Үзэсгэлэнт бүсгүйн хөрөг танаа...
Өөдөөс минь хараад үл ялигхан инээмсэглэх үзэсгэлэнт бүсгүйн хөрөг танаа... Үелзсэн нарийн хуруугаараа өөрийг минь илбэж дулаацуулаад, өнгө өнгийн бодлоор солонгорох харц чинь надад ямархан ер бусын үлгэр хүүрнэнэм...
Үзэсгэлэнт бүсгүйн хөрөг надаас өөр дээр нь сахал зураад өгөөч гуйлаа. Үгүй дээ, гэж би сандрангуй хариулсан ч. Өгөөч... өгөөч гэж ахин дахин хашгирна. Зурагнаас сонсдох хашгираан зүрхэнд хүрдэг нь үнэн. Яагаад, яагаад гэж асуух бүрийд гоо байдлаас айж байна, айж байна гэж хариулна.

Хүн төрөлхтөн өөрийн дотор нуугдан буй тэр араатанлаг, атаархангуй шинж чанараа далдаас далд хийж хураадагч, хэн нэгэн байхгүй газар түргэхэн гаргаж ирчихээд тэвдүүхэн далд хийдэг гэнэ. Бүсгүйн хөрөг олон жилийг хүйтэн хананд өлгөгдөж өнгөрөөхдөө өнөөх нуугдсан араншинг нь олноос олон, олноос олон удаа эдлэсэн гэнэм.
Эгэл даруухан, эрхэмсэг хатагтай эрх танхилаар алхаж явахдаа, ийш тийш болгоожмлон ажингаа үзэсгэлэнт бүсгүйн нүүрэн тушаа үгээгүй муухайгаар балбадаг гэнэм. Үзэсгэлэнд нь атаархсандаа тэр гэнэ. Эр бяраа гайхуулсан эрхэмсэг язгуурт ноёнтон ч нар сар хүрээгүй нандин сайханд нь хүрдэг гэнэ. Үзэсгэлэнд нь бялуурсандаа тэр гэнэ. Бүсгүйн хөрөг үргэлжид амьдарсаар, амьсгалсаар байдгийг мэдээгүй, мэдрээгүйдээ тэр байх.
Бүсгүй гоо үзэсгэлэн гэгчээс залхжээ. Түүнийг эгэл жирийн хүмүүсийн адил байхад нь төгс гоо сайхан нь түүнийг үгүй хийж, үгүйрсэн хойно нь уйтгарт уран зураг болоход хүргэж, уран зураг болчихоод “уйлж суухад” хүргэсэн. Үзэсгэлэн төгөлдөр гэдэг ийм хор уршигтай шиг, басхүү үгүй шиг...
Дэлхийн гоо үзэсгэлэн шаргал үст Мерлин Монро, Диана гүнж нарыг үхэлд хүргэсэн шалтгааныг зөвхөн “төгс гоо сайхантай” нь холбон тайлбарладаг биш үү.
Үзэсгэлэнт бүсгүйн хөрөг өөдөөс минь харж инээгээд, үелзсэн нарийн хуруугаараа өөрийг минь таалан илбээд үзэсгэлэн гоог минь үгүй хий, үгүй хий гэж уйлан хайлан хашгирнам. Түүнийг би тайтгарууланхан, толгойг нь мөрөн дээрээ тавиад нулимсыг нь арчилаа. Би зураг болон уусах шиг, эсвэл тэр хүн болон амилах шиг.
Ай даа, амьд бишийг нь хүртэл ингэж зовоодог үзэсгэлэн гоо чи өөртөө үхлийн үр юунд нуунам.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







