөх аймшигт сүүдэр минь түрхэн зуур холдох шиг болсон. Энэ хоромхон хугацаанд аав минь салхи болон чихэнд минь шивнэсэн... Аүүү, аүү...Тэр ердөө сүүдэр чинь... аүү, аүү.. Тэр чамайг хааш нь ч түлхээгүй... аүү.. аүү.. чи л өөрийгөө түлхсэн... гэж исгэрэхтэй зэрэгцэн өнөөх аймшигт сүүдэр чихийг минь даран авлаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа


