Их нүүдлийн хөтөч

 

Хөрөг

Дөрвөн улирал шиг, дөрвөлжин бурам шиг хүүхэн байна аа гэж настангууд шинэ бэрийг сонжинхон ярьж ээ суудаг сан. Д.Оюунхорол докторын хувьд олон түмний танил болсоор хорь гаруй жилийг үзэж, Ардын нам, ачлалт төрийн албанд зүтгэсээр арав гаруй жилийг үдсэн хашир, дөлгөөн, хатан сүйхээтэй улс төрч болж төлөвшсөн өндөрлөгөөс өнөөдөр би намтар юугий нь үзэж, танилцаж, уншиж, бодож сууна.

Устай голын намагт шигддэггүй, мөстэй өндөрийн салхинд шидэгддэггүй тийм нэгэн шинж төрхтэй хайрханы тухай уншиж суухдаа ийм нутагт төрсөн хүн мөн азтай яа, монголын хаахна нь энэ үлгэрийн юм шиг жавдан бат хадгалаатай байж он цагийг үдээд, өнөө ч мөн л заяа тавилангаараа хойч үедээ шүтэгдэж байдаг юм бол гэж үлгэрт дурладаг хүүхэд насныхаа гэнэн зангаар нөгөө судраа дахин дахин эргүүлж уншив аа. Тэнгэрлэг цагт, тэргүүлэгч хөвгүүн, охидыг гэгээрэл, соёл боловсролд урин залсан улаан залаатай гэгээнтэнүүд амьдарч асан ахуй нутаг өнөө ч янзаараа зүлэг ногоон хэвнэг дээрээ, эмээлтэй морь нь цулбуураа хөглөрүүлэн идээшлэж, хоньчин бүсгүй гүүргийн дуу хадаан, хотны банхар хөв хөв хуцаж, аргалын утаа цэнхэр суунаг татуулан өртөөлж, энэтэйх хот айлд гийчин ирсэнийг зарлах мэт цагаан алчуур зулайдаа ороосон бүсгүй цайны дээжээ тэнгэртээ, хайрхандаа, онгод сахиуснуудад өргөнө. Тийм л  нэгэн дэлгэр цагаар Д.Оюунхорол гишүүнтэй дөрөө харшуулан сурвалжлах ажлаа амжуулах хувь тохиов оо.

Нөгөө домогт гардаг уулын орон бол Отгонтэнгэр хайрхан байсан. Тийм л тэнгэрийн цагаар олон сайхан хүмүүст үе улиран амьдарч, олон түмнийхээ хайр найрыг эдэлж, сэтгэлээ хуваалцан,  аж төрсөөр өнөө хүрчээ. Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат абугайн маань илэн далангүй нөхөрсөг яриатай, удаах төрийн тэргүүн Н.Багабандийн ширээ тойрон эргэлдэх алаг нүд, ухаан ширээлэн бичсэн олон номнууд юун түрүү Отгон хайрханаас авшгийг авч төрсөний  ачлал, хайр хүндэтгэл, олон түмний итгэл сэтгэлийг орхиогүйн зөв мөр болж уншигдаж байна.

Тийм нэгэн олон түмний таалалд нийцэж төрийн хэргийг гурвантаа түшиж яваа хүн бол Дуламсүрэнгийн Оюунхорол бээр мөн юм аа. Өглөгч сэтгэл л хүнийг өгөөмөр болгодог, өөрийгөө мартан бусдын төлөө санаа чилээх бол өглөгч зангийн хамгийн анхны суртахуун юм даа гэж олон сумдад үзүүлж буй  туслалцаа, хөрөнгө оруулалт , хөгжил дэвшилд тэмүүлэх хүслийн галыг дэврээж буй ярианаас нь ойлгов.

“Оюунхорол оо, нохой хориорой, гийчин уяан дээр бууж байна” гэх залуу эхийн уянгатай  цээл хоолой, уяралтай нүдний харцыг хараад би:

  • Энэ нутагт бүсгүй хүүхэддээ “Оюунхорол” нэрийг олонтаа өгдөг байх нь ээ, хүүхдүүдээ Оюунхорол шиг доктор болоосой гэж, Оюунхорол шиг захирал болоосой гэж, Оюунхорол шиг Төрийн түшээ болоосой гэсэн эцэг, эхчүүдийн нууцхан хүсэл энэ морины цулбуур бариад зогсож буй сурагч охидын найз нар юм байна даа гэж санаашрав.

Олон түмний төлөөх сэтгэл оосоргүй

Ороо морийг оосорлон ногтолж болно. Оюуны цаламд орсон оюун ухаан, эрдэм номыг асгаж үл болно. Бидний буугаад мордсон бор гэрийн настан ингэж  ярьсан сан. Д.Оюунхорол гишүүнийг ирээд буцахын зуурт л энэ хэдэн хот айлд тань унших шинэ ном, үзэх кино, ярих сэдэв,  явах суух явдал үйл гээд түмэн ажил нэг л эрчимтэй үүсээд эхлэнэ. Холын хүнээс үг сонсож, хотын сонин дуулалгүй л  яахав гэхдээ манай гишүүн, малчдын хоршоо, хөдөлмөрөө хорших, хүн эмнэлэг, эмийн хангамж, тэтгэвэр тэтгэмж, тэжээл арчилгаа гээд ярихгүй сэдэвгүй олон мэдээлэл хүргэж ирнэ ээ.

Завхан аймагт сүүлийн 10 гаруй жилд байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн нь эндээс Их хурлын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдтэй зайлшгүй холбоотой. Тэр дундаа эрх баригч намын Удирдах зөвлөлд багтаж, УИХ-ын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, асуудал шийдвэрлүүлэх эрх мэдэлд ойр байдаг Д.Оюунхоролын оролцоо, нөлөө ихээ гэж Дуламсүрэнгийн ярьсан үнэн аж. Эрх мэдэлд ойр байх нь суманд, сонгогчдод асуудлаа шийдүүлэхэд дөт  зам мөн юм байна.  Д.Оюунхорол гишүүний шууд оролцоо, нөлөөгөөр Их-Уул сумын 10  жилийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллежийн өргөтгөл, Дөрвөлжин сумын 100 хүүхдийн дотуур байр, Тэлмэн сумын соёлын төв, Чигэстэй, Жаргалант багийн  100 хүүхдийн цэцэрлэг, аймгийн Нутгийн удирдлагын ордон гээд олон сайхан барилга байгууламж ашиглалтад орсон байна.     Удахгүй Түдэвтэй, Тосонцэнгэл сумдын сургуулиуд ашиглалтад орох аж.  Дараагаар нь   сумдын ЗДТГ-ын контор, сургууль, соёлын төвийн барилгууд гээд   1950-60-аад онд аж ахуйн аргаар модон хийцээр баригдсан барилгуудыг шинэчлэх төлөвлөгөө гаргажээ.  Дээрх барилгууд нурахад бэлэн болсон учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон байдаг.  Тйимээс эдгээрийг нурааж, шинээр бариулахаар   хөөцөлдөж эхэлсэнийг сумдын Засаг дарга нар хуучилж байна.

Уулс  байрандаа байгаа атлаа бараа сүр нь улам л тодрон, томорч, өглөөд цайны дээж өргөдөг ээжүүд өөр болсныг харах гээд хараа чилээгээд байгаа юм шиг санагддаг тэр янзаар уулын бүсгүй Оюунхоролыг ирэх бүрийд хуран цуглаж, явах бүрийд санаашран хүлээдэг нутгийн зон олон “ тэр нэг янзаараа, хэзээний бидний сэтгэлд нийцдэг, тэр зангаараа” гэж хуучилж байлаа.

Цагийн цагт монгол түмний харааг баясган ханхайн байдаг Очирваань хайрханы бэлд нялх янзага өвс сорчлон идэх явах цагаар ирээдүйн дуудлага болсон Ардын намын мөрийн хөтөлбөрийг айл хотоор орж сурвалжилж явахдаа олонд танигдсан хүнтэй ханьсан явахад сонин сайхан зөндөө их байв аа.

Хүн малын амар жаргалангийн орон монголд маань хаврын сүүл сар болж, их мөрөн цөнгөө түрж, Орхон, Сэлэнгэ минь саваа халин омгорхож байхад улс төрийн давалгаанд олон сайхан өнгө зүс, илүү эерүү зан төрх ирж буй нь юутай жавхлантай вэ?

Гэрийн гадуур нялх ногоо сэмлэн идэж хурга, ишиг тоглон байгаа шиг их амьдралд маань шинэ улс төр эхэлж, их нүүдлийн өмнөх шиг хаа сайгүй л бэлдэж байна даа.

Хүүхнүүд нүүдлийн хөтөч болж, төрийн хэрэгт нялхас, өтгөс, эхчүүдийн эрх ашиг давамгай тусгагддаг болбол сонголт хийсэн миний, таны та бидний хэрэг бүтэх сэн.

Сүрэнгийн Оюунчимэг 2012.05.17

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.