Ажилдаа ирэх зам – “Ээлжит очер 330”


Ажилдаа ирэх зам өдрөөс өдөр ирэх тусам дулаахан, өнгөлөгхөн болно. Гэвч сэтгэл өвтгөсөн асуудлууд гудам бүрийн үзүүрт хүйтэн царай гарган биднийг отон зогссоор. Ажилдаа ирэх зам аймшигтай, арчаагүй харагдана.

Өнөөдөр өглөө ажлын цаг эхэлмэгц ахмадыг цагаан сараас хойш “чилээсэн” өнөөх сая төгрөгийн гурав хуваасны нэг буюу 330 мянган төгрөг олгогдож эхэллээ. Замд таарсан Хадгаламж, Капитал банкуудын гадаа хөлтэй хөлгүй, “нүдтэй, нүдгүй”, доголон, таягтай  таяггүй гээд бараг л хэвтэрт орсон хөгшин хүртэл хэзээ банкны үүдээр хамраа цухуйлгахаа ч мэдэхгүй дарааллан зогсоно. Дарааллын эхэнд зогссон хүмүүс хашгиралдаж, орилолдож, хаана ч гаргаагүй зовлонт царайгаа гарган бие биенээ түлхэж байх юм. Дарааллын дундуур зогссон хүмүүс эхэнд зогссон хүмүүс хэрхэн тэмцэлдэж байгааг хараад, удахгүй бидний цаг ирэх нь дээ хэмээн хүлээн, чухам аль хэсгээр шахаж орвол илүү түргэхэн орох вэ? гэж, нэг ёсондоо “тагнуул” хийн зогсоно. Дарааллын хамгийн сүүлд зогсох хүмүүс самар цөмж, хоорондоо  ярьж инээлдэн зогсоно. Ай, хөөрхий дарааллын эхэнд очих цагаар эмгэд, өвгөд маань инээлдэхээ мартаад, бас л өнөөх хэд шигээ бие биенээ түлхэж, үзэн ядалтын харцаар биенээ ширтэх байх даа.

“Ээлжит очер 330” ахмадын гэх тодотголтой дарааллын хажуугаар “Очер 21”-ийн залуучууд мэр сэр харагдана. Цагаан сараар л  ууцныхаа мөнгөнд төсөвлөсөн байсан хэдэн цаасаа тав, зургаа, долдугаар саруудад 330 мянгаар хувааж авах “сайн мэдээ”  дуулсан ахмадууд. Сарынхаа хэрэгцээний 21 мянган төгрөгийг ахмадуудтай “ноцолдож” байж авах гэсэн залуучууд. Социализмын үед картын бараанд дарааллан зогсдог байсан гэж одоо дурсаад байгаа бид, хэдэн жилийн дараа “Хүний хөгжлийн мөнгөнд” түүнээс ч илүү “очер” үүсдэг байлаа гэж түүхэнд бичигдэх юуны магаддаа.

Юутай ч санхүүжилт байхгүй гэж орон нутгийн иргэд 21 мянгаа авч чадахгүй байхад, урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчээр ахмадад олгох 330 мянгаа “цацаад” эхэлчихлээ. Саяхан л “Дөрөвдүгээр сард сая төгрөг олгохоор шийдвэр гаргалаа. Гэхдээ мөнгө нь байдаггүй. Үүнийг л шийдэх үлдлээ” гэж цэнхэр дэлгэцээр хээв нэг хэлж байсан тэд хаанаас энэ их мөнгийг олоод тараагаад эхлэсэн нь сонин. Хэдэн “хөгшиний” магнайг тэнийлгэчихээд, маргаашнаас санхүүжилт байхгүй ээ гээд инээгээд зогсож байхаар л “туйлбаргүй” хэдэн нөхөд. Дарааллын хамгийн сүүлд самар цөмж, инээлдэж зогсоо хөгшид уйлаад л үлдэх байхдаа, хөөрхий. Ахмад буурай нар минь ямар тоглоом бишдээ, тоглоом биш.

Ингээд л ажилдаа ирэх зам ихийг бодуулж, ихэд сэтгэл зовним тийм нэг бараан, саарал үүлс  хучин авсан мэт айдастай зам болждээ. Маргааш, түүний маргааш, маргаашийн маргааш энэ замаар явсаар л байх болно. Өнөөх шувуу жиргэж, нар инээсэн зам минь хаа одовдоо?  

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.