Миний хоёр буурал

Намайг Цолмон гэдэг. 1986 оны 8-р сарын 26-д аав Машлай, ээж Дарьсүрэн нарынхаа үр нь болж энэ хорвоод мэндэлсэн билээ. Энэ хорвоод хүн төрлийг олж мэндэлнэ гэдэг үнэхээр их завшаан юм. Монгол газар шороон дээр энэ сайхан тэнгэрлэг ард түмний дунд, ачтай, буянтай хоёр буурлынхаа хүү нь болж мэндэлсэндээ баярлаад, бахдаад барахгүй. Мэдээж ээж, аав гэдэг үрийнхээ төлөө улаан гал руу орохоос ч буцахгүй хүмүүс. Миний л мэдэхээр ухаан орсон цагаас минь хойш аав ээж минь намайг дутахааргүй өсгөхийг хичээж ирсэн дээ. Бүхнээс илүү онцгой орчинд өсөөгүй ч хэнээс ч дутахгүй хайранд хөлбөрч өссөн би.
Бодоод байх нь ээ, надад зориулж байгаа бүхэн нь миний хоёр бууралд чамлалттай л санагддаг юм шиг... Гэхдээ зандрах үедээ зандарч, энхрийлэх үедээ энхрийлж, өдий зэргийн ухаан хайрлаж өсгөсөн нь надад дэндүү их ач буянтай санагддаг. Ямар ч л байсан ээж, аав хоёр минь чадлынхаа хэрээр л намайг л гэсээр өдийг хүрчээ. Гэвч хоёр буурал минь ханахгүй л юм. Үнэхээр л ачлал буян төгс миний хоёр бурхан гэж сүслэн залбирмаар...
Миний бодлоор хүн хорин дөрөв, тав хүрээд л бодол санаа нь төлөвшиж, ухаан бодол тэнцвэрждэг гэлтэй. Бусад хүмүүс ямар байдгийг мэдэхгүй л дээ. Өөрийнхөө тухай бодож, өнгөрсөн цаг хугацааг өнөөдрийнхтэй харьцуулахад тийм л юм шиг санагддаг юм. Хэдэн жилийн өмнө бодож санаж явсан зүйлийг одоо бодож, тэмүүлж, хүсэж явдаг зүйлстэйгээ харьцуулахад их өөрчлөгджээ. Заримдаа бодоход их л олон боломж, завшааныг алдсан шиг санагдаж харамсах сэтгэл төрдөг юм. Ээж, аав хоёр минь их хэлж захидаг, тэр бүхэн нь үнэн юм шүү гэдгийг мэддэг байсан ч анзаарахгүй явжээ. Одоо л мэдэрч эхэлж байх шиг... Гэхдээ би залуу хүн хэзээ ч оройтохгүй ээ. Ээж, аавын минь хэлж захидаг, өөрсдийн үйл хэргээрээ үлгэрлэдэг бүхэн нь надад шингэсэн учир би алзахгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Би боддог юм. Ямар ч хүн хэзээ ч өөрийгөө би чинь ийм хүн шүү, миний зан ааш, авир төрх тийм шүү гэж дүгнэж туйлын хариултыг олж чадахгүй. Өөрийг нь тойрон хүрээлж буй хүмүүс л дүгнэж чадна. Гагцхүү амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсээрээ дамжуулж л өөрийгөө ямар хүн бэ гэдгийг таньж, мэдэж болдог байх. Хүн болгонд философи бий гэдэг шиг надад ч гэсэн өөрийн гэсэн философи бий. Миний хувьд аз жаргал гэдэг амар, тайван амьдралыг л хэлнэ. Гэхдээ тэр амар, тайван амьдрал гэж чухам ямар амьдрал юм бэ гэдгийг ухаж үзвэл их л өргөн хүрээтэй ойлголт юм. Урьд нь би хүний үнэт зүйл чухам юу вэ гэдэг талаар хэтэрхий хөнгөн хийсвэр бодолтой байжээ. Харин одоо бол хүний үнэт зүйлийг зүрх сэтгэлд оршдог гэдэгт итгэдэг. Хүн сэтгэл, зүрхээрээ ариун байж алив бүхэнд сэтгэлээ гаргаж, тэр бүхэндээ үнэнч байж чадвал амьдрал өөрт нь үнэнч хандана. Мөн хүн бусдыг хайрлаж байж л тэр хайр эргээд өөрт нь ирнэ. Гэхдээ бас өөрийгөө хайрлаж, хүндэлж байж л бусдаар өөрийгөө хайрлуулж, хүндлүүлж чадна.
Ингээд сэтгэлээс минь хэзээ л холддоггүй нандин дурсамжаасаа хуваалцъя.
Би нийслэлийн 54-р сургуульд сурдаг байлаа. Хоёр, гуравдугаар ангид орохдоо өөрийгөө их л том болчихсон юм шиг боддог байж. Ээж минь намайг сургуульд хүргэж өгнө. Үргэлж хамт явна. Харин манай ангийн зарим хүүхдүүд хичээлдээ ганцаараа яваад ирчихдэг байлаа. Амьхандаа тэд нараас дутахгүй гэж бодсондоо бас ичсэндээ ээжээр хүргүүлэх дургүй байдаг байв. Тэгэхэд ээж минь “хүүгээ ядаж зам гаргаад өгье” гээд хамт явдаг сан. Зам гарсны дараа би “одоо өөрөө явна, та харь“ гээд л ээжийг хөөж эхэлнэ. Одоо эргээд бодохоор ээж минь за гэж хэлчихээд “хүү минь элдэв юманд өртчих вий, аятайхан л явж хүрдэг байгаа даа” гэж сэтгэлээ чилээн араас минь сэмхэн дагадаг байсан шиг санагддаг юм. Ээж минь намайг ингэж л хайрлаж өсгөсөн юм. Магадгүй, хүн сонсоход энгийн байдаг л зүйл мэт боловч надад гүн гүнзгий ухаарал, их хайрыг мэдрүүлдэг юм. Энгийн зүйл өөрөө хамгийн агуу гэдэг дээ. Миний сэтгэлээс хэзээ ч холдож үзээгүй энэ мэт энгийн сайхан дурсамжуудыг бодож би уярдаг. Хүүгээ энхрийлэх ээжийн минь хайр ямар агуу юм бэ гэж бодох бүрт баяр, бахархал хоёр зэрэгцээд ирдэг юм. 1990-ээд оны үед юмдаг. Ганц манайх гэлтгүй нийгмийн амьдрал ер нь тааруухан байсан даа. Зун аав хөдөө уурхайд ажлаар явчихна. Ээж бид хоёр гэрээ сахиад үлддэг байлаа. Ээж минь тэтгэвэрт гараад удаагүй байсан даа. Зуны нэг өдөр ээж бид хоёр банк орж ээжийнхээ тэтгэврийг аваад явж байлаа. Гэтэл гудамжинд нэг хүн урьд өмнө миний хэзээ ч харж байгаагүй гадуураа үсэрхэг жимс зарж байна аа. Би хүүхэд л болсон хойно тэр жимсийг идэхийг маш үнэхээр хүсч байв. Хүүхэд байтугай том хүн ч гэсэн амталж байгаагүй тэр жимсийг сонирхохоос өөр аргагүй. Одоо бол дэлгүүр болгонд зарагддаг тоор гэдэг жимсийг анх удаа харж байгаа минь тэр. Үнийг нь асуутал “айхтар” үнэтэй байдаг байгаа. Ганцхан ширхэг нь шүү. Худал яривал, бараг л ээжийн маань тэтгэврийн мөнгөний талын тал нь... Би ч тэр дороо “ээж надад авч өгөхгүй байх даа” гэж бодоод нурмайгаад явчихлаа. Гэтэл ээж минь эргэлзэж тээнэгэлзсэн ч юмгүй тэр дороо л “нэг ширхэгийг авъя” гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Гоё жимс иднэ гэж баярлахаас биш өөр бусад зүйлийг ухаарах бодол байгаагүй юмдаг. Гэтэл нөгөө жимсээ идээд, тэрнээсээ харшил авчихдаг юм байна. Ам, хамар дээгүүр улаан юм туураад бөөн маажуур. Ээж минь “тэр жимсийг чамд хэрэггүй л авч өглөө” гэж үглэнэ. Ийм л юм болоод өнгөрөв. Сүүлд бодоод байхад мэдээж хэрэг ганцхан ширхэг жимсийг тэр их мөнгөөр авна гэдэг ээжид минь хэцүү л байсан байж таарна. Надаас өөр хүн байсан бол ээж минь үгүй л гэх байсан даа. Хүүдээ амттай юм идүүлчих юмсан, хүүгээ л баярлуулчих юмсан гэсэн тэр агуу сэтгэл нь дийлж надад тэр жимсийг авч өгсөн юм. Хүүдээ ийм л хайртай, агуу сайхан ээжтэй хүн дээ би.
Би зургаа, долоон настай л байсан шиг санагддаг. Ямар ч байсан арай ч сургуульд орчихоогүй л байсан юм. Хүмүүс сайн мэднэ дээ, хорооллын “Есөн од” гэж дэлгүүрийг... Тэнд тоглоомын нэг тасаг байсан юм. Тэр тасаг дээр гар хөл нь нугардаг хүн тоглоомыг төрөл төрлөөр нь зардаг байлаа. Тэр дэлгүүрээс ааваараа байнга л тоглоом авахуулдаг сан. Даанч амархан бэлхүүсээрээ салчихна. Тэр бүрт нь ахиж авмаар санагддаг байж билээ. Аав минь надад тэр тоглоомыг авч өгөхөд би хязгааргүй их баярлана. Миний баяр хөөртэй, аз жаргалтай төрхийг харах гэсэн шиг цалингаа буухаар л миний хүү яамаар байна, цаанаа бол “тэр тоглоомоо авна биз дээ миний хүү?, аав нь хүүгээ баярлуулмаар байна шүү дээ” гэж байгаа мэт асуудагсан. Миний аав одоо ч гэсэн “миний хүүгийн тоглодог байсан хүн тоглоом” гэж их ярьдаг юм. Арван жилд байхдаа ээж, ааваасаа мөнгө авах тохиолдол алийг тэр гэхэв. Дандаа л хэд гурван төгрөг салгаж авна. Заримдаа ч аав чи тэр мөнгөөр яах гээв гээд л уцаарлана. Зарим үед ааваас мянган төгрөг аваад гарах гэхэд өгөхгүй. “чи тэр мөнгөөр яах гээв” гээд л... Би ч баахан гомдсон хүн л гараад явна. Тэгээд орой нь гэртээ орж ирэхэд “май миний хүү, энүүгээр дуртай юмаа аваарай” гээд мянга ч биш бүр таван мянган төгрөг өгдөг байлаа. Өгөхдөө аавыгаа уучлаарай гээд аргадаж байгаа мэт санагддаг байж билээ. Дараа нь бодоход “би хүүгээ яах гэж тэгэв дээ. Ганц хүүгээсээ хэдэн бор цаас харамлаж байгаа юм шиг муухай загналаа даа. Хэрэгтэй байсан мөнгө нь байхгүй, миний хүү одоо яаж байгаа бол доо? Аавдаа гомдож байгаа даа” гэж өдөржингөө л шаналж хоцордог байсан шиг. Яг л тэгсэн юм шиг гэрийн үүдээр орж ирэнгүүт л “май миний хүү” гээд л мөнгө өгч хүүгээ үнэрлэнэ. Миний аавын “хүү минь” гэсэн агуу их сэтгэлийг ойлгъё гэхэд бага насны минь сайхан дурсамжуудын нэгээхэн хэсэг болсон энгийн энэ хоёр тохиолдлыг л санахад хангалттай байдаг юм. энэ бүхний цаана уран үгээр ч тайлбарлахын аргагүй агуу их утга учир ауулагддаг билээ.
Ийм л сайхан хоёр бууралтай хүн дээ би. Хоёр буурлыгаа эрүүл саруул, урт, удаан наслаж хүүгийнхээ дэргэд аз жаргалтай амьраасай л гэж хүсдэг. Та хоёртоо хяззгааргүй их хайрта шүү, үр нь. Та хоёрынхоо тухай бичиж байхдаа, бид гурвын хамтдаа туулж өнгөрүүлсэн тэр сайхан дурсамжуудыг эргэн санахдаа нулимс дуслуулснаа нуугаад яах билээ. Ингэхдээ та хоёрынхоо хайр, энэрлийг улам их мэдэрлээ дээ хүү тань....
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






