Л.Цогзолмаа: “Ханийн маань эгч миний төөрч төрсөн ээж байгаа юм”
Монголын соёл урлагийн ертөнцөд хүндтэй гавьяа байгуулсан төрийн шагналт, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн ярилцлагыг хүргэж байна.
Хөт Б.Л - Та бид хоёр нэг аймгийн хүн. Таныг Манзуширийн хийд рүү морин тэргэнд суучихсан хөөрхөн охин явдаг байсан гэж настайчуул дурсах дуртай. Ер нь, та хэр бурханлиг хүн бэ? Танд бурхан ойрхон байдаг уу?

Мэдээж. Би л бурханд ойрхон байж таарна. Бурханд итгэдэг, байдаг гэж боддог.
Хөт Б.Л – Тэгвэл та уулга алдахдаа юу гэж хэлдэг вэ?
Ээ бурхан минь гэдэг байх аа.
Хөт П.А – Нэг үеийг чимж байсан таны талаар хүмүүс илүү олон зүйл мэдэхийг хүсч байгаа болов уу? “Цогт тайж”-ийн тэр сайхан гүнжийн дүрийг хэрхэн бүтээх болов. Энэ талаар эргээд дурсахгүй юу?
Уг нь, энэ дүрд Рэнцэнноров тоглох ёстой байсан юм. Хүүхэд нь хагалгаанд орсон болохоор надад аз тохиосон хэрэг л дээ. Тэр үед би чинь хөгжимчин байлаа. Дөнгөж театрт орж ирээл байсан үе. Кино гэдэг сайхан юм аа. Хүний залуу нас мөнхөрдөг. Залуу нас өөрөө их сайхан. Харамсалтай нь, хурдан өгөрөх юм даа.
Хөт Б.Л – Таны үеийнхэн дотроос Ичинхорлоо гуайн хувь заяаг их гайхаж явдаг. “Гоолингоо” дууг сонсох бүртээ л энэ гунигтай хувь заяаны тухай боддог юм?
Ичинхорлоо, Ядамсүрэн гуай гайхалтай хос байсан. Ичинхорлоо гуай жаахан халчихаараа л Ядамсүрэн гуайн Манжуур руу явж хэлэлцээр хийх үедээ станц бүр дээрээс бичдэг байсан ил захидлуудыг нь харуулаад л уйлдаг байж билээ. Тэгээд уйлахдаа шанзаа дараад л дуулна. Тэр хоёрын Дарханд уулзан тэврэлдэж авахуулсан зураг байдаг юм. Дөнгөж Манжуураас ирээд хил дээр уулзаж байгаа үеийнх нь. Ядамсүрэнг хил дээрээс бариад явчихсан юм аа. Хамгийн сүүлд хэлсэн үг нь “Чи харьж бай. Санаа зоволтгүй” гэсэн байгаа юм. Буцаж ирээгүй л даа. Тэр үед чинь Дэнсмаа гуайн нөхөр хүртэл хэлмэгдэж байлаа. Дэнсмаа гуайг Засгийн газраас өршөөл гуйж шатнаас нь биеэрээ өнхрөөд уначихсан.
Хөт Б.Л – Монгол аялгуу монгол хүн бүрийн цус маханд шингэсэн байдаг. Зарим хөгжмийн зохиолч “Учиртай гурван толгой”-г Ц.Дамдинсүрэн биш Смирнов бичсэн гэдэг яриа гарсан. Та тэр үед байсан хүн. Анхны Нансалмаад биш юм аа гэхэд та Монголын хоёр, гурав дахь нь яах аргагүй мөн. Тэгэхээр яг хэн нь бичсэн юм бол?
Дамдинсүрэн бичсэн байлгүй яахав дээ. Смирновын хувьд зөвлөж, хэлж өгч байсан болохоос биш бүгдийг нь Дамдинсүрэн бичсэн юм шүү.
Хөт Б.Л – Дамдинсүрэнг амьд байхад нь үүнийг дуулиан болгоод сэтгэл санаагаар их унагасан. Үхэл том цагаатгал учраас нас барснаас нь хойш энэ яриа тасарсан?
-Гарцаагүй Дамдинсүрэнгийнх гэдгийг нь амьд гэрчийн хувьд баталж чадна.
Хөт П.А – Таныг саксофон хөгжим үлээдэг гэж сонссон юм байна?
-1940 онд манай улсад цирк байгуулахаар Оросоос мэргэжилтнүүд ирсэн юм. Тэдний хөгжмийн удирдагчаар Галбирн гэдэг хүн ирээд нэг их гоё гялалзсан гаанс шиг хөгжим өгөөд тогло гэсэн. Тэгээд сурсан хэрэг.
Хөт Б.Л – Сайхан хүүхэнд та дуртай юу, дуртай. Чи дуртай юу, дуртай. Хамгийн сүүлд нь сайхан хүүхэн сайхан хүүхэндээ л дургүй байдаг юм гэхээр л үзэгчид алга ташаад сүйд болоод явчихдаг байсан. Ер нь энэ үнэн үү?
Жаахан атаа жөтөө, бие биенээсээ дутахгүй байх гэдэг бодол эмэгтэй хүнд байдаг л байлгүй дээ. Сайхан зүйлийг хараад амархан сайхан гэж хэлж чадахгүй бол ямар сэтгэлтэй хүн болж хувирах вэ.

Хөт П.А – Б.Лхагвасүрэн гуайн бичсэн “Тамгагүй төр” жүжигт эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүний алганы хээг дагаж бөмбөрсөн сувд гэж гайхалтай сайхан зүйрлэсэн байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Эмэгтэйчүүддээ захихад сайн хань гэдэг их чухал. Өнчин би их сайн ханьтай учирсандаа их баярлаж явдаг. Аавын маань оронд аав, ээж, хань болно. Тийм учраас хань ижлээ зөв сонгож авна эдэг их чухал юм шүү.
Хөт Б.Л – Тэгвэл эмэгтэй хүн сонгодог уу? Сонгогддог уу?
-Аль аль нь байдаг байлгүй. Ханийн маань эгч дурлал гэдэг айхтар зүйл гарсан юм биз дээ гэж байсан юм. Дурлал гэдэг чинь тэгээд сохор, доголон ч байсан хамаагүй суучихдаг юм уу гэж асууж билээ.
Хөт П.А – Орчин үеийн гэр бүлийн амьдралыг харж байхад эдийн засгийн асуудлаа гол болгоод байна уу гэж ажиглагддаг. Энэ талаархи таны бодол?
-Бидний үеийн хүмүүсийн эдийн засгийн ухаан муу байсан юм уу даа гэж боддог. Тийм учраас хайр сэтгэлээрээ л холбогдож гэр бүл болцгоодог байсан даа.
Хөт Б.Л – Чимид-Осор гэж гайхалтай жүжигчин байлаа. Түүний “Зуны нартай өглөө” гэдэг дуу танд зориулагдсан гэсэн?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Өөрөө надад зориулсан гэж хэлээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Харин намайг сонирхдог байсан тал бий. Гэхдээ би нэг их сүрхий байгаагүй л даа. Надад сайн байсан нь бол үнэн. Хөдөөний малчин хүүхэнд зориулсан гэж өөрөө нэг удаа хэлж байсан юм байна шүү.

Хөт П.А – Эмэгтэй хүн хэнд ч хэлээгүй нууцаа тээж явдаг. Энэ нь эмэгтэй хүний тавилан мөн үү? Та юу гэж боддог вэ?
-Эмэгтэй хүнд байдаг л асуудал. Харин байсан хүн бүртэйгээ гэр бүл болж чадахгүй шүү дээ. Эмэгтэй хүн бүрт сэтгэлд нь үлдсэн хайр сэтгэл гэж байдаг байх.
Хөт П.А – Таны өнгөрүүлсэн амьдрал цаг хугацаа өөрөө үлгэр дуурайлал. Дахин хэзээ ч давтагдахгүй гайхамшигтай орон зай гэж боддог?
-Эмэгтэй хүн эмэгтэйгээрээ л байх хэрэгтэй. Зарим охин эрэгтэй хүн шиг болчихсон байдаг шүү дээ. Хүнийг хайрлах, энхрийлэх, хүний амьдралын нугалааг мэддэг байх хэрэгтэй л дээ. Ардын үгэнд сайн эм цуглуулдаг, муу нь тараадаг гэж байдаг. Тиймээс эмэгтэй хүн эр нөхрөө халамжилж ах дүү хамаатан садантай нь эвлүүлж түлхүүрдэж байх ёстой. Эмэгтэйчүүд чинь их ялихгүй зүйлд баярладаг юм шүү дээ. Их сайхан амттай хоол болж гэж хэлэхэд л баярлачихдаг.
Хөт Б.Л – Урлагт цаг наргүй ажилладаг эмэгтэйчүүдийг цалгар эх гэж ярьдаг.
-Би ер нь их зав муутай ээж байсан даа. Миний ханийн эгч бүх хүүхдийг маань өсгөсөн. Тэр бүү хэл ач, зээ нарыг маань хүртэл өсгөж өгсөн. Тэр хүн байгаагүй бол би өдий зэрэгтэй явж чадахгүй байсан. Тийм ч учраас тэр хүн миний төөрч төрсөн ээж минь байгаа юм.
Хөт П.А – Мандухайн дүрийг таны охин Н.Сувд бүтээсэн. Энэ дүрд хэрхэн тоглосон гэж дүгнэдэг вэ?
-Би эхлээд Мандухайн дүрийг авсан гэхээр нь их айж байсан. Бүр чадахгүй болов уу даа гэж бодож байсан юм шүү дээ. Сувд маань бусдыгаа бодвол жаахан хэнэггүй талдаа хүн. Гэхдээ яах вэ, санаснаас сайн тоглосон болохоор баярладаг.
Хөт П.А – Таныг их сайхан инээмсэглэдэг гэдэгтэй олон хүн санал нэгддэг?
-Хүмүүс манай гэрийнхнийг худлаа инээдэг гэдэг. Гэхдээ хүн худлаа инээгээд байхыг хүсэхгүй шүү дээ. Цаанаас нь л заяасан байхгүй юу.
Хөт Б.Л – Эмэгтэй хүн насан туршдаа сайхан харагдаж байгаад дуусах дуртай, эрэгтэй хүн бяртай байж байгаад үхэх донтой гэдэг. Энэ үнэн болов уу?
-Ямар ч эмэгтэй хүн биеэ сул хаячихаад яваад байхгүй. Архи уучихсан эрэгтэй хүнийг нэг их гайхаж хараад байдаггүй. Тэгсэн хэрнээ согтуу эмэгтэйг хачин их хараад байдаг. Эрэгтэй хүнийг дагуулах хүч чадал эмэгтэй хүнд л байдаг гэж боддог. Франц эмэгтэйчүүд нөхөртөө муухай харагдахгүйн тулд үргэлж буддаг, япон хүүхнүүд нөхөртөө хаягдахгүй гэсэндээ үргэлж хоолоор торддог, монгол эмэгтэйчүүд энэ хаашаа явдаг юм гээд унтаад өгдөг онигоо бий. Онигоо ч гэсэн үнэний хувьтай гэж би боддог.
Хөт П.А – Эмэгтэй хүнд маш сайхан гоо үзэсгэлэн хэрэгтэй юу эсвэл боловсрол, оюун ухаан хэрэгтэй юу. Та юу гэж бодож байна вэ?
-Хичнээн гоё байгаад ухаан муутай бол хүнд тийм сайхан харагдахгүй л дээ. Миний хувьд ухаантай байсан нь дээр юм болов уу гэж бодож байна. Сэтгэлийн сайхан нь гадагшаа гарвал гоо үзэсгэлэн болдог гэж боддог хүн дээ.
Хөт Б.Л – Хар багаасаа нөхөрлөсөн найз биеийн өрөөсөн тал болчихдоггэж ярьдаг. Саяхан миний хайртай эгч, таны дотны найз төрийн соёрхолт Дашдулам гуай бурхны оронд очлоо. Тэр хүний дайтай шанз тоглох хүн бурхны оронд хэрэгтэй байсан байж болно. Энэ хэд хоног таньд хэцүү байсан байх?
-Өглөө сэрээд л нүдээ нээхэд заавал бодогддог. / нулимс унагав /
Хөт Б.Л – Та Монголын маргааш мандан гарах наранд хандаж юу хэлэх вэ?
-Одоо төрж байгаа залуус их буянтай юм. Бүхий л зүйл нь боломжтой, хийе гэсэн зүйлс бүгд л нээлттэй болж. Ер нь, одоо эзэн хүнээс л бүх зүйл шалтгаална. Тийм учраас эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хүмүүстээ хэлмээр байна. Бүгдээрээ л эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, хөдөлмөрлөж, бие биенээ үргэлж хайрлаж, хамгаалж яваасай гэж хүсч байна.
Хөт Б.Л – Ярилцлагынхаа төгсгөлд бидэндээ удаан харагдаарай гэж ерөөе.
-Баярлалаа та нарын ажил үйлс өөдрөг байх болтугай.
Эх сурвалж : Монгол тулгатны зуун эрхэм, цуврал №8 – “Ардчилал” үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





