Найзууд ...
Нарт ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж төрнө гэдэг хамгийн аугаа, азтай хэрэг. Ийм их азаар хорвоод мэндэлчихээд, сайхан амьдарч, сайн найзуудтай учирна гэдэг бүр том аз юм. Би өөрийгөө дэндүү азтай эмэгтэй гэж бардамнан ярих дуртай. Надад энэ хорвоо юугаа ч харамлахгүй хайрласан.
Тэр дундаас миний амьдралын салшгүй нэгэн ертөнц болсон найзуудаараа би баян. Хэн нэгэнд итгэх амрахан. Харин хүний итгэлийг дааж явна гэдэг хэцүү. Надад эрэгтэй, эмэгтэй, эгчмэд, дүү гээд олон найзууд бий. Жаргалтай үед минь хажууд байдаг, зовлонтой хэцүү байхад хаяад явсан найзууд ч байгаа.
Миний найзууд миний дайсан болж байсан удаа ч нэг биш бий. Гэсэн ч одоо миний дэргэд тулгын гурван чулуу шиг туждаа хамт явах гурван найз минь байгаа. Жаргалтай үед дэргэд минь байж, ээж, эгч, зөвлөгч минь байдаг гурван найздаа би хайртай.
Би тэднийхээ дэргэд жинхэнэ өөрийнхөөрөө байж, хэнээс ч юунаас ч ичдэггүй. Найзууд минь намайг дэлгээд тавьсан ном шиг гэдэг. Тэд миний сэтгэлийг гаднаас минь хараад л уншдаг. Бид дөрөв нэг нэгнийгээ орлож чадахуйц дөрвөн өөр ертөнц. Дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх гэж найзууд болдог аж. Надад байхгүй олон зан чанарууд миний гурван найзад бий.
Найзуудаа би цэцэгтэй зүйрлэе.
Наранцэцэг – биднээс насаар дүү ч хамгийн хэрсүү, налайсан, инээхээрээ нар луу тэмүүлэн инээмсэглэх наранцэцэг шиг. Тэр их нухацтай, шийдвэр гаргах гэж яардаггүй. Аливааг олон талаас нь харж чаддаг хэрсүү эмэгтэй.
Сарнай – чамин тансаг хэрнээ энгийн эгэлхэн энэ бүсгүйгээс бид гурав гурвуулаа жаахан эмээдэг. Эмээж байгаа нь хүндлэл. Түүнд бид гуравт байдаггүй олон зан чанар бий. “Амьдрал үзсэн хүн шиг” ярих нь биднийг гайхшируулдаг. Жижиг том гэлтгүй бүхий л асуудалд чин сэтгэлээсээ ханддаг хариуцлагатай эмэгтэй.
Цахирмаа – энгэрийн зүүлт, эмэгтэй хүн хоёр жижигхэн байх тусмаа эрхэмсэг. Биднээс биеэр жижигхэн хэрнээ, бэлчээр нь их томоо. Тэр бүхнийг чадах гэж хичээдэг, болгох гэж зүтгэдэг. Хурдан шалмаг хөдөлгөөн, хурц үнэн үг миний найзын биднээс ялгарах имидж нь. Хүүхэд насны сэтгэлийн хөөрлөөр бус “хүүхэн” болчихоод учирсэн миний амьдралын найзууд.
Би өөрийгөө “Усан цэцэг” гэе. Учир нь усан цэцэг усгүй л бол амьдрах чадваргүй. Миний найзууд намайг тэтгэх ус. Би ийм л гурван цэцэг шиг найзтай.
У. Чимэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





